СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ХИЙГДЭХЭЭР БОЛСОН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавскийтай хэлэлцээ хийв.

Талууд хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар ярилцлаа.

Тухайлбал, Монгол, Чехийн уламжлалт найрсаг хамтын ажиллагаанд худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа чухал үүрэгтэйг талууд санал нэгтэй тэмдэглэж, чехийн талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх саналыг тавилаа.

Монголд тахь эргэн нутагшуулах төсөл амжилттай хэрэгжиж байгааг сайд Б.Батцэцэг онцолж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн-санаачилгыг Европын Холбооны Ойн түншлэл хөтөлбөртэй уялдуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр хоёр талаар болон олон талт механизмуудын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн хоёр орны харилцаа боловсрол, нийгмийн хамгааллын чиглэлээр тэлж байгааг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг чехийн их, дээд сургуулиудад сургахаар болсон, хоёр улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байгаа зэргийг сайшаав.

Түүнчлэн чех иргэд, жуулчид Монгол Улсад визгүй зорчих болсныг талууд мөн сайшааж, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийгдэхээр болсон нь хоёр орны иргэд, баялаг бүтээгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, Монгол-Чехийн бизнесийн форум зэрэг арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулахаар тохиролцов.

Мөн ГХЯ-д хоорондын консулын зөвлөлдөх уулзалтыг Прага хотноо зохион байгуулахаар санал нэгдлээ.

Эх сурвалж: Гадаад Хэргийн Яам

МОНГОЛЫН ХОЁР НАРНЫ ХООРОНД ОЛОН УЛСЫН МАРАФОН ГҮЙЛТ

“Монголын Хоёр Нарын Хооронд” олон улсын марафон гүйлтийн 24 дэх удаагийн тэмцээн 2023 оны 8 дугаар сарын 9-нд уламжлалт ёсоор Хөсгөл нуурын баруун эрэг Тойлогт жуулчны бааз дээр зохион байгуулагдах гэж байна. Тус гүйлтийг 1999 оноос хойш Хөвсгөл Трэйвэл ХХК болон Хөвсгөлийн байгалийг хайрлан хамгаалах, өв соёлын хүндэтгэн хадгалах хүсэл эрмэлзэлтэй хэсэг жуулчид хамтран зохион байгуулж ирсэн билээ.

Энэхүү хандивын гүйлтийн санхүүжилтээр Хөвсгөл нуур болон Хөвсгөл Нуурын Байгалийн Цогцолборт Газарт тулгараад байгаа нэн чухал асуудал болох эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх, багасгах, байгаль орчинд нөлөөлөх хор уршгийн талаар сургалт зохион байгуулах, байгальд задардаг био уутыг Хөвсгөлд ирж буй  жуулчдад тарааж хуурай хог хаягдлыг түүж, хогны цэг дээр бөөгнүүлж тавихыг уриалж, тухайн бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны баазуудын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд сайн дурын үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага нь гүйлтийн орлого болон Хөвсгөлийн байгаль, нутгийн ард иргэдийн соёл заншилийг хүндэтгэн хамгаалах сэтгэлтэй гадаад иргэдийн хандив болох нийт 1.4 тэрбум төгрөгийг 5379 тонн эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, 202244 ширхэг био хогийн уут тараах ажилд зарцуулаад байна.

Эко Дэвшилт ТББ-ын үйл ажиллагааг дэмжин 2019 оноос ХБНГУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Яам, Дэлхийн Байгаль орчны сан хамтран ажиллах болсон. Эко Дэвшилт ТББ нь Хөвсгөл Нуурын Байгалийн Цогцолборт Газрын экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах зорилгоор тогтвортой хог хаягдлын менежментийг боловсруулж орон нутаг, бүс нутгийн хэмжээнд таниулан, хэрэгжүүлэхээр дараах чиглэлд төвлөрөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлжбайна.  

Үүнд:

  1. Нуурын баруун эргийн баазууд болон айл өрхүүдийн хуурай хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгуулах
  2. Хог тээвэрлэх, ангилан ялгах төв
  3. Сургалт танин мэдэхүйн төв
  4. Нийгмийн нөлөөллийн аян (Гялгар уутгүй Хөвсгөл, био хогийн уут)
  5. Өсвөрийн ногоон боловсрол (Youth green edu)
  6. Хүнсний хог, хаягдлаар бордоо боловсруулах
  7. Хандивын гүйлтийн тэмцээн

Хатгал тосгоны иргэд, аялал жуулчлалын баазууд, нуурын баруун эрэг орчмын малчин өрхүүдэд байгаль орчин хамгааллын зохистой мэдлэг, мэдээлэл олгох сургалт тасралтгүй зохион байгуулж тэдэнтэй үргэлж эргэх холбоотой байж хамтран ажиллаж байна. Мөн жуулчны баазуудад хог ангилан ялгах зориулалтын хогийн савууд байршуулж тэдний ангилсан хогийг тээвэрлэж дахивар хүлээн авдаг цэгүүдэд бэлдэж өгөх ажлыг зохион байгуулж,  хүнсний хог хаягдлаар бордоо боловсруулах төслийн туршилтыг эхлүүлээд байна.

Эко Дэвшилт ТББ энэ зунаас эхлэн жуулчны баазуудын дунд “Ногоон од” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь жуулчны баазууд өдөр тутмын үйл ажиллагаандаа байгальд ээлтэй арга технологи нэвтрүүлснээр 1-5 хүртэлх “Ногоон од” зэрэглэл хүртэх юм. Ингэснээр манай Төрийн бус байгууллагаас эргээд тэдний үйл ажиллагааг олон нийтэд эергээр сурталчлан таниулж, ирж буй амрагч аялагчдыг байгальд ээлтэй аялах, мөн эдгээр баазуудыг дэмжиж ажиллахыг уриалах зорилготой юм.

 Та бүхэн тус байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл дараах веб хуудсаар зочлоорой.

https://ecodevshilt.com/

https://ms2s.dk/

Холбоо барих:  Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, ЭкоДэвшилт ТББ-н сургалт танин мэдэхүйн төв

99552947, 88880347

ШАНХАЙН ОЛОН УЛСЫН РЕСОРТИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРЛОГО 8.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААС ДАВЖЭЭ

Шанхайн Диснейлэнд байрладаг олон улсын ресорт 2016 онд нээгдсэнээс хойш 61.5 тэрбум юань буюу ойролцоогоор 8.9 тэрбум ам.долларын аялал жуулчлалын орлого олжээ.

Өнгөрсөн 7 жилийн хугацаанд тус ресорт 113 сая гаруй зочин, жуулчин хүлээж авсан бөгөөд энэ оны эхний улиралд 6.3 сая жуулчин авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 81% нэмэгдэж, 4 тэрбум гаруй юанийн орлого олсон байна.  

Шанхайн олон улсын ресортод ирэх жуулчдын тоо 2023 онд 20 саяд хүрэх төлөвтэй байна гэж тус газрын захиргаанаас мэдээлжээ.

Тус ресорт энэ жил лаванда цэцгийн баяр, кино наадам зэрэг 30 гаруй томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Мөн 2019 оны 12-р сард үндсэн барилгын ажил нь эхэлсэн Zootopia сэдэвт амралт, тоглоомын төв тун удахгүй ашиглалтад орох төлөвтэй байна.

ИХ БУРХАН ХАЛДУН УУЛЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Их Бурхан Халдун уул болон түүний ойр орчмын ариун дагшин байгалийн үзэсгэлэнг “Google Art and Culture” платформ дээр дэлгэн үзүүлж байна.

Бурхан Халдун уулыг Чингис хааны төрж, оршуулсан газар гэж үздэг. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны дагуу Монгол туургатны ариун дагшин тахилгат газар нутгийг олон нийтэд сурталчлах зорилготой гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улсын Соёлын яамны харьяа Бурхан Халдун уулыг хамгаалах газар санаачлан бүтээжээ.

Үзэсгэлэнг үзэх

ХЯТАД-МОНГОЛЫН ХИЛИЙН БООМТЫН АЧАА ТЭЭВЭР, ЗОРЧИГЧДЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ

БНХАУ, Монгол улсын хамгийн том хуурай замын боомт болох Эрээн-Замын Үүдийн боомтоор 2023 оны эхний улиралд экспорт, импортын ачааны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрчимтэй өссөн гэж орон нутгийн хилийн мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээлсэн байна.

Энэ оны эхний улиралд Эрээн-Замын Үүдийн боомтоор дамжин өнгөрсөн нийт импорт болон экспортын ачааны хэмжээ 4.58 сая тонн-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 72.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Үүний дотор төмөр замаар тээвэрлэсэн импорт, экспортын ачааны хэмжээ 4.22 сая тонн-д хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 64.9 хувиар, машин замын тээвэрлэлт 369 мянган тонн болж, 250.1 хувиар өссөн байна.

Мөн хугацаанд Эрээн-Замын Үүдийн боомт 156,000 орчим хүний хилээр дамжин өнгөрсөн бүртгэлийг тэмдэглэжээ. Хятад улс Ковид-19-ийн хяналтын бодлогыг оновчтой болгосноор өнгөрсөн 1-р сард 1 өдөрт хилээр 800 гаруй хүн орж гарж байсан бол одоо өдөрт дунджаар 3,600 гаруй хүн орж гарч байгаа гэнэ. Энэхүү тоо нь Ковид-19-ийн өмнөх түвшинтэй адил үзүүлэлт юм.  

 

ВЬЕТНАМЫН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН - НОГООН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖИЛ

“Вьетнамын Соёлын Аялал Жуулчлал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй Вьетнамын Олон Улсын Аялал Жуулчлалын Үзэсгэлэн нь уламжлалт соёлын үнэт зүйлс дээр тулгуурлан ногоон тогтвортой аялал жуулчлалыг таниулах, шинэ нөхцөл байдалд бизнесийн үйл ажиллагааг сурталчлах, мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор нээлтээ хийлээ.

Жил бүр зохион байгуулдаг тус арга хэмжээнд дотоодын 51 муж, хотын мөн гадаадын 15 улс орны 450 павильон засагдсан юм. Нийт 60,000 зочид төлөөлөгчид, 3,000 аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн төлөөлөл тус арга хэмжээнд оролцож дотоодын болон олон улсын түншүүдтэй холбогдох боломжийг эрэлхийлэх төлөвтэй байна.

“Аялал жуулчлал нь зөвхөн Вьетнам төдийгүй дэлхий улс орнуудын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг “Утаагүй үйлдвэрлэл” юм” гэж Вьетнамын Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг хэлснээр арга хэмжээг нээжээ.

2022 оны 3-р сарын 15-нд аялал жуулчлалын салбараа дахин сэргээсэн Вьетнам улс нэг жилийн хугацаанд ойролцоогоор 3.7 сая жуулчин хүлээж авсан бөгөөд албан ёсны мэдээллээр энэ оны эхний улиралд аялал жуулчлалын сэргэлт эрчимтэй үргэлжилж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 дахин өссөн дүн гарчээ.

Вьетнамын үндэсний аялал жуулчлалын газрын мэдээлснээр энэ жил 8 сая гадаадын жуулчин хүлээн авч, 27 тэрбум ам.долларын орлого олох зорилт тавиад байгаа гэнэ. Тэдний тооцоолж байгаагаар аялал жуулчлалын салбар 2025 он гэхэд тахлын үеийн өмнөх түвшинд орох төлөвтэй байгаа бөгөөд 2030 он гэхэд тус улс 35 сая жуулчдыг татах зорилт дэвшүүлж жилд 13-15 хувийн тогтвортой өсөлт үзүүлнэ гэжээ.

ТУРК УЛС ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ҮЛ ХАРГАЛЗАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛИРАЛ АМЖИЛТТАЙ БОЛНО ГЭЖ ТООЦООЛЖ БАЙНА

Туркийн Газар дундын тэнгисийн эрэгт өнгөрөгч 2-р сард болсон аймшигт газар хөдлөлтийг үл харгалзан энэ зун олон тооны жуулчид тус улсыг зорин ирэх төлөвтэй байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Цаг агаарын температур нэмэгдэхийн хэрээр Оюу эрэг, эртний өв соёлоороо алдартай Туркийн өмнөд хэсгийн “Туркийн Ривьера”-д аялал жуулчлалын оргил үе эхэлж байна.

Өнгөрөгч 2-р сарын 6-нд болсон газар хөдлөлтийн дараачаар тус улсыг зорих жуулчдын захиалгын тоо буурсан хэдий ч байдал удалгүй хэвийн болсон гэж    Анталья хотын Аялал жуулчлалын зочид буудлуудын холбооны тэргүүн Бурхан Сили ярьжээ. Тэрээр: “Өнгөрсөн жилийн гадаадын жуулчдын тоо болон орлогын мэдээлэл энэ жилийн аялал жуулчлалын эхэн үед бидэнд итгэл найдвар төрүүлж байна. Ойролцоогоор бидний тооцоолж байгаагаар 2023 оны аялал жуулчлалын улирлын төгсгөлийг бид өнгөрсөн жилийнхээс илүү ашигтайгаар хаах болно.” гэжээ.

Туркийн аялал жуулчлалын нийт орлого 2022 онд түүхэн дээд хэмжээнд хүрч, 51 сая жуулчин хүлээж аван 46.3 тэрбум ам.долларын орлого олсоноо тус улсын статистикийн хорооноос мэдээлж байсан.

Газар дундын тэнгисийн эрэг дээрх аялал жуулчлалын гол төв болох Аланья хотод энэ оны эхний 3 сарын байдлаар ирсэн жуулчдын тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 55%-иар өссөн дүнтэй гарчээ.

Силлигийн хэлсэнээр Орос болон Европын орнууд, ялангуяа Герман, Их Британи зэрэг орнуудаас зоригсод жуулчдын ихэнх хувийг эзэлж байгаа гэнэ.

Туркийн Аялал Жуулчлалын Яамны сайд Мехмет Нури Эрсой: “Гадаадын жуулчдын тоо 2023 онд 60 саяд, 2028 онд 90 саяд хүрэх төлөвтэй байгаа бол орлого энэ онд 56 тэрбум ам.доллар, 5 жилийн дараа 100 тэрбум ам.долларт хүрнэ” гэж мэдэгджээ.

2022 он гарсанаас хойш Туркийн мөнгөн тэмдэгтийн хатуу вальюттай харьцах ханш огцом унасан нь Европын иргэдийн хувьд тус улсад амьдрах, аялах таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Турк Лирийн ханш сул байдаг нь хямд аялал хайж буй гадаадын жуулчдад таатай байдаг бөгөөд Турк улс олон гадаадын иргэдийн хувьд аялал жуулчлалын шилдэг сонголтуудын нэг байсаар ирсэн. Мөн сүүлийн жилүүдэд урсгал, тэнцлийн алдагдал ихэссэн Турк улсын эдийн засагт аялал жуулчлалын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус улсын 2 сая гаруй хүний амжиргааг аялал жуулчлалын салбар хангадаг юм.

АГААРЫН ТЭЭВРИЙН ЭРЭЛТ ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ТҮВШИНД ОЙРТОЖ БАЙНА

Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA)-ны хамгийн сүүлийн мэдээллээр Дэлхийн агаарын тээврийн эрэлт өнгөрөгч 2-р сард өссөн дүнтэй гарсан бөгөөд 2022 оны мөн үеийнхээс 89.7 хувиар өсч, 2019 оны буюу цар тахлын өмнөх үеийн 77.5 хувьд хүрсэн байна.

Үүний зэрэгцээ, 2-р сарын дотоодын болон олон улсын нислэгийн зорчигчийн туулсан зайг километрээр хэмжсэн нь өмнөх оны мөн үеэс 25.2 хувиар өссөн дүнтэй гарсан бөгөөд 2019 оны мөн үеийн 97.2 хувьтай тэнцэх үзүүлэлт болжээ.

Харин нислэгийн тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 55.5 хувиар нэмэгдсэнээс гадна зорчигчийн ачааллын хүчин зүйл 9.9 хувиар нэмэгдэж жилийн өмнөхөөс 77.8 хувиар нэмэгдсэн байна.

IATA-ийн ерөнхий захирал Вилли Уолш: “Өнөөгийн эдийн засгийн тодорхой бус байдлыг үл харгалзан агаарын тээврийн эрэлт дэлхий даяар, ялангуяа Ази Номхон далайн бүс нутагт эрчимтэй нэмэгдэж байна. Эрэлтийн түвшин ковидийн өмнөх үетэй харьцуулахад 15 хувиар доогуур байгаа бөгөөд энэ зөрүү сар бүр багссаар байна” гэжээ.

Европ дахь агаарын тээврийн хэрэгцээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.1 хувь өссөн нь авиа компаниудын хүчин чадал 27.9 хувиар нэмэгдэх хүчин зүйл болсон юм.  

IATA-ийн мэдээлж буйгаар олон улсын агаарын тээврээр зорчигчдын ачаалал Хойд Америк болон Европоос бусад бүс нутагт 2019 оныхоос өндөр байгаа бөгөөд хүчин чадлын сэргэлт нь эрэлтээс давсан гэсэн байна.

Ази, Номхон далайн бүс нутаг дахь агаарын тээврийн эрэлт хамгийн өндөр ачаалалтай байгаа бөгөөд ковид-19-ийн хязгаарлалтууд цуцлагдсантай холбоотойгоор Азийн зарим томоохон орнуудад эрэлтийн өсөлт 105.4 хувьд хүрчээ.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ