ВЬЕТНАМ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ВИЗНИЙ ЖУРМАА СУЛРУУЛНА
Вьетнам улс хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийн тулд визний бодлогоо өөрчилж, гадаадын жуулчдад виз олгох журмаа сулруулахаар болжээ.
Тус улсын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас өргөн мэдүүлсэн шинэ хуулийн төслийн дагуу цахим визтэй хүмүүс Вьетнам улсад 90 хүртэлх хоног байх боломжтой болсон юм. Мөн визний шаардлагаас нэг талдаа чөлөөлөгдсөн улсын иргэдийн визгүй байх хугацааг 15 хоногоос 30 хоног болгон сунгаж байгаа гэнэ.
Вьетнам улс одоогийн байдлаар 25 орны жуулчдыг визний шаардлагаас аль хэдийн чөлөөлсөн бөгөөд 80 орны жуулчдад нэг сарын хугацаатай цахим виз олгодог юм.
Энэхүү бодлого нь цар тахлын дараачаар тус бүс нутгийн бусад улс орнуудын аялал жуулчлалын салбар дахь өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед гадаадын жуулчдыг татах зорилготой юм. Бодлого боловсруулагчид мөн энэхүү шийдвэрийг зөвхөн аялал жуулчлал гэлтгүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжийг эрэлхийлэхэд тус дөхөм болж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөдөлгөгч хүчийг бий болгоно гэж үзэж байна.
Вьетнам улсад энэ он гарснаас хойш эхний хоёр сарын байдлаар 1.8 сая гаруй гадаадын жуулчид ирж 3.6 тэрбум ам.долларын орлого олжээ. Тус улс энэ жил аялал жуулчлалын салбараас 27.3 тэрбум ам.долларын орлого олох зорилт тавьсан нь цар тахлын өмнөх үеийнхээс 90.3 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.
Аялал жуулчлалын салбар нь 2019 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 9.2 хувийг бүрдүүлж байсан бөгөөд 18 сая жуулчин ирж 30.2 тэрбум ам.долларын орлого олж байсан гэдгийг албан ёсны статистик мэдээллээс харж болно.