КАТАРЫН ТАНХИМ МОНГОЛ УЛСТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Катарын танхим (QC) Монголын бизнесийн төлөөлөгчидтэй аялал жуулчлалын салбарт хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хооронд шууд агаарын тээврийн чиглэлийг нээх, жуулчны виз авах журмыг хөнгөвчлөх замаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа гэж Gulf Times сонин мэдээлэв.
Энэ тухай Катарын Танхимын Тэргүүн дэд дарга Мохамед бин Твар Аль Кувари Монгол Улсаас Катар Улсад суугаа Элчин сайд Пүрэвийн Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдлээ.
Тэргүүн дэд дарга Мохамед бин Твар Аль Кувари хэлэхдээ: “Катарын Танхим Монгол улстай аялал жуулчлал, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгааг дурдаад сүүлийн жилүүдэд Монгол Улсын аялал жуулчлалын дэд бүтцэд асар их бүтээн байгуулалт өрнөж, аялал жуулчлалын тэргүүлэгч орон болсон” гэв.
Катарын бизнес эрхлэгчид Монгол Улсад аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах боломж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй хөнгөлөлт, урамшууллын талаар мэдэх сонирхолтой байгааг онцлоод Катарын хөрөнгө оруулагчдад Монгол улсад хөрөнгө оруулах боломжуудын талаар судлахыг танхимаас дэмжин ажиллаж байгааг нотлов.
Харин Элчин сайд Пүрэвийн Сэргэлэн Монголын аялал жуулчлалын салбарын сүүлийн жилүүдэд хэрхэн хөгжиж байгаа талаар дурдаад, төлөөлөгчдийн Катарт хийж буй айлчлал нь Монголын аялал жуулчлалын салбарыг сурталчлах, Катарчуудыг Монголд зочлохыг уриалах зорилготой гэдгийг онцолсон байна.