Шайбтай хоккейн ДАШТ Улаанбаатарт “Степпе Арена” ордонд 2023 оны 3 дугаар сарын 23-26-нд болно
Шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Степпе Арена” Мөсөн өргөөнд 2023 оны гуравдугаар сард болно.
Мөн тус ДАШТ-ий өмнө Ази тивийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг “Степпе Арена”-д зохион байгуулах юм.
Финланд улсад 2022 оны 6 дугаар сард болсон Олон улсын мөсний хоккейн холбооны Их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-ийг Монгол Улсын нийслэлд зохион байгуулах шийдвэр гаргаж, зарласан билээ.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа хоккейн ДАШТ-ийг Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан, дөрвөн улирлын “Степпе Арена” ордонд 2023 оны 3 дугаар сарын 23-26-нд зохион байгуулах юм. Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д Монгол, Филиппин, Кувейт, Индонези улсын шигшээ багууд өрсөлдөнө.
Монгол Улс нь Олон улсын мөсний хоккейн холбоонд 1999 онд анх элссэн бол IV дивизионы ДАШТ-ийг 2023 онд зохион байгуулснаар тус дивизионы гишүүнчлэлийг авах юм байна.
Харин Азийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээн буюу Ази, Номхон далайн улс орнуудын 18 нас хүртэлх өсвөр насны залуучуудын шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 3 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд “Степпе Арена”-д явагдаж шилдгүүдээ тодруулах юм.
Олон улсын мөсөн хоккейн холбооны Ази Номхон далайн Стратеги төлөвлөлтийн бүлэг 2022 оны 10 дугаар сард Абу Даби хотноо гишүүн улс орнуудын холбоодын төлөөлөлтэй стратеги, улирлын бэлтгэл, үнэлгээ, зохицуулалтын талаар танилцуулсан хуралдааны үеэр Азийн залуучуудын хоккейн АШТ-ийг Монголд зохион байгуулах шийдвэр гаргасан байна.
Манай улсад болох тэмцээнд Монгол, Индонез, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ гэсэн есөн багийн 198 тамирчин өрсөлдөх юм.