ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс руу хөрш орнуудаас аялахад хямд өртөгтэй болж байна. Өнгөрөгч долоо хоногт Вагнер бүлгэмтэй холбоотой үйл явлдлаас болж рублийн ханш огцом унасан бөгөөд төгрөгтэй харьцах рублийн ханш 33-35 төгрөг болж буурчээ.
Өнгөрөгч 7 хоногт Улаанбаатар хотын валют арилжааны цэгүүд рубль худалдаж авахаа больсон бөгөөд “Найман Шарга” хаагдах үед рублийн ханш хамгийн ихдээ найман нэгжээр унасан байна.
Өнөөдрийн /2023/06/26/ байдлаар рублийн ханш бага зэрэг тогтворжиж 37-39 төгрөгтэй тэнцэж байгаа юм.
Сануулахад, ОХУ-Монголын жуулчдын урсгал нь Төгрөг-Рублийн харьцах ханшнаас шууд хамаардаг бөгөөд рублийн ханш чангарсан үед Орос жуулчид Монгол руу аялалд гардаг бол төгрөгийн ханш чангархад эсрэгээрээ.
Тиймээс, Оросын дотоод улс төрийн нөхцөл байдал тогтворжих үед Монголын жуулчдын урсгал нэмэгдэх нь ойлгомжтой юм.
Монгол Улсын засгийн газар 2023-2025 оныг “Монголд Зочлох Жил” болгон зарласантай холбогдуулан, энэ жилд 1 сая жуулчин хүлээж авах зорилтыг тавиад байгаа билээ.
2023 оны 01-р сарын 01-ээс 06-р сарын 20-ны өдрийн хооронд нийт 283,340 жуулчид хүлээж авах зорилтыг БОАЖЯ тавиад байсан бөгөөд энэ хугацаанд Монгол улсад 223,680 жуулчид хүрэлцэн ирсэн байна. Зорилт 78.94 хувьтай биелэсэн талаар яамнаас мэдэгдлээ.
Монгол улсад энэ онд зочилсон жуулчдын ихэнх хувийг ОХУ, БНХАУ, БНСУ, Казакстан болон Япон улсын иргэд бүрдүүлж байна. ОХУ-аас нийт жуулчдын 49.41% буюу 110,529 БНХАУ-аас 18.39% буюу 40,000 орчим жуулчин хүрэлцэн иржээ.
Энэ оны 9-р сард Улаан-Үүд хотод “Байгаль Олон улсын нисэх онгоцны цогцолбор”-ыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденовын хэлсэнээр, Олон улсын нисэх онгоцны буудлын шинэ терминалийн ашиглалтад орох хуваарь төлөвлөсөн хугацаанаас 1 сарын өмнө байгаа бөгөөд барилгын ажил энэ оны 3-р сард эхэлсэн гэжээ.
Шинэ терминал нь нийт 6,600 мкв талбай бүхий 2 давхар барилга бөгөөд Буддын шашны сүмтэй төстэй архитектурын дизайнийг шингээж өгчээ. Энэхүү төслийг гүйцээхэд 3.1 тэрбум рублийн өртөг шингэсэн байна.
Уг шинэ терминал нь цагт 600 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд ингэснээр жилд 700,000 орчим жуулчид Байгаль нуурд зочлох боломжтой болж байгаа юм.
Одоогоор Улаан-Үүдээс Монгол улс руу л чиглэсэн олон улсын нислэг үйлдэгдэж байгаа бөгөөд шинэ онгоцны буудал ашиглалтад орсноор Монголоос гадна, Хятад улс цаашлаад зүүн өмнөд азийн орнууд руу нислэг үйлдэх боломжтой болох юм.
ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандал (MAB) хөтөлбөр нь Дэлхийн 9 улсад 10 шинэ Шим мандлын нөөц газар, 2 улсад 1 хил дамнасан Шим мандлын нөөц газар байгуулахыг зөвшөөрчээ. Ийнхүү Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээ нь одоо 134 орны 748 газар, түүний дотор хил дамнасан 23 газрыг нэгтгээд байна.
Шим мандлын нөөц бол НҮБ-ын Шинжлэх ухааны агентлаг болох ЮНЕСКО-гийн бүрэн эрхийн тулгуур багана юм. Шим мандлын нөөц газар бүр биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хөдөө аж ахуйн экологи, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд орон нутгийн шинэлэг шийдлүүдийг дэмждэг юм.
6-р сарын 12-15-ны хооронд ЮНЕСКО-гийн төв байранд ЮНЕСКО-гийн гишүүн 34 улсаас бүрдсэн Хөтөлбөрийн удирдах байгууллага болох Хүн ба Шим мандал (MAB) хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөл хуралдаж нийт 11 газрыг шинээр бүртгэсний дунд Монгол улсын Хэнтий аймгийн Дадал суманд харьяалагдах Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулжээ.
МОНГОЛ УЛС: ОНОН-БАЛЖИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАР
Онон-Балжийн шим мандлын дархан цаазат газар нь Дагуурын тал, Онон, Балж голын ай сав газрыг хамарсан Сибирийн болон бортгон шилмүүст ойн өмнөд захад оршдог. Эндхийн экосистемийн үндсэн төрлүүд нь Хэнтийн нурууны тайга/бореаль шилмүүст ой, тал хээр, бэлчээрийн нөөц болон цэнгэг ус юм.
Онон-Балжийн шим мандлын дархан цаазат газар нь зөвхөн намгархаг газар, усны шувуудын цугларах цэг төдийгүй Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан Чингис хаантай холбоотой соёлын дурсгалт газруудаар дүүрэн байдаг.
Шим мандлын нөөц нь соёлын аялал жуулчлалыг ихээр татдаг бөгөөд байгальд ээлтэй, олон нийтэд түшиглэсэн эко аялал жуулчлал нь мөн хөгжиж буй салбар юм.
Онон-Балжийн цогцолборт газрын хамтаар шинээр Дэлхийн Шим мандлын сүлжээнд элссэн бусад газрууд:
- Камеруун: Корупын ширэнгэн ой
- Төв Африкийн Бүгд Найрамдах улс: Зүүн хойд дархан цаазат цогцолбор газар
- Колумб: Трибуга-Купица-Баудо
- Герман: Дромлинг
- Индонез: Бантимурун Булусаранг-Ма Рупанне
- Кени, Уганда: Элгон уул
- Пакистан: Читрал Башкар Гармчаш
- Пакистан: Галли
- Перу: Бисентенарио-Аякучо
- Танзани: Руфижи-Мафи-Кибити-Килва
Төрийн өмчит МИАТ компани орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа хямд үнээр нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт “Орон нутгийн нислэгийн тийзийн үнийг 2-2.5 дахин хямдруулж байна. Ингэснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ.
Мөн Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гээн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гарна” гэжээ.
Нислэгийн хуваарь, тарифыг танилцуулж байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх өнөөдөр /06/13/2023/ Прага дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрээр ирэх жилүүдэд Монгол улсад зочлох Чех жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаар ярьжээ. Одоогоор Монгол улсад жилдээ 1000 гаруй Чех хүн зочилдог юм.
Өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн Чехийн иргэд Монгол Улсад 2025 он хүртэл 1 сарын хугацаатай визгүй зорчдог болсон. Монгол улсад Европын орнуудаас хамгийн олон буюу 12,235 Чех хүн амьдардаг гэдгээрээ онцлогтой.
Уулзалтын үеэр БНЧУ-ын Аялал жуулчлалын агентлагуудын холбооны захирал Михал Вебер Прага-Улаанбаатарын хооронд шууд нислэг удахгүй нээгдэнэ гэж мэдэгдлээ.
Чех аялагчдыг Монголд татдаг гол зүйлсийн нэг бол загас агнуур юм.
Саудын Арабын Хаант Улсын Аялал жуулчлалын яамны сайд Ахмед Аль-Хатебын мэдэгдсэнээр тус улс ирэх арван жилийн хугацаанд 800 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбарт оруулна гэсэн байна.
Өнгөрөгч Ням гарагт болсон Араб-Хятадын бизнес эрхлэгчдийн 10 дахь удаагийн бага хурлын үеэр Аль-Хатеб хэлэхдээ, аялал жуулчлал нь Саудын Арабын ДНБ-ий 4,5%-ийг эзэлж байгаа нь 2019 оныхотой харьцуулахад 3%-иар өссөн үзүүлэлт гэжээ.
Тэрээр 2030 гэхэд ДНБ-ий 10 хүртэлх хувийг аялал жуулчлалаас бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгааг нэмж хэлсэн байна.
Мөн Хятадын хөрөнгө оруулагчдыг Саудын Арабын Хаант улсад хөрөнгө оруулах урьд өмнө байгаагүй таатай нөхцөл хүлээж байгааг дуулгажээ.
Египет, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг батжуулах, Монголын жуулчдыг Египет улс руу зочлох урсгалыг нэмэгдүүлэх болон хоёр улсын аялал жуулчлалын хувийн салбарын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэлгэрүүлэх боломжийг судлах онлайн хурал зохион байгуулахаар боллоо.
Египет, Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор тус улсын Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн дэд сайд Гада Шалаби Монгол Улсаас Каир хотноо суугаа Элчин сайд Булганы Энхтүвшинтэй уулзлаа. Тус яамны Аббасия дахь төв байранд болсон уулзалтаар аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголоос Египетийг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.
Уулзалтын үеэр дэд сайд Шалаби, Элчин сайд Энхтүвшинг халуун дотноор угтан авч, Египет, Монгол хоёр улс олон жилийн түүхтэй, сайн харилцаатай байдгийг онцлов. Тэрээр цаашдаа ирж буй аялал жуулчлалыг дэмжих яамны стратеги болон аялал жуулчлалын шинэ зах зээлийг судлах санаачилгын талаар ярилцав. Шалаби аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
Элчин сайд Энхтүвшин энэ жил Египет, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглээд, Египетийн аялал жуулчлалын салбарын арвин туршлагаас Монголын тал суралцах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд хоёр тал Египетийн хувийн аялал жуулчлалын салбар болон Монголын түншүүдийн хооронд виртуал хурал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.
Тус хурал нь хоёр талын аялал жуулчлалын чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, санал солилцохыг дэмжих зорилготой юм. Египет, Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр улсын хувьд тун бололцоотой бөгөөд энэ нь жуулчдын тоо, орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй соёлын солилцоог идэвхжүүлж, дипломат харилцааг бэхжүүлэх болно.
Египет улс аялал жуулчлалын тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа тул засгийн газар аялал жуулчлалын зах зээлээ төрөлжүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татахыг эрмэлзсээр байна. Монгол Улстай хамтран ажиллаж байгаа нь Египетийн аялал жуулчлалыг Зүүн Азид хөгжүүлэх шинэ гарц нээж өгч байгаагаараа энэ чиглэлд чухал алхам болж байна.