СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УЛААН-ҮҮДИЙН ШИНЭ ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ 9-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО

Энэ оны 9-р сард Улаан-Үүд хотод “Байгаль Олон улсын нисэх онгоцны цогцолбор”-ыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденовын хэлсэнээр, Олон улсын нисэх онгоцны буудлын шинэ терминалийн ашиглалтад орох хуваарь төлөвлөсөн хугацаанаас 1 сарын өмнө байгаа бөгөөд барилгын ажил энэ оны 3-р сард эхэлсэн гэжээ.

Шинэ терминал нь нийт 6,600 мкв талбай бүхий 2 давхар барилга бөгөөд Буддын шашны сүмтэй төстэй архитектурын дизайнийг шингээж өгчээ. Энэхүү төслийг гүйцээхэд 3.1 тэрбум рублийн өртөг шингэсэн байна.

Уг шинэ терминал нь цагт 600 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд ингэснээр жилд 700,000 орчим жуулчид Байгаль нуурд зочлох боломжтой болж байгаа юм.

Одоогоор Улаан-Үүдээс Монгол улс руу л чиглэсэн олон улсын нислэг үйлдэгдэж байгаа бөгөөд шинэ онгоцны буудал ашиглалтад орсноор Монголоос гадна, Хятад улс цаашлаад зүүн өмнөд азийн орнууд руу нислэг үйлдэх боломжтой болох юм.

ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН СҮЛЖЭЭНД “ОНОН БАЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР” НЭГДЭВ

ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандал (MAB) хөтөлбөр нь Дэлхийн 9 улсад 10 шинэ Шим мандлын нөөц газар, 2 улсад 1 хил дамнасан Шим мандлын нөөц газар байгуулахыг зөвшөөрчээ. Ийнхүү Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээ нь одоо 134 орны 748 газар, түүний дотор хил дамнасан 23 газрыг нэгтгээд байна.

Шим мандлын нөөц бол НҮБ-ын Шинжлэх ухааны агентлаг болох ЮНЕСКО-гийн бүрэн эрхийн тулгуур багана юм. Шим мандлын нөөц газар бүр биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хөдөө аж ахуйн экологи, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд орон нутгийн шинэлэг шийдлүүдийг дэмждэг юм.

6-р сарын 12-15-ны хооронд ЮНЕСКО-гийн төв байранд ЮНЕСКО-гийн гишүүн 34 улсаас бүрдсэн Хөтөлбөрийн удирдах байгууллага болох Хүн ба Шим мандал (MAB) хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөл хуралдаж нийт 11 газрыг шинээр бүртгэсний дунд Монгол улсын Хэнтий аймгийн Дадал суманд харьяалагдах Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулжээ.

МОНГОЛ УЛС: ОНОН-БАЛЖИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАР

Онон-Балжийн шим мандлын дархан цаазат газар нь Дагуурын тал, Онон, Балж голын ай сав газрыг хамарсан Сибирийн болон бортгон шилмүүст ойн өмнөд захад оршдог. Эндхийн экосистемийн үндсэн төрлүүд нь Хэнтийн нурууны тайга/бореаль шилмүүст ой, тал хээр, бэлчээрийн нөөц болон цэнгэг ус юм.

Онон-Балжийн шим мандлын дархан цаазат газар нь зөвхөн намгархаг газар, усны шувуудын цугларах цэг төдийгүй Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан Чингис хаантай холбоотой соёлын дурсгалт газруудаар дүүрэн байдаг.

Шим мандлын нөөц нь соёлын аялал жуулчлалыг ихээр татдаг бөгөөд байгальд ээлтэй, олон нийтэд түшиглэсэн эко аялал жуулчлал нь мөн хөгжиж буй салбар юм.

Онон-Балжийн цогцолборт газрын хамтаар шинээр Дэлхийн Шим мандлын сүлжээнд элссэн бусад газрууд:

  • Камеруун: Корупын ширэнгэн ой
  • Төв Африкийн Бүгд Найрамдах улс: Зүүн хойд дархан цаазат цогцолбор газар
  • Колумб: Трибуга-Купица-Баудо
  • Герман: Дромлинг
  • Индонез: Бантимурун Булусаранг-Ма Рупанне
  • Кени, Уганда: Элгон уул
  • Пакистан: Читрал Башкар Гармчаш
  • Пакистан: Галли
  • Перу: Бисентенарио-Аякучо
  • Танзани: Руфижи-Мафи-Кибити-Килва

ОРОН НУТГИЙН 9 ЧИГЛЭЛД ТИЙЗИЙН ҮНИЙГ 2-2.5 ДАХИН ХЯМДРУУЛЖЭЭ

Төрийн өмчит МИАТ компани орон нутгийн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа хямд үнээр нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт “Орон нутгийн нислэгийн тийзийн үнийг 2-2.5 дахин хямдруулж байна. Ингэснээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэнэ.

Мөн Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гээн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох ажилд ахиц гарна” гэжээ.

Нислэгийн хуваарь, тарифыг танилцуулж байна.

 

МОНГОЛ УЛСАД ИРЭХ ЧЕХ ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЭНЭ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх өнөөдөр /06/13/2023/ Прага дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн байна. Тэрээр ирэх жилүүдэд Монгол улсад зочлох Чех жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа талаар ярьжээ. Одоогоор Монгол улсад жилдээ 1000 гаруй Чех хүн зочилдог юм.

Өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн Чехийн иргэд Монгол Улсад 2025 он хүртэл 1 сарын хугацаатай визгүй зорчдог болсон. Монгол улсад Европын орнуудаас хамгийн олон буюу 12,235 Чех хүн амьдардаг гэдгээрээ онцлогтой.

Уулзалтын үеэр БНЧУ-ын Аялал жуулчлалын агентлагуудын холбооны захирал Михал Вебер Прага-Улаанбаатарын хооронд шууд нислэг удахгүй нээгдэнэ гэж мэдэгдлээ.

Чех аялагчдыг Монголд татдаг гол зүйлсийн нэг бол загас агнуур юм.

 

САУДЫН АРАБ ОЙРЫН 10 ЖИЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ 800 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

Саудын Арабын Хаант Улсын Аялал жуулчлалын яамны сайд Ахмед Аль-Хатебын мэдэгдсэнээр тус улс ирэх арван жилийн хугацаанд 800 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбарт оруулна гэсэн байна.

Өнгөрөгч Ням гарагт болсон Араб-Хятадын бизнес эрхлэгчдийн 10 дахь удаагийн бага хурлын үеэр Аль-Хатеб хэлэхдээ, аялал жуулчлал нь Саудын Арабын ДНБ-ий 4,5%-ийг эзэлж байгаа нь 2019 оныхотой харьцуулахад 3%-иар өссөн үзүүлэлт гэжээ.

Тэрээр 2030 гэхэд ДНБ-ий 10 хүртэлх хувийг аялал жуулчлалаас бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгааг нэмж хэлсэн байна.

Мөн Хятадын хөрөнгө оруулагчдыг Саудын Арабын Хаант улсад хөрөнгө оруулах урьд өмнө байгаагүй таатай нөхцөл хүлээж байгааг дуулгажээ.

ЕГИПЕТ УЛС МОНГОЛ УЛСТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛЖ БАЙНА

Египет, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг батжуулах, Монголын жуулчдыг Египет улс руу зочлох урсгалыг нэмэгдүүлэх болон хоёр улсын аялал жуулчлалын хувийн салбарын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэлгэрүүлэх боломжийг судлах онлайн хурал зохион байгуулахаар боллоо.

Египет, Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор тус улсын Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн дэд сайд Гада Шалаби Монгол Улсаас Каир хотноо суугаа Элчин сайд Булганы Энхтүвшинтэй уулзлаа. Тус яамны Аббасия дахь төв байранд болсон уулзалтаар аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголоос Египетийг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх талаар ярилцсан байна.

Уулзалтын үеэр дэд сайд Шалаби, Элчин сайд Энхтүвшинг халуун дотноор угтан авч, Египет, Монгол хоёр улс олон жилийн түүхтэй, сайн харилцаатай байдгийг онцлов. Тэрээр цаашдаа ирж буй аялал жуулчлалыг дэмжих яамны стратеги болон аялал жуулчлалын шинэ зах зээлийг судлах санаачилгын талаар ярилцав. Шалаби аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Элчин сайд Энхтүвшин энэ жил Египет, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглээд, Египетийн аялал жуулчлалын салбарын арвин туршлагаас Монголын тал суралцах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд хоёр тал Египетийн хувийн аялал жуулчлалын салбар болон Монголын түншүүдийн хооронд виртуал хурал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.

Тус хурал нь хоёр талын аялал жуулчлалын чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, санал солилцохыг дэмжих зорилготой юм. Египет, Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр улсын хувьд тун бололцоотой бөгөөд энэ нь жуулчдын тоо, орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй соёлын солилцоог идэвхжүүлж, дипломат харилцааг бэхжүүлэх болно.

Египет улс аялал жуулчлалын тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа тул засгийн газар аялал жуулчлалын зах зээлээ төрөлжүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татахыг эрмэлзсээр байна. Монгол Улстай хамтран ажиллаж байгаа нь Египетийн аялал жуулчлалыг Зүүн Азид хөгжүүлэх шинэ гарц нээж өгч байгаагаараа энэ чиглэлд чухал алхам болж байна.

ХЯТАДЫН ЦАЙНЫ СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньру: “Ази, Европыг холбосон эртний Их Цайны Зам нь Хятад Монголын ард түмний найрсаг харилцааны олон жилийн түүхийг тэмдэглэж байна” гэж тэмдэглэн хэлсэн байна.

Шаньши мужийн цайны соёл, уран зураг, аялал жуулчлалын газруудыг үзэсгэлэнд дэлгэн харуулжээ. Үзэсгэлэнгийн үеэр цайны амталгаа, цайны ёслол, Хятадын уламжлалт цай чанах үйл болон бусад зүйлсийг үзүүлэх юм.

 

Дөрвөн өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь БНХАУ-ын Соёл, Аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зохион байгуулж буй “Цай эв эе, Яажигийн Соёлын үзэсгэлэн” цуврал арга хэмжээний нэг хэсэг юм.

ТАВ, ЗУРГААДУГААР САРД ЕВРОП РУУ АЯЛАГЧДЫН АНХААРАЛД

Европ даяар бага цалин болон хөдөлмөрийн нөхцөл тааруу байгааг эсэргүүцсэн ажил хаялт 5, 6-р саруудад болох гэж байна гэж Евроньюс агентлаг мэдээллээ. Тиймээс Европ руу дээрх хугацаанд аялал хийхээр төлөвлөж байгаа жуулчдад болон аялалын компаниудад зориулж доорх мэдээллийг хүргэж байна. 

ИТАЛИ: Үндэсний хэмжээнд нийтийн тээврийн ажил хаялт

 5-р сарын 26-ны баасан гарагт Итали улс даяар 24 цагийн хугацаатай бүх нийтийн ажил хаялт болохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд автобус, гал тэрэгт, трамвай, метро зэрэг нийтийн тээврийн үйл ажиллагаанд саатал гарах өндөр магадлалтай. Орон нутгийн болон бүс нутаг хоорондын төмөр замын үйлчилгээ ч мөн дээрх ажил хаялтад оролцох эсэх нь тодорхойгүй байна.

ФРАНЦ: Тэтгэвэрийн эсрэг жагсаал үргэлжилж байна

Франц улс даяар тэтгэвэрийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхийн эсрэг үйлдвэрчний эвлэлүүд тасралтгүй тэмцсээр байна. Ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентын санал хураалтгүйгээр өөрчлөлтийг хийхээр шийдсэний дараа улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Парис хотод эмх замбараагүй байдал үргэлжилж жагсагчид цагдаа нартай мөргөлдөөн үүсгэж байна.
6-р сарын 8-нд болох Францын парламентын Үндэсний ассамблейн чуулганы өмнө 6-р сарын 6-ны өдрийг үйлдвэрчний эвлэлүүд орон даяар эсэргүүцлийн шинэ өдөр болгон зарлалаа. Ажил хаялт, эмх замбараагүйн түвшин Францын хотуудад өөр өөр байгаа ч Парист нислэг, галт тэрэг цуцлагдах тохиолдлууд гарч, аялал жуулчлалын газрууд эрт хаалгаа хааж байна.

БЕЛЬГИ: Брюссель хотод нийтийн тээврийн үйлчилгээ тасалдаж магадгүй

Бельгийн гурван томоохон үйлдвэрчний эвлэл энэ сарын 22-ны даваа гарагт ажил хаяхыг уриалсан. Тиймээс Брюсселийн тээврийн гол оператор STIB-MIVB метро, трамвай, автобусны хөдөлгөөнд саад учирхыг анхааруулж байна.

 

ИХ БРИТАНИ: Хитроу хотод ажил хаялт үргэлжилж байна

Хитроу дахь хамгаалалтын ажилтнууд 5-р сарын 25-ны Пүрэв гарагаас 5-р сарын 26-ны Баасан гараг хүртэл ажил хаялт зарлаж байгаа нь зөвхөн British Airways компанийн үйл ажиллагаа явуулдаг Терминал 5-д нөлөөлж байна. Дээрх хугацаанд нисэх онгоцны буудал ачаалал ихтэй байх төлөвтэй. Тиймээс нисэх онгоцны буудлын захиргаанаас зорчигчдыг аялахаасаа өмнө нислэгийнхээ статусыг шалгахыг зөвлөжээ. Зорчигчдыг ойрын нислэгээс хоёр цагийн өмнө, холын нислэгээс гурван цагийн өмнө ирэхийг анхааруулсан.

Шотланд: Глазгогийн нисэх онгоцны буудалд саатал гарч болзошгүй

Глазгогийн нисэх онгоцны буудалд хамгаалалтын ажилтнууд ажил хаях тухай яриа гарсан ч ажил хаялтын товыг зарлаагүй байна.

ИСПАНИ: Агаарын тээврийн болон нисэх онгоцны буудлын ажил хаялт

Испанийн агаарын тээврийн нисгэгчдийн холбоо (SEPLA) нь Air Europa авиа компанийн нисгэгчдийг  ажил хаях давалгаанд уриалж байна. Тэд 5-р сарын 22-оос 6-р сарын 1-2 хүртэл ажил хаях юм. Мөн SEPLA-г төлөөлж буй бусад авиа компани буюу Ryanair, Easyjet зэрэг Испанийн бусад агаарын тээврийн компаниуд энэ зун ажил хаялт хийх төлөвтэй байна. 

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ