АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, БОАЖЯ нь Аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлгийг хийж байна.
Аялал жуулчлалын тухай хуульд нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн үндсэн агуулга өөрчлөгдөөгүй бөгөөд тус хууль нь 2002 оны аялал жуулчлалын харилцааг зохицуулах агуулга бүхий зохицуулалтуудтай хэвээр байна.
Судалгааны багийн боловсруулсан “Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ”-ний судалгаагаар Аялал жуулчлалын тухай хуульд Иргэний хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг 10 орчим хууль тогтоомжтой давхардсан 6 давхардал, 7 зөрчил, 10 хийдэл байна.
Аялал жуулчлалын тухай хуулийг дагалдан гарсан, мөн энэ салбарын харилцааг зохицуулж байгаа 20 орчим дүрэм, журам, стандартуудыг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байна.
Аялал жуулчлалын хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай нийгмийн хөгжил, дэвшлийн явцад бий болсон харилцаа болох жуулчны аюулгүй байдал, даатгал, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төрөөс үзүүлж санхүүгийн дэмжлэг зэрэг эрх зүйн харилцаанууд зохицуулалтгүй байна.
Хамгийн их хэлэлцүүлэгтэй, хамтын ажиллагаатай, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож боловсруулж байгаа Аялал жуулчлалын тухай хууль нь эдийн засгийн эргэлтийг сайжруулах, ДНБ-д эзлэх аялал жуулчлалын хувийг нэмэгдүүлэх, төрийн чиг үүргийг хэсэгчлэн болон бүхэлд нь мэргэжлийн холбоо, хувийн хэвшилд шилжүүлсэн бодлогыг агуулсан хууль болж байна.