
Засгийн газар хуралдаж байна. Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.
- “Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлэх тухай”
- “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”
- Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих тухай,
- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Аялал жуулчлалын анхдагч хуулийн төслийн танилцуулгыг хийсэн. Уг хуулийн төслийг баталснаар аялал жуулчлалд саад болж буй нислэгийн давтамж, тийзний үнэ, визийн хөнгөлөлт зэргийг шийднэ гэдгийг Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм.
Өмнөд Солонгос улсын засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой аж. Мөн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчин 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.
Тус шийдвэр энэ сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх юм.
Үүний дагуу “МИАТ” ТӨХК Өмнөд Солонгосын Канвон мужийн Яньян олон улсын нисэх буудал руу захиалгат нислэг үйлдэж эхэлжээ. Тодруулбал, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Канвон мужийн Яньян чиглэлд үйлдэх анхны захиалгат нислэг аравдугаар сарын 25-ны 11:53 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" нисэх буудлаас хөөрсөн байна.
БНСУ-ын Засгийн газар багаар аялах Монгол иргэдийг Яньянаар дамжуулан визгүй нэвтрүүлэх журам баталсны дагуу “МИАТ” энэ долоо хоногоос 2023 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл Бямба гариг бүр Яньян олон улсын нисэх буудлын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарагдах бөгөөд дараах шаардлага тавигдах аж. Тодруулбал,
- Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
- Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиа компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
- Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
- Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
- Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.
Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр Өмнөд Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана гэж БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ.
БНСУ-руу визгүй нэвтрүүлэх журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндэсний бодлогын хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Welcome to Mongolia” уриа үгийг ашиглахаар тогтсон. Үүний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад чиг үүргийн холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагууд олон улсад эх орноо сурталчлах маркетингийн ажлыг эрчимжүүлээд байгаа билээ.
Глобалчлал, технологийн хөгжлөөр дамжуулан хүмүүс дэлхийн хаанаас ч аль ч орны аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг харьцуулах, үзэх газраа хайх, аяллаа баталгаажуулах, амрах газраа судлах илүү боломжтой болж байгааг цар тахлын үеэрх өөрчлөлт бидэнд харуулж байна. Ковид-19 цар тахлаас өмнө дэлхий дахинд онлайнд суурилсан худалдаан авалт, захиалга 40 гаруй хувьтай байсан бол өнөө цагт энэ тоо 70 орчим хувь болж өссөн тоон судалгаанаас үзвэл цахим шилжилт эрчимтэй явагдаж байгаагийн илрэл юм.
Үүний хүрээнд Монголын аялал жуулчлалын салбарын цахим шилжилтийн анхдагч түүчээ нь болж яваа Туризм Партнерс ХХК-иас хэрэгжүүлж буй төсөл болох гадаадын жуулчдад зориулсан Монголын хамгийн анхны багц аяллын MongolianTours.com платформыг нээгээд байна.
Одоогоор тус платформ нь хятад, орос, англи, япон, солонгос гэсэн таван хэлний сонголттой байгаа ба эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх албан ёсны ангиллын гэрчилгээ, зөвшөөрлөө авсан Монголын 30 гаруй тур оператор компаниудын 200 орчим аяллын хөтөлбөрүүдийг нэгтгэсэн. Ийнхүү “Монголд зочлох жил” уриалгын хүрээнд бид Олон улсын зах зээлд нийлүүлэх, сурталчлан таниулах хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Цаашид Монгол улсын язгуур эрх ашгийг дээдлэн, нэр хүндийг өсгөх, тур оператор компаниудын борлуулалтыг дэмжих, загвар, хайлтын илэрц, контентууд, маркетинг сурталчилгаан дээрээ илүү анхаарч тасралтгүй үе шаттай хөгжүүлэхээр ажиллаж байна.
Гадаадын жуулчдын монгол оронд аялах мөрөөдлийг бодит болгох, хялбархан аяллаа төлөвлөх, захиалга баталгаажуулах болон Монгол улсын тухай нэгдсэн ойлголтыг нийтлэл, влог, блог, зөвлөмж, мэдээллийг MongolianTours.com -оос авах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Бүтээлч үйлдвэрлэлийн нэгдсэн форумаар Монголчуудын оюун санааны нэгдмэл байдал ба үндэсний нэгдмэл үнэт зүйл, бүх нийтийн соёлын боловсрол, Монгол улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг дэмжин хөгжүүлэх арга зам, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөцийн удирдлагын асуудал сэдвийн хүрээнд илтгэл болон хэлэлцүүлгүүд, салбар хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.
Хэнтий аймгийн Чингис хотод зохиогдож буй зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Мөн цар тахлын үеийн болон дараах Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Орос-Украины дайны хор уршгаас үүдэлтэй гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөө, өнөөгийн бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон. Эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, онцгойлон анхаарч, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эрх зүйн шинэ орчин бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарынхантай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Үр дүнд нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барихаар болоод байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Хуулийн төсөлд хэд хэдэн онцлог зохицуулалтыг багтаажээ. Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгох, цахим виз нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, нэгдсэн стандарт тогтоох, бүсчилсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох, хил орчмын аялал жуулчлалыг тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх, жуулчдын худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцааж олгох, аялал жуулчлалын сан байгуулах зэргийг тусгажээ.
“Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг чухалчилж байна. Эрх зүйн орчин тодорхой болмогц төр, хувийн хэвшил хамтраад нэгдсэн бодлогоор урагшлах нь чухал. Боомтын сэргэлтийн хүрээнд Бичигт, Хавирга, Ульхан боомтын дэд бүтцийг сайжруулснаар жуулчин татах боломж бүрдэнэ. Зүүн гурван аймагт аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Төр, хувийн хэвшлийнхэн одооноос төвлөрч ажиллах шаардлагатай”-г Ерөнхий сайд хэллээ. Мөн хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг Засгийн газар бодлогоор дэмжинэ. Улаанбаатар хотоос иргэдийг татах, сэдэлжүүлэхэд орон нутгийн төрийн байгууллага илүү санаачилга гаргах учиртайг тэмдэглэв.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан, үе шаттай хэрэгжүүлнэ. Зүүн бүсэд төр-хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, олон бүтээн байгуулалт өрнөнө. Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбоно. Чингис хааны аялал жуулчлалын цогцолборын нээлт ирэх оны дөрөвдүгээр сард Хэнтий аймагт болно гэлээ.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн онцлог байдалд түшиглэсэн аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа явуулах боломжийг бодит ажил болгох, брэнд бий болгож гадаад, дотоодод сурталчлахад төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа гарц, шийдэлд хүрэх нь энэ удаагийн зөвлөгөөний гол зорилго ажээ. Тухайлбал, Талын түмэн адуу, Ганга нуурын чуулган, Сэцэн хааны ордон музей, Чингис хааны үеийн холбогдолтой түүхэн газруудад түшиглэсэн цогцолборуудад аялагчдыг татах бүрэн боломжтой гэдгийг зөвлөгөөнийг зохион байгуулж буй БОАЖЯ, Соёлын яамныхан тэмдэглэж байлаа.
2022 оны 11-р сарын 21-ний өдөр, Улаанбаатар хот - АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицоход онцгой анхаарал хандуулах замаар Монголын ард иргэдийг байгалийн гамшигт бэлэн байх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад туслах зорилго бүхий гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх, 7.2 тэрбум төгрөгийн (2.1 сая ам. доллар) санхүүжилттэй төслийг эхлүүлж байна.
USAID болон “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлэх “Уур амьсгалд тэсвэртэй орон нутаг” төсөл нь Монгол улсын хот, хөдөөгийн ард иргэдийг цаг агаарын эрс тэс үзэгдэл, байгалийн гамшиг, малын өвчний дэгдэлтийн үед аюулгүй байх, амьжиргааг хамгаалахад дэмжлэг үзүүлэх юм.
АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нээлтийн үеэр “Монгол бол байгалийн гамшигт өртөмтгий орон бөгөөд харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлт эдгээр үзэгдлийн давтамж, ноцтой байдлыг нэмэгдүүлж байна” гээд, “Энэхүү шинэ төсөл нь Монголын ард иргэдийг байгалийн гамшигт бэлэн байх, хариу арга хэмжээ авахад нь туслах зорилготой ба тус агентлагаас амжилттай хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүд дээр тулгуурласан төсөл юм” хэмээн нэмж хэлжээ.
АНУ-ын ОУХА нь гэр бүл, эд хөрөнгө, мал сүргийг гамшгаас хамгаалах чиглэлээр орон нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран ажиллана. Төслийн хүрээнд газар хөдлөлт, ган, зуд, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг ослын үед ард иргэдийн бэлэн байдлын бэлтгэл, хариу арга хэмжээ авахад дэмжих зорилгоор яаралтай тусламж, анхны тусламж, гамшгийн төлөвлөлтийн талаар сургалтууд зохион байгуулна. Мөн энэ төслийн хүрээнд хээрийн мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар малчидтай хамтран ажиллах юм.
АНу-ын ОУХА-аас орон нутгийн удирдлагуудтай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрүүдийг 2010 оноос хойш хэрэгжүүлж байгаа ба нийт 30 гаруй тэрбум төгрөг (ойролцоогоор 9 сая ам. доллар)-ийн санхүүжилт олгоод байна.
АНУ-ын ОУХА нь хүний амь насыг аврах, ядуурлыг бууруулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, улс орнуудад тусламж үзүүлэхийн сацуу хөгжил дэвшилд ахиц гаргахад нь туслах олон улсын хөгжлийн болон хүмүүнлэгийн хүчин чармайлтыг тэргүүлэгч байгууллага юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монголд ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх, зах зээлд илүү тулгуурласан, төрөлжсөн эдийн засгийг дэмжин ажиллаж байна. ОУХА болон түүний хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Эх сурвалж: МОНГОЛ УЛС ДАХЬ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Эрх зүйн орчин нь эдийн засгаа дэмждэг байх ёстой. Тийм ч учраас аялал жуулчлалын тухай хууль нь салбарын эрх зүйн орчныг тодорхой болгох, эдийн засгийг дэмжих, гадаад дотоодын жуулчдыг дэмжихэд оршиж байна. Мөн аялал жуулчлал болон үйлчилгээний стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ.
Аялал жуулчлалыг дэмжихийн тулд;
- Визийн хөнгөлөлт
- Нислэгийн тийзний тарифыг багасгах
- Жуулчдыг татах Монгол Улсын онцлогийг шингээсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоход төрийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлэх
- Аялал жуулчлалын салбарыг хариуцлагажуулах гэх мэт олон талд анхаарч, зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр Монголын аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл г.м бусад мэргэжлийн холбоод, салбарынхан төрийн байгууллагынхантай хамтран оролцож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга"- ын төслийг өнгөрсөн хавраас салбарынхан болон бусад салбарынханаар хэлэлцүүлсэн бөгөөд ийнхүү эцэслэгдлээ.
Өнгөрсөн 7 хоногт БОАЖ-ын Сайд болон ХЗДХ-ийн Сайд нар хуулийн үзэл баримтлалыг баталсанаар 2022.11.23-ны өдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаанаар оруулж, улмаар УИХ-д өргөн барихаар боллоо.
Засгийн газрын хуралдаанд Аялал жуулчлалыг дэмжих багц хуулийн төслүүдийг ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР танилцууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хууль зүй, дотоод хэргийн яам