СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Автотээврийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт бага хурал зохион байгуулагдлаа

Өнөөдөр буюу 2022 оны 11 сарын 17ны өдөр "Автотээврийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт бага хурал зохион байгуулагдлаа. Тус хуралд МАЖХ-ны гишүүн байгууллага Бирга Тур ХХК-ийн захирал Д.Байгалмаа, Тэнүүн тур ХХК-ийн захирал Б.Ижилмөрөн, МАЖХ-ны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр нар "Жуулчин тээвэр"-тэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэн оролцлоо.
Монгол Улсын хөгжилд Автотээврийн салбарын үзүүлэх нөлөөллийг идэвхжүүлэхэд мэргэжлийн холбоодын хувьд төр хувийн хэвшлийн гүүр болж, мэргэжлийн ёс зүй, хууль стандарт, аюулгүй байдлыг сахиулах, олон улсын болон дотоодын зорчигч тээврийн логистик үйл ажиллагааг нэвтрүүлэх, салбарын ажилтныг мэргэшүүлэх, тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэхэд хамтран ажиллаж ирээдүйн чиг хандлагаа зөв төлөвлөх зорилтын хүрээнд 3 чиглэлээр салбар хуралдаан өрнөж, хэлэлцүүлэг явагдлаа.
 
 
МАЖХ-оос "Зорчигч тээвэр"-ийн салбар хуралдаанд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдээс ирсэн жуулчин тээвэртэй холбоотой асуудлуудыг нэгтгэн боловсруулж хүргүүллээ.
 
 
Жуулчин зөвшөөрөл олгох шат дамжлага, бичиг баримтыг бууруулах, хөнгөвчлөх, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүдийг жуулчин тээвэр гүйцэтгүүлэхгүй байх, хяналт шалгалтыг мэргэжлийн холбоодтой хамтран хийх механизм, эрх зүйн орчинг бий болгох, одоо мөрдөж байгаа Жуулчин автотээврийн үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS 5231:2003 стандартыг шинэчлэн боловсруулах ажилд хувийн хэвшлийхний саналыг тусган ажиллах зэрэг саналыг өргөн барилаа.
 
Тус бага хурлаар салбарын үйлчилгээний чиглэлүүдээр тулгамдаж буй асуудлуудыг тусгайлан хэлэлцэж, хурлаас гарсан шийдвэрийг төрийн бүх шатны эрх бүхий холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэхээр "Өргөх бичиг" үйлдэж өргөн барихаар боллоо.

SLS амжилттай хөөрлөө

Хүн төрөлхтнийг Саран дээр байнгын оршин суугч болгох зорилготой Артемис хөтөлбөрийн эхний даалгавар ийнхүү эхэлж байна.

SLS нь одоогоор хамгийн хүчирхэг цойлуур бөгөөд Orion хэмээх хамгийн дэвшилтэт хүн тээвэрлэгч хөлгийг сансарт гаргана. Уг хөлөг нь дотроо 4 ширхэг хиймэл хүн тээж яваа бөгөөд 25 хоногийн урт аялалд гарна.

Сарыг бүтэн тойрч ирэхдээ 2024 онд жинхэнэ хүн тээвэрлэх Артемис-2 даалгаварт шаардлагатай төхөөрөмжийн чанар шалгалт, туршилтыг хийж мэдээлэл цуглуулах юм.

2022 оны 11 сарын 16

АРТЕМИС ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ХӨӨРГӨЛТ!

Уг хөтөлбөр нь биднийг гараг хоорондын соёл иргэншил болгох томоохон алхам билээ. Цаашлаад Ангарагийг колоничлоход шаардлагатай дадлага, туршилтыг уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Хүн төрөлхтөн одод хоорондын соёл иргэншил болоход ойртож байна.

 

Ажлын байранд суурилсан сургалтын MONGWBL хөтөлбөрийн үйл явц

МАЖХолбоо нь "Монголын дээд боловсролын“ тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой /#MONGWBL/ төсөлтэй 2020 оноос хойш хамтран ажиллаж байна.

Энэхүү төслийн хүрээнд Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль зэрэг сургуулиудын аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг Ажлын_байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг 3 сарын хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ.

Төсөлд оролцогч оюутнууд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагад цалинтай дадлагжиж, ур чадвар, мэдлэг туршлагаа хөгжүүлэн, суралцах боломжтой болж байгаа юм.

Тус дадлагжигч хөтөлбөрийн хүрээнд 11 дүгээр сарын 14-16-ний өдрүүдэд ажил олгогч байгууллагуудын төлөөлөл болон дадлагжигч оюутнуудтай дадлагын явц, үр дүнгийн талаар уулзалтыг зохион байгуулж тэдний санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлыг сонсож дадлагын явцтай танилцлаа.

Оюутнуудын сэтгэгдлээс дурдахад : хичээл дээр ордоггүй зүйлийг практик дээр суралцаж байгаадаа мөн тухайн байгууллагтаа нэг хамт болон ажиллаж дассан, цаашид үндсэн ажилтнаар ажиллах болсон зэрэг сэтгэгдэл өндөр байгаагаа бидэнд илэрхийллээ.

Борхүүг маргааш дархан цаазат Богдхан ууланд нутагшуулна

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар 5 сард осгосон бугийн элийг тэжээн өсгөж Борхүү хэмээн нэрийдсэн байдаг. Тэгвэл өнөөдөр Борхүү 3 нас хүрчээ. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр бол амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна.

Тэгвэл Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд авчрах шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ны талбайд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан ууланд нутагшуулах юм.

Борхүүгийн хувьд хүрээлэн буй орчиндоо дасган зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ын зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж бэлчээрлүүлэх идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулах юм.

Борхүүг 2022.11.17-ны өдөр Богдхан уулын Тайны аманд “Мөнгөн эгшиг” ХХК-ын бэлчээрийн талбайд нутагшуулан хүлээлгэн өгөх юм. Уг үйл ажиллагаа олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй бөгөөд цагийг маргааш зарлах болно.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

  • Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар,
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
  • Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар,
  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг 22 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудаар мэдээлэл өгнө.

Хөрөнгө оруулагч гадаадын иргэнийг урих Зөвлөмж

Гадаадын иргэн нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж /нийт хувьцааны 25 болон түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшдэг/-ийн хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлага, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтнаар Монгол Улсад оршин суух боломжтой. Оршин суух гадаадын иргэн нь тохирох ангиллын визээр буюу хөрөнгө оруулагчийн ангиллын визээр Монгол Улсад орж ирсэн байх шаардлагатай байдаг. Хөрөнгө оруулагчийн ангиллын визийг хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд нь Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон визийн зөвшөөрлийн дагуу олгодог. Тиймээс уригч аж ахуйн нэгж нь Гадаадын иргэн, харьяатын газарт хандан визийн зөвшөөрөл /урилга/ мэдүүлнэ.

Үүний тулд эхлээд гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яам /утас: 77001717/-д хандаж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх захирал, эсвэл гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан мөн болохыг тодорхойлсон тодорхойлт авна.

Уг тодорхойлолт гарсаны дараа Гадаадын иргэн, харьяатын газрын сайтад заасан дараах бичиг баримтыг бүрдүүлэн Гадаадын иргэн, харьяатын газарт цахимаар хандана.

Дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж тухайн компаний итгэмжлэгдсэн ажилтан нь хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний сайтаар гаргах бөгөөд визийн зөвшөөрөл нь бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар илгээгдэнэ. Уг визийн зөвшөөрлийн дагуу гадаадын иргэн нь гадаад улсад байгаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас, эсвэл орж ирэх хилийн боомт дээрээс визээ авч орж ирнэ.

Гадаадын иргэнийг хилээр орж ирснээс хойш 21 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлэн оршин суух зөвшөөрөл мэдүүлнэ.

  • Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гадаадын иргэний Монгол Улсад байх зорилго, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
    Визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гаргасан албан хүсэлтийн эх хувь, бүрдүүлсэн бусад баримт бичгийн хуулбарыг авч ирнэ.
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  • Шаардлагатай бусад баримт бичиг (татварын болон нийгмийн даатгалын тодорхойлолт- тухайн жилийг оруулаад сүүлийн 3 жил г.м.)
    Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  • Мэдүүлгийн хуудас
  • Оршин суух зөвшөөрөл олгоход шийдвэрлэлтийн хугацаа ажлын 5-8 хоног байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

 

Сингапурын тогтвортой байдал, байгаль орчны яамтай уур амьсгалын асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулна

Сингапурын тогтвортой байдал, байгаль орчны Сайд хатагтай Грейс Футэй уулзалт хийлээ.

2015 оны Парисын хэлэлцээр буюу дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх анхны хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхээр улс орон бүр ажиллаж байна. Монгол улс ч гэсэн өөрсдийн зорилгоо тодорхойлж, ҮТХНЗ баримт бичгийг гаргасан. Энэ хүрээнд 2030 он гэхэд манай улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-иар бууруулах үүрэг амлалт авсан, түүнд хүрэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Ингэхдээ бид тайлагнах үйл явцад хариуцлагатай, ил тод байх зарчмыг баримталж байна.

Манай улс хэдийгээр хүн амын нягтрал багатай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүлэмжийн хийн шингээгчийн асар том нөөцтэй, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын маш бага хувийг эзэлж байгаа ч эдийн засгийг тэлэх, дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрүүдийг ногоон болгох, мэдлэгт суурилсан, ногоон техник, технологийг нутагшуулах талаар улс орнуудтай тэр дундаа Сингапур улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийллээ.

Манай Засгийн газрын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хүлэмжийн хийн зах зээлд оролцох, хүлэмжийн хийн худалдааг эрчимжүүлэх зорилготой. Энэ ажлыг хийхэд бидэнд судалгаа шинжилгээний шинэ арга аргачлал, тооцоолол, хүний нөөцийг чадавхижуулах, санхүүгийн дэмжлэг тусламж шаардлагатай байна. Ж.нь: Сингапур Улсын Үндэсний Их сургуулийн Ази-Номхон далайн орнуудад хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн эх үүсвэрийн тооллого, сансараас тандан судлах судалгааны томоохон төсөлд Монгол Улсыг хамруулах. Энэ нь их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх чадавхийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг алхам болно.

Мөн яам хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар харилцан санал солилцож, хүлэмжийн хийн зах зээл, түүнийг худалдаалах талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлого эрх зүйн орчинг сайжруулахад хамтран ажиллах, цаашлаад сайн туршлагаас суралцах, байгаль хамгаалах, УАӨ-ийн асуудлаар ойлголцолд хүрэх санамж бичиг байгуулах талаар санал нэгдлээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хурал боллоо

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд аялал жуулчлалын үндсэн болон дагалдах үйлчилгээ, тур операторын үйлчилгээг хэн эрхлэх, хил орчмын аялал жуулчлал, жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгаж өгснөөс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, ан агнуур, аялал жуулчлалын тээврийн гарцыг нэмэх, аялал жуулчлалын бүс нутгийг зарлах, мэргэжлийн холбоо ямар үйл ажиллагаа явуулах талаар зааж өгчээ. Аялал жуулчлалын сан байгуулж, сангийн хуримтлалыг тус салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт зарцуулах, ан агнуурын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох, гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог байх, эрсдэл өндөртэй аялалд заавал даатгалд хамрагддаг байх зэрэг зохицуулалтыг багтаажээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хоорооны хуралдаанаас тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг илүү боловсронгуй болгох, зарим зүйл, заалтын тооцоо судалгааг нарийвчлан хийж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ