БНХАУ-ЫН АЯЛАГЧ, ЖУУЛЧИД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ХАМГИЙН ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛАГЧИД БОЛОВ
2023 онд БНХАУ гадагш чиглэлийн аялал жуулчлалыг сэргээснээс хойш аялал жуулчлалын салбарт хамгийн их мөнгө зарцуулсан улсаар дахин тодорсон байна. 2022 онд уг жагсаалтыг АНУ-ын аяллагч, жуулчид тэргүүлж байв.
2023 онд БНХАУ-ын жуулчид 196.5 тэрбум ам.долларыг аялалд зарцуулсан байна. АНУ-ын жуулчид 150 тэрбум ам.доллар, Герман 112 тэрбум доллар, Их Британи 110 тэрбум долларыг зарцуулснаар удаалжээ. Мөн БНСУ, ОХУ, Итали, Канад, Энэтхэг улсын жуулчдын зарцуулсан мөнгө эхний 10-т багтах үзүүлэлт болсон юм.
Харин Франц, Испани, АНУ-ууд жуулчин хүлээж авсан тоо болон аялал жуулчлалын орлогын байр сууриа хадгалсан. 2023 оны байдлаар 100 сая гаруй жуулчин Францыг зорьсон нь дэлхийн тэргүүлэх чиглэл хэвээр үлдсэн бол Испани 85 сая, АНУ 66 сая, Итали 57 сая, Турк 55 сая гадаадын жуулчдыг хүлээн авчээ.
2023 онд аялал жуулчлалын салбараас хамгийн их орлого олсон үзүүлэлтээр АНУ 176 тэрбум ам.доллараар тэргүүлсэн бөгөөд Испани 92 тэрбум ам.доллар, Их Британи 74 тэрбум ам.доллар, Франц 69 тэрбум ам.доллар, Итали 56 тэрбум ам.долларын орлогоор удаалсан.
2024 онд дэлхийн аялал жуулчлалын салбар бүрэн сэргэх төлөвтэй байгаа бөгөөд Дэлхийн Аялал Жуулчлалын Барометр мэдээгээр агаарын тээврийн эрэлт, нийлүүлэлт нэмэгдэж ялангуяа Хятад болон Азийн бусад томоохон зах зээлд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаж байна.
Түүнчлэн дэлхийн аялал жуулчлалын нийт эдийн засаг 2023 онд 1.7 их наяд ам.долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үеийнхээс 96 орчим хувьтай тэнцэж байгаа юм. Энэ онд аялал жуулчлалын эдийн засаг 3.3 их наяд ам.долларт хүрч дэлхийн нийт ДНБ-ий 3%-ийг бүрдүүлэх хэмжээнд хүрнэ гэж судлаачид тооцож байна.