СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо
info@travelmongolia.org
Монголын аялал жуулчлалын холбооны эрхэм гишүүд, дэмжигчид, аялал жуулчлалын салбарын хамтран зүтгэгч, гадаад дотоодын түншүүд, аялагч, сонирхогч та бүхнийхээ амрыг эрин мэндчилж байна.
Манай улс 1990 онд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аялал жуулчлалын салбар манай шинэ үеийн хөгжлийн нэгэн үндсэн чиглэл болж иржээ. Нүүдэлчин монголчуудын амьдралын уламжлалт хэв маяг, нийгэм-соёлын түүхэн ахуйд “аялах, нүүх, газар үзэж нүд тайлах” хэв маяг нэвт шингэж “торгоны зам цайны зам, бадарчлал” хэмээх түүх, шашин соёлын уламжлалаар баяжигдаж ирсэн байдаг. “Жуулчдад үйлчлэх товчоо”-г албан ёсоор үүсгэн байгуулсан тэртээ 1954 оноос орчин цагийн аялал жуулчлалын түүх эхэлж, 70 гаруй жилийг үджээ. Орчин цагийн хөгжлийн түүх нь амралт-чөлөөт цаг, амралт- сувилал, амралт-рекрацийн чиглэлүүдээр эхлэн бичигдэж сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд олон улсын аялал, дотоодын аялал, инбаунд хийгээд аутбаунд аяллын чиглэлээр дэлгэрэн хөгжиж байна. Энэхүү 70 гаруй жилийн хөгжлийн түүх, алдаа оноо, амжилт бүтээлийн язгуур эзэд нь салбарын хөдөлгөгч хүч, хөгжлийн түлхүүр болсон баялаг бүтээгчид, компаниуд маань юм.
Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь салбарын ууган, дээвэр байгууллага болохын хувьд хувийн хэвшлийн нэгдмэл дуу хоолойг аялал жуулчлалын хөгжлийн бодлого чиглэлд тусган хэрэгжүүлэх, бодит нөхцөлд тулгуурласан төр-хувийн хэвшлийн гүүр болон ажиллах, улмаар аялал жуулчлалын нөөц боломж, эдийн засгийн үнэлэмжийг өсгөн, үйлчилгээний чанарыг баталгаажуулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах үндсэн үүргийг БОАЖЯ, УБ хотын аялал жуулчлалын газар, аймаг орон нутгийн захиргаа, мэргэжлийн бусад холбоо, үндэсний зөвлөлийн хамт мэргэжлийн үүднээс зохицуулан холбон ажиллах амаргүй ажлыг хэрэгжүүлж өдгөө 30 жилийн түүхийг бүтээжээ. Түүнчлэн Монгол орноо дэлхийд сурталчлах, гишүүн компаниудынхаа нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадвар, хөгжлийн чиглэлийг тодорхойлоход Монгол Улсын Засгийн газар, Элчин сайдын яам, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, бусад төрийн бус байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж ирлээ.
Бидний хамтын зорилго бол аялал жуулчлалын салбарыг мэргэжлийн чиглэлтэйгээр нийгэм эдийн засаг, байгаль соёлын эерэг хүртээмж нөлөөллөөр өсгөн, Монгол Улсын хөгжлийн бодлого, “Алсын Хараа”-ны стратеги чиглэлийн дагуу хөгжүүлэх, салбарын өгөөжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд өрсөлдөхүйцээр сайжруулж, зорих газрын төлөвлөлт менежмент, хүний нөөц ба дижитал технологийн шинэчлэлийг бодитой хэрэгжүүлэн манлайлахад оршдог. Энэ бүхний суурь үндсийн нэг нь тогтвортой жуулчлал, хариуцлагатай аялагч, Монголын гэх үндэсний брэнд, олон улсын зах зээлийн уялдаа бүхий Монголын аялал жуулчлал хэмээх өөрийн өнгө төрх бүхий хөгжлийн баримтлал байх болно.
Өнөө цагийн завгүй амьдралын тойрог, суурин иргэншлийн хурдацтай өөрчлөлт дунд байгаль соёлынхоо түүхэн уламжлал үнэ цэнийг дэлхий дахины зах зээлийн хандлага, чиглэлтэй уялдуулан үл үзэгдэх экспортыг үйлдвэрлэгч аялал жуулчлалынхаа салбарын нийт хамт олон, гишүүд дэмжигч компаниуд, сонирхогч, хамтрагч та бүхэндээ хөгжлийн шинэ цаг үеийн халуун мэндийг хүргэж ирээдүйгээ баталгаажуулсан сайхан амьдралыг аялал жуулчлалаар хамтдаа бүтээхийг хүсэн ерөөж байна! Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн өв соёл, байгаль эхээ улам хайрлан хамгаалж, бусдаас ялгарах онцлогоо тодотгон, дэлхийн жишиг үйлчилгээгээр баяжуулсан, тогтвортой аялал жуулчлалыг хамтдаа түгээн хөгжүүлэхийг уриалж байна!
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН амтыг хүн бүхэнд мэдрүүлцгээе!
Хүндэтгэсэн,
Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч
Шинжлэх Ухааны Доктор (Sc.D)
Дамба ГАНТӨМӨР