Вьетнам улс хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийн тулд визний бодлогоо өөрчилж, гадаадын жуулчдад виз олгох журмаа сулруулахаар болжээ.
Тус улсын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас өргөн мэдүүлсэн шинэ хуулийн төслийн дагуу цахим визтэй хүмүүс Вьетнам улсад 90 хүртэлх хоног байх боломжтой болсон юм. Мөн визний шаардлагаас нэг талдаа чөлөөлөгдсөн улсын иргэдийн визгүй байх хугацааг 15 хоногоос 30 хоног болгон сунгаж байгаа гэнэ.
Вьетнам улс одоогийн байдлаар 25 орны жуулчдыг визний шаардлагаас аль хэдийн чөлөөлсөн бөгөөд 80 орны жуулчдад нэг сарын хугацаатай цахим виз олгодог юм.
Энэхүү бодлого нь цар тахлын дараачаар тус бүс нутгийн бусад улс орнуудын аялал жуулчлалын салбар дахь өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед гадаадын жуулчдыг татах зорилготой юм. Бодлого боловсруулагчид мөн энэхүү шийдвэрийг зөвхөн аялал жуулчлал гэлтгүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжийг эрэлхийлэхэд тус дөхөм болж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөдөлгөгч хүчийг бий болгоно гэж үзэж байна.
Вьетнам улсад энэ он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 1.8 сая гаруй гадаадын жуулчид ирж 3.6 тэрбум ам.долларын орлого олжээ. Тус улс энэ жил аялал жуулчлалын салбараас 27.3 тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьсан нь цар тахлын өмнөх үеийнхээс 90.3 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.
Аялал жуулчлалын салбар нь 2019 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 9.2 хувийг бүрдүүлж байсан бөгөөд 18 сая жуулчин ирж 30.2 тэрбум ам.долларын орлого олж байсан гэдгийг албан ёсны статистик мэдээллээс харж болно.
Монгол улс энэ он гарснаас хойш 76,068 гадаадын жуулчин хүлээн авсан бөгөөд ОХУ, БНХАУ, БНСУ-аас хамгийн их жуулчид хүрэлцэн ирсэн байна.
Монгол улсын засгийн газар цар тахалд хамгийн их нэрвэгдэж хохирсон аялал жуулчлалын салбарыг сэргээх арга хэмжээнүүдийг идэвхтэй авсаар байгаа юм. Тодруулбал, 2025 оныг дуустал 34 улсын иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаатай виз авах шаардлагагүйгээр Монгол улсад нэвтрэх боломжийг олгосон.
Түүнчлэн Монгол улсын засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд энэ онд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор 90 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол улс ойрын жилүүдэд гадаадын нэг саяас доошгүй жуулчин хүлээн авч аялал жуулчлалаас нэг тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьсан. Өнгөрөгч 2022 онд Монгол улсад 290,400 жуулчин зочилсон бөгөөд 350 сая ам.долларын орлого олж байсан юм.
Визийн шаардлагаас түр чөлөөлсөн улсын жагсаалт:
- Бүгд Найрамдах Австри Улс
- Бельгийн Хаант Улс
- Унгар Улс
- Бүгд Найрамдах Грек Улс
- Данийн Хаант Улс
- Испанийн Хаант Улс
- Бүгд Найрамдах Итали Улс
- Бүгд Найрамдах Латви Улс
- Бүгд Найрамдах Литва Улс
- Лихтенштайны Хант Улс
- Люксембургийн Их Гүнт Улс
- Бүгд Найрамдах Мальт Улс
- Нидерландын Хаант Улс
- Бүгд Найрамдах Польш Улс
- Бүгд Найрамдах Португал Улс
- Бүгд Найрамдах Словак Улс
- Бүгд Найрамдах Словени Улс
- Бүгд Найрамдах Финланд Улс
- Бүгд Найрамдах Франц Улс
- Бүгд Найрамдах Хорват Улс
- Бүгд Найрамдах Чех Улс
- Шведийн Хаант Улс
- Бүгд Найрамдах Эстони Улс
- Норвегийн Хаант Улс
- Бүгд Найрамдах Исланд Улс
- Швейцарын Холбооны Улс
- Бүгд Найрамдах Болгар Улс
- Ирланд Улс
- Бүгд Найрамдах Кипр Улс
- Румын Улс
- Монакогийн Хаант Улс
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
- Австралийн Холбооны Улс
- Шинэ Зеланд Улс
Руанда Улсын Хөгжлийн Зөвлөл Ахмадын Хөлбөмбөгийн Клубуудын ДАШТ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээг байгуулсан байна.
“Руандад зочил” кампанит ажлын хүрээнд хийгдсэн тус гэрээний дагуу дараагийн гурван удаагийн Ахмадын хөлбөмбөгийн клубуудын ДАШТ-ийг тус улсад хийхээр болж байна.
2024 оны 9-р сард анхны тэмцээн нь Руанда улсын нийслэл Кигали хотын Амахоро цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс 150 гаруй хөлбөмбөгийн домог болсон ахмад тамирчид оролцох төлөвтэй байна.
Руандагийн Хөгжлийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Клэр Акаманзи: “Энэ арга хэмжээг Руандад зохион байгуулах нь дэлхийд хурдацтай өсөж буй спорт аялал жуулчлал сонирхогчдыг улсдаа татах сайхан боломж болж байна. Энэ тэмцээн нь зөвхөн хөлбөмбөгийн хорхойтнууд төдийгүй, спортоор дамжуулан нөлөө үзүүлэхийг хүсэж буй олон мянган компани, брэндүүд, түншүүдийг татах болно. Түүнчлэн энэхүү тэмцээнийг зохион байгуулах нь олон Руандачуудыг орлого, ажлын байртай болгож байгаад баяртай байна”
Руанда улс Африк тивийн томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах спортын төв болох эрмэлзэлтэй. Албан ёсны мэдээллээр тус улс 2021 онд Спорт Аялал Жуулчлалаар 6 сая орчим ам.долларын орлого олжээ.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн Газар, Аялал Жуулчлал, Спортын яам хамтран 2023 оны 4-р сарын 26-27-нд Дэлхийн Спорт Аялал Жуулчлалын хоёр дахь удаагийн их хурлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү их хурал нь хурдацтай өсөн нэмэгдэж буй спорт аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийн шинэ санаа, шилдэг туршлагыг хуваалцах онцгой боломжуудыг хангадгаараа онцлогтой.
Энэ удаагийн их хурал “Тогтвортой байдлын төлөө Аялал Жуулчлал ба Спортын нэгдэл” хэмээх сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Спортын аялал жуулчлалын судалгаа, шинжилгээг гүнзгийрүүлэх, хурдацтай өсөн өсөн дэвжиж буй тус салбарын нөөц бололцоог тодорхойлох түүнчлэн үүсэж болох ойлголтуудыг дүгнэх, шинэлэг санаануудыг чиглүүлэх зэрэг зорилготой.
Спорт аялал жуулчлалын эдийн засагт үзүүлэх нөлөө, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үүднээс “Тогтвортой Хөгжлийн Зорилго”-т оруулах хувь нэмэр, Спортын арга хэмжээг зохион байгуулах, ивээн тэтгэлэг татах, сурталчилах зэрэг хэд хэдэн гол асуудлууд мөн хурлын үеэр яригдах юм.
Хурлын үеэр яригдах сэдвүүд:
- Эдийн Засгийн тогтвортой байдал: Спортын арга хэмжээнүүдийн нөлөөллийг хэмжих нь
- Спортын арга хэмжээ аяллын чиглэл, Маркетинг ба Сурталчилгаа
- Спортын ивээн тэтгэлэг ба арилжаа
- Спортын арга хэмжээнүүд дэх Чиглэлийн Менежментийн Байгууллагын сайн туршлага
- Нийгмийн тогтвортой байдал: Спорт аялал жуулчлалын хөгжлийн стратеги
- Хүрээлэн буй орчны тогтвортой байдал: Спорт аялал жуулчлал дахь саад бэрхшээлүүд
- Эрүүл мэнд, Спортын аялал жуулчлалын байгууллагуудын Инноваци ба Цахим шилжилт
Дэлхийн Спорт Аялал Жуулчлалын II Их Хурал Бүгд Найрамдах Хорват Улсын Задар хотод 2023 оны 4-р сарын 25-27-нд зохион байгуулагдана.
Малайз улс эдийн засгаа сэргээж, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Эрүүл мэнд, Эмчилгээний аялал жуулчлалын хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд тус улсын урдаа барих шилдэг дөрвөн эмнэлэг уг хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна.
Энэхүү хөтөлбөр нь тус улсын шилдэг гэсэн эмнэлгүүд өвчтөнүүддээ дээд зэргийн чанартай үйлчилгээ үзүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж, Малайзыг эрүүл мэндийн үйлчилгээний хамгийн найдвартай, итгэл даасан улс болгох байр суурийг бэхжүүлэх зорилготой гэж тус улсын Эрүүл мэнд, Эмчилгээний аялал жуулчлалын зөвлөл мэдэгджээ.
Үндэсний Зүрхний Хүрээлэн, Арлын эмнэлэг, Махота Эрүүл Мэндийн Төв, Субанг Жаяа Эрүүл Мэндийн төв гэсэн дөрвөн эмнэлэгийн дээрх хөтөлбөр дэх оролцоо нь Малайз улсын эрүүл мэндийн салбарыг 2025 он гэхэд Эрүүл мэнд, Эмчилгээний томоохон төв болох зорилгот хүрэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Малайз улсын Эрүүл мэнд, Эмчилгээний аялал жуулчлалын зөвлөл энэ салбарын өсөлтийг өөдрөгөөр тооцоолж байна. 2022 онд эрүүл мэндийн аялал жуулчлалаар 1.3 тэрбум рингит буюу 290 сая орчим ам.долларын орлого олсон нь цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 76%-д хүрэх үзүүлэлт юм. Тус улс Эрүүл мэнд, эмчилгээний аялал жуулчлалаар 2019 онд 1.7 тэрбум рингитийн орлоготой ажиллаж байжээ.
Уг хөтөлбөрийг олон улсад Малайз дахь эмнэлгүүдийг хүлээн зөвшөөрөхөд томоохон түлхэц болно гэж Эрүүл мэнд, Эмчилгээний аялал жуулчлалын зөвлөлийн Гүйцэтгэх захирал Мохд Дауд ярьсан байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 - 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос хөрш орон болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд МОНГОЛ - ОРОС тур оператор компаниудын хамтарсан форумыг зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт INBOUND үйл ажиллагаа явуулж буй 100 тур оператор компаниудыг 2023.02.06 өдрийн 18:00 цаг хүртэл бүртгэнэ.
Хугацаа: 2023.02.15-ны өдөр 08:00-18:00 цагт, Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно.
Холбоо барих: Г.Одонтуяа 91989008, Д.Энхцэцэг 99109816 -
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, БОАЖЯ нь Аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлгийг хийж байна.
Аялал жуулчлалын тухай хуульд нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн үндсэн агуулга өөрчлөгдөөгүй бөгөөд тус хууль нь 2002 оны аялал жуулчлалын харилцааг зохицуулах агуулга бүхий зохицуулалтуудтай хэвээр байна.
Судалгааны багийн боловсруулсан “Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ”-ний судалгаагаар Аялал жуулчлалын тухай хуульд Иргэний хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг 10 орчим хууль тогтоомжтой давхардсан 6 давхардал, 7 зөрчил, 10 хийдэл байна.
Аялал жуулчлалын тухай хуулийг дагалдан гарсан, мөн энэ салбарын харилцааг зохицуулж байгаа 20 орчим дүрэм, журам, стандартуудыг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байна.
Аялал жуулчлалын хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай нийгмийн хөгжил, дэвшлийн явцад бий болсон харилцаа болох жуулчны аюулгүй байдал, даатгал, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төрөөс үзүүлж санхүүгийн дэмжлэг зэрэг эрх зүйн харилцаанууд зохицуулалтгүй байна.
Хамгийн их хэлэлцүүлэгтэй, хамтын ажиллагаатай, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож боловсруулж байгаа Аялал жуулчлалын тухай хууль нь эдийн засгийн эргэлтийг сайжруулах, ДНБ-д эзлэх аялал жуулчлалын хувийг нэмэгдүүлэх, төрийн чиг үүргийг хэсэгчлэн болон бүхэлд нь мэргэжлийн холбоо, хувийн хэвшилд шилжүүлсэн бодлогыг агуулсан хууль болж байна.
• 90 хоногийн дадлагаа дуусгаж "Амар Зочлол" ХХК-с батламжаа гардан авч өнөөдрөөс эхлэн манай компаний үндсэн ажилтан болж байгаад халуун баяр хүргэж ирээдүйн ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! Амар багийн хамт олноос