Аялал жуулчлал, агаарын тээврийн хамтран ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд МИАТ ТӨХК “Аялал жуулчлалыг дэмжих тусгай тариф”-ыг танилцуулж, Монголын аялал жуулчлалын холбоотой санамж бичиг байгууллаа.
Бид энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.
-МИАТ компани аялал жуулчлалын компаниудтай яаж хамтарч, салбарын хөгжилд хэрхэн түлхэц өгч ажиллаж байна вэ?
-Өнөөдөр МИАТ компани, Монголын аялал жуулчлалын холбоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр байгууллага өнгөрсөн жилүүдэд тогтмол байнгын ойлголцолтойгоор хамтран ажилласаар ирсэн.
МИАТ компани аялал жуулчлалыг дэмжих үүднээс өнгөрсөн 2022 онд Аялал жуулчлалын тусгай тарифыг баталсан. Энэ тарифын хэрэгжилт төдийлөн сайн байсангүй. Өнөөдөр бид хаана, юунд алдав, яаж сайжруулах нь зүйтэйг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг хөгжүүлэх томоохон салбар нь аялал жуулчлал хэмээн тодотгон зарласан. Улмаар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон, нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аялал жуулчлалын болон агаарын тээврийн компаниуд хоорондоо ямар хамтын ажиллагааг өрнүүлэх, харилцан ашигтай байхад хэрхэн анхаарах талаар зөвлөлдөж байна. Үүнд аялал жуулчлал болон тээврийн салбарын аль алиных нь үүрэг, оролцоо маш чухал.
АНУ РУУ НИСЛЭГ НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
-Өнөөдөр гол сэдэв болгон хэлэлцэж буй тусгай тарифын талаар мэдээлэл өгөөч?
-Зуны ид ачааллын буюу 6, 7, 8 сард биш, бусад үеүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх орон зай дутагдаад буй. Зуны цагт буюу Монголын цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан 6-9 сард жуулчдын хөдөлгөөн тасардаггүй. Агаарын тээврийн компаниуд суудлаа гаргаж дийлэхгүй ачаалал үүсдэг. Үүнтэй холбоотойгоор бид аялал жуулчлалынхад зориулсан тусгай тариф гаргаж байна.
Тухайлбал, Монгол Улсад ирэх жуулчдад зориулсан өвлийн цагийн хуваарь гаргаж байгаа. Засгийн газрын бодлогын хүрээнд 2023 оны турш зохион байгуулах эвентүүдэд оролцох жуулчдыг хөнгөлөлттэй үнээр авчрах юм. Жуулчид зочид буудлуудад буух, хоол идэхээс эхлээд олон чиглэлд эдийн засгийн үр нөлөө үзүүлдэг.
2023 онд МИАТ компани 23 мянган цагийн нислэг хийж, 750 мянга орчим суудлыг зах зээлд гаргана хэмээн тооцож байна. Цар тахлын өмнөх оргил үед бид жилд 19 мянга орчим цаг нисэж байсан. Харин энэ жил даруй 4 мянган цагаар их буюу МИАТ компанийн түүхэнд байгаагүй том зорилт тавилаа.
Сөүл хотын чиглэлд долоо хоногийн 20 цагийн нислэг хийнэ. Долоо хоногт Франкфурт руу зургаа, Истанбул руу дөрөв, Бээжин рүү 11 нислэг хийхээр төлөвлөж байна.
Агаарын тээврийн либералчлал эрчимтэй байгаа энэ үед МИАТ компани бусад агаарын тээврийнхнийг дэмжих бодлогыг орхигдуулаагүй. Үүнээс гадна, ойрын ирээдүйд бид АНУ руу нислэг нээхээр төлөвлөж байна. 2024 оны нэг, хоёрдугаар улиралд тус нислэгийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2023 оны зуны ид ачааллын үеэс өмнө МИАТ компани өргөн биетэй онгоц авчирна. Энэ онгоцоор холын нислэгүүдийг хийнэ. Тэгэхээр онгоцны дутагдал үүснэ гэх ойлголт байхгүй болно.
Сөүл хотын чиглэлд долоо хоногийн 20 цагийн нислэг хийнэ. Долоо хоногт Франкфурт руу зургаа, Истанбул руу дөрөв, Бээжин рүү 11 нислэг хийхээр төлөвлөж байна.
-Тийзний үнэ бусад улсуудтай харьцуулахад өндөр байдаг гэх шүүмжлэл дагуулдаг.
-Жуулчдад зориулсан өвлийн цагийн хуваарийн тусгай тариф дундаж тарифаас 50 орчим хувь хямдралтай байх юм. Бид тийзний үнийг бүрэлдүүлдэг шатахуун, онгоцны түрээсийн асуудал дээр маш сайн ажилласан. 2022 оноос бид шатахууныг харьцангуй хямд үнээр авдаг болж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын дэмжлэгээр хуульд өөрчлөлт орсон.
Үүнтэй холбоотойгоор агаарын тээврийн компаниудын тийзний үнэ гаднынхтай харьцуулахад өндөр байгаа хэдий ч өмнөхөөсөө харьцангуй хямд үнээр шатахуун авч эхэлсэн. Жишээлбэл, Улаанбаатар-Истанбул чиглэлд тарифыг 1.8 сая төгрөг болгосон.
2022 оны дөрөвдүгээр сард МИАТ компани Улаанбаатар-Истанбул шинэ чиглэлийг нээхээс өмнө үнэ хамгийн хямд нь 3.8 сая байсан. Өнөөдөр энэ үнэ 1.8 сая болж, хоёр тээш ачаа авч явж болох хөнгөлөлтүүдийг ч зарласан. Энэ нь тийзний үнэ эрчимтэй буурч байгаагийн нэг жишээ. Бусад чиглэлүүдэд ч тийзний үнэ дагаж буурах төлөвтэй байна.
Энэ тарифыг ашиглах жуулчид тодорхой эвентэд оролцох зайлшгүй шаардлагатай, хамгийн багадаа дөрвүүлээ Монгол Улсад зорчих гэх мэт шаардлага бий.
-Санамж бичиг байгуулснаар тусгай тариф үйлчилж эхлэх үү. Хэзээнээс хэрэгжих вэ?
-Санамж бичгийн гол заалтад, тусгайлан ажиллахдаа гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллахыг тусгасан. Цаашдаа Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд МИАТ компани дэмжиж ажиллана гэх агуулгатай санамж бичиг юм. Ямар нэг гэрээ хийгдээгүй.
Санамж бичгийн хүрээнд Аялал жуулчлалын холбоотой тохироод, уулзаад, тал талын саналаа хэлэлцсэн. МИАТ компани өөрсдөд ашигтай талаа мөн харах ёстой. Аялал жуулчлалыг дэмжинэ хэмээгээд өөрсдөө алдагдалтай ажиллаж болохгүй. Бид харилцан ашигтай байдлаар ажиллана.
-Тусгай тариф заавал аялал жуулчлалын компаниар дамжин ирж буй жуулчдад хамаарах уу?
-Заавал компаниар дамжсан биш, бүх жуулчдад үйлчилнэ гэж ойлгож болно. Аль нэг компанид давуу эрх олгож болохгүй. Тэгэхээр бүгдэд нь эрх тэгш байдлаар тусгай тарифын үйлчилгээг зохицуулах шаардлагатай. Тиймээс тусгай тарифыг хэрэгжүүлэх журмыг танилцуулж буй. Энэ тарифыг ашиглах жуулчид тодорхой эвентэд оролцох зайлшгүй шаардлагатай, хамгийн багадаа дөрвүүлээ Монгол Улсад зорчих гэх мэт шаардлага бий.
Гадаадад сурч, ажиллаж, амьдардаг монголчууд эх орондоо найзыгаа авчрахад ямар хөнгөлөлт үзүүлэх вэ. Бид яагаад энэ хөнгөлөлтийг яриад байна вэ гэхээр, агаарын тээврийн бизнесийн онцлог нь хоёр зүйлээс шалтгаалдаг. Суудал дүүргэлт маш чухал. Хэрвээ суудал хоосон нисээд байвал ашиггүй, алдагдалтай байна. Суудал дүүргэлт сайн байвал бид үүнийг дагаад үнийг бууруулаад эхэлнэ. Үнийг бууруулж, суудлаа дүүрэн байлгах бодлого бий.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын хооронд агаарын тээврийн шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар хөндлөө. Мөн хоёр улс аялал жуулчлалын сурталчилгааг харилцан идэвхжүүлж, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах талаар тохиролцов.
Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны 3 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг Элчин сайдад гардуулан өгөв.
Уг өндөр хэмжээний уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцох бөгөөд бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг нэгтгэж, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой аж.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мөн БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг 3 дугаар сард Хөвсгөл аймагт зохион байгуулах “Хөх сувд” мөсний баярт урилаа
Шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Степпе Арена” Мөсөн өргөөнд 2023 оны гуравдугаар сард болно.
Мөн тус ДАШТ-ий өмнө Ази тивийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг “Степпе Арена”-д зохион байгуулах юм.
Финланд улсад 2022 оны 6 дугаар сард болсон Олон улсын мөсний хоккейн холбооны Их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-ийг Монгол Улсын нийслэлд зохион байгуулах шийдвэр гаргаж, зарласан билээ.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа хоккейн ДАШТ-ийг Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан, дөрвөн улирлын “Степпе Арена” ордонд 2023 оны 3 дугаар сарын 23-26-нд зохион байгуулах юм. Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д Монгол, Филиппин, Кувейт, Индонези улсын шигшээ багууд өрсөлдөнө.
Монгол Улс нь Олон улсын мөсний хоккейн холбоонд 1999 онд анх элссэн бол IV дивизионы ДАШТ-ийг 2023 онд зохион байгуулснаар тус дивизионы гишүүнчлэлийг авах юм байна.
Харин Азийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээн буюу Ази, Номхон далайн улс орнуудын 18 нас хүртэлх өсвөр насны залуучуудын шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 3 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд “Степпе Арена”-д явагдаж шилдгүүдээ тодруулах юм.
Олон улсын мөсөн хоккейн холбооны Ази Номхон далайн Стратеги төлөвлөлтийн бүлэг 2022 оны 10 дугаар сард Абу Даби хотноо гишүүн улс орнуудын холбоодын төлөөлөлтэй стратеги, улирлын бэлтгэл, үнэлгээ, зохицуулалтын талаар танилцуулсан хуралдааны үеэр Азийн залуучуудын хоккейн АШТ-ийг Монголд зохион байгуулах шийдвэр гаргасан байна.
Манай улсад болох тэмцээнд Монгол, Индонез, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ гэсэн есөн багийн 198 тамирчин өрсөлдөх юм.
2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Хятадын засгийн газар шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээний тухай мэдэгдлийг хэрэгжүүлж эхэлнэ. Холбогдох мэдэгдлийн шаардлагын дагуу Монгол Улсаас БНХАУ руу зорчиж буй зорчигчид дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.
1. Нуклейн хүчлийн шинжилгээ БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.
2. Эрүүл мэндийн ногоон кодын тухай БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй.
3. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт https://htdecl.chinaport.gov.cn/.../healthDe.../declare.html болон China Customs APP-аар дамжуулан "БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөх шаардлагатай.
4. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.
Дээрх арга хэмжээг 2023 оны 1-р сарын 8-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хятадад ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчдод хэрэгжүүлнэ. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд цар тахал үргэлжилж байгаа бөгөөд Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээ нь халдвар хамгааллын дэглэмийг сулруулна гэсэн үг биш юм. Хувь хүн өөрийн эрүүл мэндэд хариуцлага хүлээдэг тул зорчигч та бүхэн халдварт өвчний нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, биеийн эрүүл мэнддээ анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлийг баримтлан, хувийн хамгаалалтаа чангатгаж, халдвар авах эрсдэлийг бууруулахыг уриалж байна. Хятад тал үргэлжлүүлэн халдварт өвчний шинэ хувилбар, тархалтын нөхцөл байдалд тулгуурлан, урьдчилан сэргийлэх, хянах ажлыг шинжлэх ухаанч, нарийн түвшинд сайжруулж, Хятад болон гадаад улсын иргэдийг аюулгүй, эрүүл харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэх болно.
Мэдээллийн эх сурвалж: http://mn.china-embassy.gov.cn/.../t20221228_10997397.htm "Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээний тухай мэдэгдэл"-ийг дамжуулан хүргэх тухай мэдэгдэлд дурдсанаар http://mn.china-embassy.gov.cn/.../t20221227_10996300.htm БНХАУ руу зорчих визийн тухай БНХАУ руу зорчих гадаадын иргэдийн ажил, үйлдвэрлэл, бизнес, гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зэрэг шаардлагыг сайжруулах, холбогдох виз мэдүүлэх иргэдэд дэмжлэг үзүүлнэ.
Мөн БНХАУ-ын элчин сайдын яамнаас утсаар тодруулснаар Монгол улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай. Зарим гадаад улсууд БНХАУ-аар нэвтэрсэн болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа учир зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээллийг авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдийч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй.
Мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.