Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндэсний бодлогын хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Welcome to Mongolia” уриа үгийг ашиглахаар тогтсон. Үүний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад чиг үүргийн холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагууд олон улсад эх орноо сурталчлах маркетингийн ажлыг эрчимжүүлээд байгаа билээ.
Глобалчлал, технологийн хөгжлөөр дамжуулан хүмүүс дэлхийн хаанаас ч аль ч орны аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг харьцуулах, үзэх газраа хайх, аяллаа баталгаажуулах, амрах газраа судлах илүү боломжтой болж байгааг цар тахлын үеэрх өөрчлөлт бидэнд харуулж байна. Ковид-19 цар тахлаас өмнө дэлхий дахинд онлайнд суурилсан худалдаан авалт, захиалга 40 гаруй хувьтай байсан бол өнөө цагт энэ тоо 70 орчим хувь болж өссөн тоон судалгаанаас үзвэл цахим шилжилт эрчимтэй явагдаж байгаагийн илрэл юм.
Үүний хүрээнд Монголын аялал жуулчлалын салбарын цахим шилжилтийн анхдагч түүчээ нь болж яваа Туризм Партнерс ХХК-иас хэрэгжүүлж буй төсөл болох гадаадын жуулчдад зориулсан Монголын хамгийн анхны багц аяллын MongolianTours.com платформыг нээгээд байна.
Одоогоор тус платформ нь хятад, орос, англи, япон, солонгос гэсэн таван хэлний сонголттой байгаа ба эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх албан ёсны ангиллын гэрчилгээ, зөвшөөрлөө авсан Монголын 30 гаруй тур оператор компаниудын 200 орчим аяллын хөтөлбөрүүдийг нэгтгэсэн. Ийнхүү “Монголд зочлох жил” уриалгын хүрээнд бид Олон улсын зах зээлд нийлүүлэх, сурталчлан таниулах хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Цаашид Монгол улсын язгуур эрх ашгийг дээдлэн, нэр хүндийг өсгөх, тур оператор компаниудын борлуулалтыг дэмжих, загвар, хайлтын илэрц, контентууд, маркетинг сурталчилгаан дээрээ илүү анхаарч тасралтгүй үе шаттай хөгжүүлэхээр ажиллаж байна.
Гадаадын жуулчдын монгол оронд аялах мөрөөдлийг бодит болгох, хялбархан аяллаа төлөвлөх, захиалга баталгаажуулах болон Монгол улсын тухай нэгдсэн ойлголтыг нийтлэл, влог, блог, зөвлөмж, мэдээллийг MongolianTours.com -оос авах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Бүтээлч үйлдвэрлэлийн нэгдсэн форумаар Монголчуудын оюун санааны нэгдмэл байдал ба үндэсний нэгдмэл үнэт зүйл, бүх нийтийн соёлын боловсрол, Монгол улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг дэмжин хөгжүүлэх арга зам, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөцийн удирдлагын асуудал сэдвийн хүрээнд илтгэл болон хэлэлцүүлгүүд, салбар хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.
Хэнтий аймгийн Чингис хотод зохиогдож буй зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа. Мөн цар тахлын үеийн болон дараах Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Орос-Украины дайны хор уршгаас үүдэлтэй гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөө, өнөөгийн бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон. Эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, онцгойлон анхаарч, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эрх зүйн шинэ орчин бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарынхантай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Үр дүнд нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барихаар болоод байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Хуулийн төсөлд хэд хэдэн онцлог зохицуулалтыг багтаажээ. Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгох, цахим виз нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, нэгдсэн стандарт тогтоох, бүсчилсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох, хил орчмын аялал жуулчлалыг тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх, жуулчдын худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцааж олгох, аялал жуулчлалын сан байгуулах зэргийг тусгажээ.
“Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг чухалчилж байна. Эрх зүйн орчин тодорхой болмогц төр, хувийн хэвшил хамтраад нэгдсэн бодлогоор урагшлах нь чухал. Боомтын сэргэлтийн хүрээнд Бичигт, Хавирга, Ульхан боомтын дэд бүтцийг сайжруулснаар жуулчин татах боломж бүрдэнэ. Зүүн гурван аймагт аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Төр, хувийн хэвшлийнхэн одооноос төвлөрч ажиллах шаардлагатай”-г Ерөнхий сайд хэллээ. Мөн хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг Засгийн газар бодлогоор дэмжинэ. Улаанбаатар хотоос иргэдийг татах, сэдэлжүүлэхэд орон нутгийн төрийн байгууллага илүү санаачилга гаргах учиртайг тэмдэглэв.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан, үе шаттай хэрэгжүүлнэ. Зүүн бүсэд төр-хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, олон бүтээн байгуулалт өрнөнө. Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбоно. Чингис хааны аялал жуулчлалын цогцолборын нээлт ирэх оны дөрөвдүгээр сард Хэнтий аймагт болно гэлээ.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн онцлог байдалд түшиглэсэн аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа явуулах боломжийг бодит ажил болгох, брэнд бий болгож гадаад, дотоодод сурталчлахад төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа гарц, шийдэлд хүрэх нь энэ удаагийн зөвлөгөөний гол зорилго ажээ. Тухайлбал, Талын түмэн адуу, Ганга нуурын чуулган, Сэцэн хааны ордон музей, Чингис хааны үеийн холбогдолтой түүхэн газруудад түшиглэсэн цогцолборуудад аялагчдыг татах бүрэн боломжтой гэдгийг зөвлөгөөнийг зохион байгуулж буй БОАЖЯ, Соёлын яамныхан тэмдэглэж байлаа.
2022 оны 11-р сарын 21-ний өдөр, Улаанбаатар хот - АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицоход онцгой анхаарал хандуулах замаар Монголын ард иргэдийг байгалийн гамшигт бэлэн байх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад туслах зорилго бүхий гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх, 7.2 тэрбум төгрөгийн (2.1 сая ам. доллар) санхүүжилттэй төслийг эхлүүлж байна.
USAID болон “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлэх “Уур амьсгалд тэсвэртэй орон нутаг” төсөл нь Монгол улсын хот, хөдөөгийн ард иргэдийг цаг агаарын эрс тэс үзэгдэл, байгалийн гамшиг, малын өвчний дэгдэлтийн үед аюулгүй байх, амьжиргааг хамгаалахад дэмжлэг үзүүлэх юм.
АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нээлтийн үеэр “Монгол бол байгалийн гамшигт өртөмтгий орон бөгөөд харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлт эдгээр үзэгдлийн давтамж, ноцтой байдлыг нэмэгдүүлж байна” гээд, “Энэхүү шинэ төсөл нь Монголын ард иргэдийг байгалийн гамшигт бэлэн байх, хариу арга хэмжээ авахад нь туслах зорилготой ба тус агентлагаас амжилттай хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүд дээр тулгуурласан төсөл юм” хэмээн нэмж хэлжээ.
АНУ-ын ОУХА нь гэр бүл, эд хөрөнгө, мал сүргийг гамшгаас хамгаалах чиглэлээр орон нутгийн удирдлага, ард иргэдтэй хамтран ажиллана. Төслийн хүрээнд газар хөдлөлт, ган, зуд, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг ослын үед ард иргэдийн бэлэн байдлын бэлтгэл, хариу арга хэмжээ авахад дэмжих зорилгоор яаралтай тусламж, анхны тусламж, гамшгийн төлөвлөлтийн талаар сургалтууд зохион байгуулна. Мөн энэ төслийн хүрээнд хээрийн мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар малчидтай хамтран ажиллах юм.
АНу-ын ОУХА-аас орон нутгийн удирдлагуудтай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрүүдийг 2010 оноос хойш хэрэгжүүлж байгаа ба нийт 30 гаруй тэрбум төгрөг (ойролцоогоор 9 сая ам. доллар)-ийн санхүүжилт олгоод байна.
АНУ-ын ОУХА нь хүний амь насыг аврах, ядуурлыг бууруулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, улс орнуудад тусламж үзүүлэхийн сацуу хөгжил дэвшилд ахиц гаргахад нь туслах олон улсын хөгжлийн болон хүмүүнлэгийн хүчин чармайлтыг тэргүүлэгч байгууллага юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Монголд ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх, зах зээлд илүү тулгуурласан, төрөлжсөн эдийн засгийг дэмжин ажиллаж байна. ОУХА болон түүний хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Эх сурвалж: МОНГОЛ УЛС ДАХЬ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Эрх зүйн орчин нь эдийн засгаа дэмждэг байх ёстой. Тийм ч учраас аялал жуулчлалын тухай хууль нь салбарын эрх зүйн орчныг тодорхой болгох, эдийн засгийг дэмжих, гадаад дотоодын жуулчдыг дэмжихэд оршиж байна. Мөн аялал жуулчлал болон үйлчилгээний стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ.
Аялал жуулчлалыг дэмжихийн тулд;
- Визийн хөнгөлөлт
- Нислэгийн тийзний тарифыг багасгах
- Жуулчдыг татах Монгол Улсын онцлогийг шингээсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоход төрийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлэх
- Аялал жуулчлалын салбарыг хариуцлагажуулах гэх мэт олон талд анхаарч, зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр Монголын аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл г.м бусад мэргэжлийн холбоод, салбарынхан төрийн байгууллагынхантай хамтран оролцож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга"- ын төслийг өнгөрсөн хавраас салбарынхан болон бусад салбарынханаар хэлэлцүүлсэн бөгөөд ийнхүү эцэслэгдлээ.
Өнгөрсөн 7 хоногт БОАЖ-ын Сайд болон ХЗДХ-ийн Сайд нар хуулийн үзэл баримтлалыг баталсанаар 2022.11.23-ны өдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаанаар оруулж, улмаар УИХ-д өргөн барихаар боллоо.
Засгийн газрын хуралдаанд Аялал жуулчлалыг дэмжих багц хуулийн төслүүдийг ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР танилцууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Хууль зүй, дотоод хэргийн яам
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын байгууллагын үйл ажиллагаанд Welcome to MONGOLIA уриа үгийг ашиглахаар тогтсон. Өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаад Засгийн газрын гишүүд энэ сарын 21-ний дотор төсөлд саналаа ирүүлэх, уг хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Хуулийн төсөлд дараах онцлог зохицуулалтыг тусгажээ.
- Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн ойлголтыг нэвтрүүлж, аялал жуулчлалын салбарт үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх;
- Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилж, тур-операторын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх;
- Тодорхой газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгох зорилгоор аялал жуулчлалын бүсийг улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүс гэж ангилж, бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх;
- Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгох;
- Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох;
- Хил орчмын аялал жуулчлалыг байнгын ажиллагаатай боомт, олон улсын боомт болон хил орчмын нутаг дэвсгэрт байрлах чөлөөт бүсэд олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх;
- Ан агнуурын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр тооцоо, судалгаанд үндэслэн аргаль, янгир, идлэг шонхорыг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- Төрөөс аялал жуучлалыг дэмжих чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах, аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэх зорилгоор зарцуулна.
- Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ;
- Аялал жуулчлалыг мэргэжлийн холбоог байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тус тус тусгажээ.
Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны зардлыг нэмэх боломжийг судалж, Засгийн газарт танилцуулахыг үүрэг болголоо.
Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардал, хоолны илчлэгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, донор байгууллагууд, судлаачид, сургалтын байгууллагын зүгээс дотуур байрны суралцагчийн хоногийн хоолны норматив зардлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Дотуур байранд амьдарч байгаа суралцагч 3000 төгрөгийн зардлаар өдрийн гурван удаа цай, хоол иддэг. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд 1300 төгрөгөөр нэмэгдүүлэн 4300 төгрөг болгох боломж байгааг салбарын яам мэдээлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 2022-2023 оны хичээлийн жилд 6-18 насны 33312 хүүхэд амьдарч байна.
2023 оны төсөвт багтаан ЕБС-ийн дотуур байрын ахлан ангийн сурагчдын хоолны зардлыг 825 төгрөгөөр нэмэгдүүлж 4300, дунд болон бага ангийн хүүхдийн хоолны зардлыг 525 төгрөгөөр нэмэгдүүлж 4000 төгрөг болгох боломжтой гэж үзэж байна.
Танилцуулгатай холбогдуулан боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг шийдвэрлэх боломжийг Сангийн яамтай хамтран судалж, цаашид үе шаттай төсөвт тусган саналаа танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг хэлэлцэн, дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
Манай улс 2000 оноос хойш төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тухай асуудал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгад:
- Технологийн дэвшилд тулгуурлан хүний оролцоог 60 хувиар бууруулах,
- Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэл цахим системээр зохион байгуулах,
- Ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх
- Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих,
- Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгажээ.
Сүүлийн жилүүдэд хийгдэж буй төрийн цахим шилжилтийн үр дүнд тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх явцыг хурдан шуурхай зохион байгуулах боломж бүрдсэн. Мөн аж ахуйн нэгжүүдээс тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй баримт бичгийг 70 хувиар бууруулж, төрийн мэдээллийн системд хадгалагддаг бүх мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй байх зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна.
Монгол Улсын хэмжээнд худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д нийт 17,609 аж ахуйн нэгж бүртгүүлж, цахим тендерт оролцож байгаа бөгөөд манай улс төрийн худалдан авах ажиллагааны бүх үе шатыг цахим болгох бололцоотой байна. Төрийн мэдээллийн сангууд хоорондоо хүний оролцоогүйгээр мэдээллээ солилцож тендерийг бодитой, түргэн хянан үзэх боломжийг бий болгоно.
Товч мэдээ
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын гишүүд багтлаа.
- Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй бүтээлийг ашигласны төлбөрийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид нөхөн олгох журмыг баталлаа.
Эх сурвалж: tustas.mn
Эх сурвалж: Монголын Мэдээ #ЦагийнХүрд
"Зүүн бүсийн Аялал жуулчлалын" зөвлөгөөн 2022.11.18-19-ний өдрүүдэд ЧИНГИС ХОТНОО зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг дарга, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ерөнхий сайд, дэд сайд, Аялал жуулчлалын холбоод болоод тур операторуудын төлөөлөл оролцож салбар дахь төр, хувийн хэвшил, орон нутгийн иргэд, хувийн хэвшил бүлгүүдийн хамтын ажиллагааг сайжруулах харилцан суралцаж туршлага судлах санал солилцох замаар эдийн засгийн үр өгөөж бүхий бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хил орчмын болон түүхэн аялал жуулчлалыг гадаад дотоодын зах зээлд сурталчлан таниулах, цаашид тогтвортой хамтран ажиллах, гарц шийдэл тодорхойлох зорилготой.
Тус зөвөлгөөнд Монголын Аялал Жуулчлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Мөнх-эрдэнэ илтгэл тавьж оролцож байна.