Япон улсын зочид буудал, дэн буудлуудын захиалга, ачаалал дээд цэгтээ хүрчээ. Иений ханш суларсан нь олон улсын жуулчид, аялагчдыг Япон улсыг зорих хандлагыг нэмэгдүүлсэн гэж Японы Аялал Жуулчлалын Агентлагаас мэдээлсэн байна.
Тэдний мэдээлснээр 2024 он гарснаас хойш ойролцоогоор 50.9 сая гаруй хүн зочид буудалд хоноглосон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9% нэмэгдсэн үзүүлэлт юм. Гадаадын жуулчдын зочид буудалд хоноглосон тоо 38.1%-иар нэмэгдсэн бол Японы иргэдийн зочид буудалд хоноглох тоо 5%-иар нэмэгджээ.
Японыг зорих жуулчдын дийлэнх хэсгийг БНХАУ-ын жуулчид эзэлж байгаа бол АНУ-ын жуулчид удаалж байна.
2023 онд БНХАУ гадагш чиглэлийн аялал жуулчлалыг сэргээснээс хойш аялал жуулчлалын салбарт хамгийн их мөнгө зарцуулсан улсаар дахин тодорсон байна. 2022 онд уг жагсаалтыг АНУ-ын аяллагч, жуулчид тэргүүлж байв.
2023 онд БНХАУ-ын жуулчид 196.5 тэрбум ам.долларыг аялалд зарцуулсан байна. АНУ-ын жуулчид 150 тэрбум ам.доллар, Герман 112 тэрбум доллар, Их Британи 110 тэрбум долларыг зарцуулснаар удаалжээ. Мөн БНСУ, ОХУ, Итали, Канад, Энэтхэг улсын жуулчдын зарцуулсан мөнгө эхний 10-т багтах үзүүлэлт болсон юм.
Харин Франц, Испани, АНУ-ууд жуулчин хүлээж авсан тоо болон аялал жуулчлалын орлогын байр сууриа хадгалсан. 2023 оны байдлаар 100 сая гаруй жуулчин Францыг зорьсон нь дэлхийн тэргүүлэх чиглэл хэвээр үлдсэн бол Испани 85 сая, АНУ 66 сая, Итали 57 сая, Турк 55 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ.
2023 онд аялал жуулчлалын салбараас хамгийн их орлого олсон үзүүлэлтээр АНУ 176 тэрбум ам.доллараар тэргүүлсэн бөгөөд Испани 92 тэрбум ам.доллар, Их Британи 74 тэрбум ам.доллар, Франц 69 тэрбум ам.доллар, Итали 56 тэрбум ам.долларын орлогоор удаалсан.
2024 онд дэлхийн аялал жуулчлалын салбар бүрэн сэргэх төлөвтэй байгаа бөгөөд Дэлхийн Аялал Жуулчлалын Барометр мэдээгээр агаарын тээврийн эрэлт, нийлүүлэлт нэмэгдэж ялангуяа Хятад болон Азийн бусад томоохон зах зээлд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаж байна.
Түүнчлэн дэлхийн аялал жуулчлалын нийт эдийн засаг 2023 онд 1.7 их наяд ам.долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үеийнхээс 96 орчим хувьтай тэнцэж байгаа юм. Энэ онд аялал жуулчлалын эдийн засаг 3.3 их наяд ам.долларт хүрч дэлхийн нийт ДНБ-ий 3%-ийг бүрдүүлэх хэмжээнд хүрнэ гэж судлаачид тооцож байна.
Катарын танхим (QC) Монголын бизнесийн төлөөлөгчидтэй аялал жуулчлалын салбарт хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хооронд шууд агаарын тээврийн чиглэлийг нээх, жуулчны виз авах журмыг хөнгөвчлөх замаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар ярилцлаа гэж Gulf Times сонин мэдээлэв.
Энэ тухай Катарын Танхимын Тэргүүн дэд дарга Мохамед бин Твар Аль Кувари Монгол Улсаас Катар Улсад суугаа Элчин сайд Пүрэвийн Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдлээ.
Тэргүүн дэд дарга Мохамед бин Твар Аль Кувари хэлэхдээ: “Катарын Танхим Монгол улстай аялал жуулчлал, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгааг дурдаад сүүлийн жилүүдэд Монгол Улсын аялал жуулчлалын дэд бүтцэд асар их бүтээн байгуулалт өрнөж, аялал жуулчлалын тэргүүлэгч орон болсон” гэв.
Катарын бизнес эрхлэгчид Монгол Улсад аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах боломж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй хөнгөлөлт, урамшууллын талаар мэдэх сонирхолтой байгааг онцлоод Катарын хөрөнгө оруулагчдад Монгол улсад хөрөнгө оруулах боломжуудын талаар судлахыг танхимаас дэмжин ажиллаж байгааг нотлов.
Харин Элчин сайд Пүрэвийн Сэргэлэн Монголын аялал жуулчлалын салбарын сүүлийн жилүүдэд хэрхэн хөгжиж байгаа талаар дурдаад, төлөөлөгчдийн Катарт хийж буй айлчлал нь Монголын аялал жуулчлалын салбарыг сурталчлах, Катарчуудыг Монголд зочлохыг уриалах зорилготой гэдгийг онцолсон байна.
МИАТ ТӨХК, НҮБ-ын Хүүхдийн сантай хүүхдийн төлөөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмуудыг сурталчлах, онцгой байдлын үед шаардлагатай ачаа барааг алслагдсан бүс нутагт тээвэрлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн МИАТ ТӨХК нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол улс дахь үйл ажиллагаанд зориулан нислэг үйлдэж, олон нийтэд сурталчлах, санхүүжүүлэх боломжийг олгох бол НҮБ-ын Хүүхдийн сан нь хамтарсан инноваци бий болгох, хүүхдэд ээлтэй бизнесийг дэмжих, хүүхдийн эорхийн чухал асуудлуудыг сурталчлах замаар Монгол улсад хүүхдийн эрхийг дэмжих, хамгаалах чиглэлээр түншүүдтэй нягт хамтран ажиллахаар болжээ.
“МИАТ нь Үндэсний агаарын тээвэрлэгч, төрийн далбаа тээгчийн хувьд хүүхдийн эрхийн талаар мэдээлэлтэй зорчигч бүрт хүрч ажиллах боломжийг бидэнд олгож байна. Энэ бол хүүхдийн эрхийг хамгаалж буй гайхалтай сайн жишээ юм. МИАТ-д хүүхдийн сайн сайхны төлөө манлайлан ажиллаж буйд талархаж байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Куасси-Комлан ярьжээ.
Өнгөрсөн онд 600,000 гаруй гадаадын иргэн БНСУ-д эмчилгээ хийлгэхээр зорчсон нь тус улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарын түүхэн дэх дээд амжилт боллоо гэж тус улсын Эрүүл мэнд, нийгэм хамгааллын яамнаас мэдэгдэв.Энэ онд нийт 605,768 гадаадын иргэн эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьжээ.Энэ нь өмнөх оны 248,000 жуулчинтай харьцуулахад 144.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн оны энэ үзүүлэлт нь тахлын өмнөх оргил үе болох 497,000 жуулчинтай харьцуулахад 21.8 хувиар их байгаа бөгөөд 2009 онд Солонгос эмнэлгийн байгууллагуудад гадаадын өвчтөнүүдийг татахыг зөвшөөрснөөс хойших хамгийн дээд тоо болж байна.
Өнгөрсөн онд нийт 198 улсын иргэд БНСУ-д эрүүл мэндийн аялал жуулчлалаар ирсэн байна. Жагсаалтыг Япон 187711 жуулчин 31 хувь, БНХАУ 112135 жуулчин 18.5 хувь, АНУ 76925 жуулчин 12.7 хувь, Тайланд 30844 жуулчин 5.1 хувь, Монгол 22080 жуулчин 5.1 хувиар тэргүүлсэн байна.
Өнгөрсөн жил гадаадын өвчтөнүүдийн талаас илүү хувь нь гоо сайхны эмчилгээ хийлгэсэн бөгөөд 35.2 хувь нь арьс, 16.8 хувь нь гоо сайхны мэс засал хийлгэсэн байна.
Бүс нутгаар нь авч үзвэл, Сөүл хамгийн их буюу нийт жуулчдын 78.1 хувийг эзэлжээ.
БНХАУ-Монголын хилийн хамгийн том хуурай замын боомт болох Эрээн хот – Замын Үүдийн боомтоор энэ онд 600,000 зорчигч нэвтэрсэн тухай Эрээн хотын гаалийн газраас мэдээлсэн байна.
Мөн энэ оны эхний 4 сарын байдлаар тус боомтоор 150 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн гэж хилийн орц, гарцын шалган нэвтрүүлэх газраас мэдээллээ.
Энэ оны эхний хоёр сард Эрээн хот – Замын Үүдийн боомтоор 19 мянган тонн жимс, хүнсний ногоо импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.1 хувиар нэмэгдсэн бөгөөд, нийт импортлосон бараа бүтээгдэхүүний нийт үнэ 5.1 сая ам. доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын хооронд хийсэн хуурай замын тээврийн 70 гаруй хувь нь Эрээн хот – Замын Үүдийн боомтоор дамжиж байсан бөгөөд зөвхөн 2023 онд 1.46 сая гаруй зорчигч, 262,000 тээврийн хэрэгсэл орж, гарсан байна.
Дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн тус боомт ачаа тээврийн гаалийн бүрдүүлэлтийн ажлыг 24 цагийн турш гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь зургаан сар үргэлжлэх юм.
БНХАУ-ын Хунань мужийн нийслэл Чангша хот болон Монгол улсын нийслэл Улаанбаатарыг холбосон шууд нислэгтэй боллоо. Нислэгийг Монголын агаарын тээврийн Хүннү Эйр компанийн Е190 нисэх онгоцоор долоо хоногт нэг удаа үйлдэж байх юм.
Бямба гараг бүрийн 21:40 минутаас Улаанбаатар хотоос хөөрсөн онгоц 01:00 цагт Чангшад газардах бол, ням гарагийн 01:55 цагт Чангша хотоос Улаанбаатар хот руу чиглэж 05:30 минутад газардах юм.
Энэхүү шинэ шууд нислэгийн чиглэл нь Монгол улс Төв Хятадыг холбож байгаа түүхэн дэх анхны маршрут бөгөөд Хунань олон улсын нисэх онгоцны буудлын зүгээс энэхүү нислэгийг Нэг Бүс Нэг Зам хөтөлбөр хамтын ажиллагаанд оролцох шинэ боломж гэж харж байна.
2024 оны 04-р сарын 08-ны өдөр Хойд Америк даяар буюу Мексик, АНУ, Канадын нутаг дэвсгэрт нар бүтэн хиртэх үзэгдэл ажиглагдаж, энэхүү үйл явдлын гэрч болохоор олон арван сая хүмүүс нар хиртэлтийн бүс дагуу цуглажээ.
АНУ-ын аялал жуулчлалын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр нарны бүтэн хиртэлтийг харахаар дор хаяж 4-5 сая хүмүүс аялсан нь тус улсын түүхэн дэх хамгийн том аялал жуулчлалын өдөр болж эдийн засагт 1.5 тэрбум долларын ашиг авчирсан гэж тооцоолж байна.
АНУ-ын 15 мужийн нутаг дэвсгэрт нарны бүтэн хиртэлт үзэгдэл ажиглагдсан бөгөөд энэ үеэр нислэгийн тийз, зочид буудлын төдийгүй машины зогсоолын талбайн үнэ огцом нэмэгдэж анхны үнээсээ дор хаяж 3 дахин өсжээ. Орон сууцны түрээсийн үйлчилгээ Airbnb-ийн захиалга тухайн 15 муж дагуу 90%-д хүрсэн байна.
Дараачийн нарны бүтэн хиртэлт 2026 оны 8-р сарын 12-нд тохиох бөгөөд дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсэг Гринланд, Исланд, Испани, ОХУ болон Португаль, Их Британийн зарим хэсгүүдэд үзэгдэнэ.