СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Зөвхөн зун жуулчид ирдэг хэмээвэл Монголын аялал жуулчлалын салбар хөгжихгүй”

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.МөнхтамирМИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.МөнхтамирАялал жуулчлал, агаарын тээврийн хамтран ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд МИАТ ТӨХК “Аялал жуулчлалыг дэмжих тусгай тариф”-ыг танилцуулж, Монголын аялал жуулчлалын холбоотой санамж бичиг байгууллаа.

Тухайлбал, МИАТ ТӨХК зуны ид ачааллын буюу 6-9 сараас бусад үед Монголд аялах, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд зохион байгуулах эвентүүдэд оролцох жуулчдын нислэгийн тарифт 50 хувь хүртэлх хөнгөлөлт үзүүлэх аж. Энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Монгол Улсад ирэх жуулчдад зориулсан өвлийн цагийн хуваарь гаргаж байгаа. Засгийн газрын бодлогын хүрээнд 2023 оны турш зохион байгуулах эвентүүдэд оролцох жуулчдыг хөнгөлөлттэй үнээр авчрах юм. Жуулчид зочид буудлуудад буух, хоол идэхээс эхлээд олон чиглэлд эдийн засгийн үр нөлөө үзүүлдэг.

2023 онд МИАТ компани 23 мянган цагийн нислэг хийж, 750 мянга орчим суудлыг зах зээлд гаргана хэмээн тооцож байна. Цар тахлын өмнөх оргил үед бид жилд 19 мянга орчим цаг нисэж байсан. Харин энэ жил даруй 4 мянган цагаар их буюу МИАТ компанийн түүхэнд байгаагүй том зорилт тавилаа.

Агаарын тээврийн либералчлал эрчимтэй байгаа энэ үед МИАТ компани бусад агаарын тээврийнхнийг дэмжих бодлогыг орхигдуулаагүй. Үүнээс гадна, ойрын ирээдүйд бид АНУ руу нислэг нээхээр төлөвлөж байна. 2024 оны нэг, хоёрдугаар улиралд тус нислэгийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2023 оны зуны ид ачааллын үеэс өмнө МИАТ компани өргөн биетэй онгоц авчирна. Энэ онгоцоор холын нислэгүүдийг хийнэ. Тэгэхээр онгоцны дутагдал үүснэ гэх ойлголт байхгүй болно.

Сөүл хотын чиглэлд долоо хоногийн 20 цагийн нислэг хийнэ. Долоо хоногт Франкфурт руу зургаа, Истанбул руу дөрөв, Бээжин рүү 11 нислэг хийхээр төлөвлөж байна” хэмээлээ.

-Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр
-Монголын аялал жуулчлалыг агаарын тээврийн хамтын ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Зөвхөн зун жуулчид ирдэг хэмээн бусад хугацааг нь орхивол Монголын аялал жуулчлалын салбар хөгжихгүй. Тиймээс бид зуны бус үед хэрхэн бүтээгдэхүүнээ сайжруулах вэ, жуулчид Монголд ирээд юу сонирхох, ямар онцлогтой бүтээгдэхүүн байхыг тодорхойлох, Монголыг зориод ирсэн хүмүүст ямар үйлчилгээ бий болгохыг илүү их ярьж, бодлого, чиглэлийг тодорхойлж байна.

Тухайлбал, Засгийн газраас эвент календарийг баталсан. Сар бүр хоёроос доошгүй эвент болох юм. Тэмээний, мөсний баяр хийнэ гэдэг. Гэтэл жуулчин Монголд яаж ирэх нь агаарын тээврээс шууд хамааралтай. Гуравдугаар сард ирэх жуулчин ид ачааллын зургаадугаар сард ирэх жуулчинтай адил үнэ төлөхөд хэцүү. Тиймээс зуны бус улиралд агаарын тээврийг хэрхэн зохицуулж ажиллаж болох талаар МИАТ ТӨХК манлайлал үзүүлж байна.

Агаарын тээвэр дээр үндэслээд төмөр зам, зочид буудал зэрэг томоохон үйлчилгээнд дандаа барьцаа авдаг. Цаашдааг барьцааг яах юм, багцын үнийг хэрхэх, үнийн ялгаа яаж бий болох зэрэг нарийн зүйлүүд зөндөө бий. Энэ бүх хүндрэлтэй зүйлсийг дотор нь задалж, аялал жуулчлалын салбарынхан юу хүсэж байна, агаарын тээврийнхэн ямар шаардлага стандарт тавьж буйг багцалж “Монгол дахь аялал ба агаарын тээврийн багц” үйлчилгээг санал болгож, энэ талаар хамтран ажиллах болж буй нь өнөөдрийн үйл ажиллагааны гол зорилго юм.

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-Монголд өвөл ирэх жуулчдын нислэгийн үнэ, худалдан авах нөхцөл, барьцаа, зээл зэргийг хөнгөн болговол МИАТ компаниар дамжиж Монголд ирэх гаднын зорчигчийн урсгал нэмэгдэх болов уу гэж харж байна. Аялал жуулчлал олон салбарын менежментийн дундаас явагддаг. Онгоцны асуудал хөнгөвчлөгдөөд бусад нь зогсонги байвал бас хэцүү.

Өвлийн аялал аюулгүй байдал, тохь тухаас хамааралтай.              

-“Гангаамаа Экспедишинс” компанийн үүсгэн байгуулагч Б.Гангаамаа:
-Манай компани аялал жуулчлалын салбарт тийм ч олон жилийн туршлагатай биш. Ерөнхийдөө энэ салбарт эхлэлээ тавин ажиллаж байна. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хийж буй ажлууд оновчтой шийдэл хэмээн харж байгаа. МИАТ компани бол Монголд жуулчид ирэхэд хамгийн том гүүр болдог. Тиймээс энэ компанийн санаачилга цаашид үр өгөөжөө өгнө хэмээн найдаж байна. Гэхдээ сайжруулж, шинэчлэх шаардлагатай зүйлс бий. Хөнгөлөлттэй тарифаар үйлчлэхдээ нислэгээ тогтмол байлгах, цагийн хуваарь, үйлчилгээний соёл зэргийг цогцоор нь өндөр түвшинд байлгах шаардлагатай.

-“Номадс турс экспедишн” ХХК-ийн ахлах менежер П.Гантулга:
-Манай компани 1995 оноос эхлээд аялал жуулчлалын салбарт ажиллаж эхэлсэн, Германы хөрөнгө оруулалттай байгууллага юм. Манай жуулчдын 70-90 хувь нь Европоос ирдэг. Бид маш олон жил МИАТ компанитай хамтарч ажиллаж байна. Энэ жилд жуулчдад тусгай тариф гаргаж байгааг талархууштай хүлээн авлаа.


МИАТ ТӨХК, Монголын аялал жуулчлалын холбоотой байгуулсан санамж бичгийн гол заалтад, гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллахыг тусгажээ. Тиймээс энэ нь цаашдаа Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд МИАТ компани дэмжиж ажиллана гэх агуулгатай санамж бичиг юм хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир яриандаа онцолсон юм.

 

                                                                                                                                                                               эх сурвалж:https://gogo.mn/

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ