ТУРК УЛС ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫГ ҮЛ ХАРГАЛЗАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛИРАЛ АМЖИЛТТАЙ БОЛНО ГЭЖ ТООЦООЛЖ БАЙНА
Туркийн Газар дундын тэнгисийн эрэгт өнгөрөгч 2-р сард болсон аймшигт газар хөдлөлтийг үл харгалзан энэ зун олон тооны жуулчид тус улсыг зорин ирэх төлөвтэй байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Цаг агаарын температур нэмэгдэхийн хэрээр Оюу эрэг, эртний өв соёлоороо алдартай Туркийн өмнөд хэсгийн “Туркийн Ривьера”-д аялал жуулчлалын оргил үе эхэлж байна.
Өнгөрөгч 2-р сарын 6-нд болсон газар хөдлөлтийн дараачаар тус улсыг зорих жуулчдын захиалгын тоо буурсан хэдий ч байдал удалгүй хэвийн болсон гэж Анталья хотын Аялал жуулчлалын зочид буудлуудын холбооны тэргүүн Бурхан Сили ярьжээ. Тэрээр: “Өнгөрсөн жилийн гадаадын жуулчдын тоо болон орлогын мэдээлэл энэ жилийн аялал жуулчлалын эхэн үед бидэнд итгэл найдвар төрүүлж байна. Ойролцоогоор бидний тооцоолж байгаагаар 2023 оны аялал жуулчлалын улирлын төгсгөлийг бид өнгөрсөн жилийнхээс илүү ашигтайгаар хаах болно.” гэжээ.
Туркийн аялал жуулчлалын нийт орлого 2022 онд түүхэн дээд хэмжээнд хүрч, 51 сая жуулчин хүлээж аван 46.3 тэрбум ам.долларын орлого олсоноо тус улсын статистикийн хорооноос мэдээлж байсан.
Газар дундын тэнгисийн эрэг дээрх аялал жуулчлалын гол төв болох Аланья хотод энэ оны эхний 3 сарын байдлаар ирсэн жуулчдын тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 55%-иар өссөн дүнтэй гарчээ.
Силлигийн хэлсэнээр Орос болон Европын орнууд, ялангуяа Герман, Их Британи зэрэг орнуудаас зоригсод жуулчдын ихэнх хувийг эзэлж байгаа гэнэ.
Туркийн Аялал Жуулчлалын Яамны сайд Мехмет Нури Эрсой: “Гадаадын жуулчдын тоо 2023 онд 60 саяд, 2028 онд 90 саяд хүрэх төлөвтэй байгаа бол орлого энэ онд 56 тэрбум ам.доллар, 5 жилийн дараа 100 тэрбум ам.долларт хүрнэ” гэж мэдэгджээ.
2022 он гарсанаас хойш Туркийн мөнгөн тэмдэгтийн хатуу вальюттай харьцах ханш огцом унасан нь Европын иргэдийн хувьд тус улсад амьдрах, аялах таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Турк Лирийн ханш сул байдаг нь хямд аялал хайж буй гадаадын жуулчдад таатай байдаг бөгөөд Турк улс олон гадаадын иргэдийн хувьд аялал жуулчлалын шилдэг сонголтуудын нэг байсаар ирсэн. Мөн сүүлийн жилүүдэд урсгал, тэнцлийн алдагдал ихэссэн Турк улсын эдийн засагт аялал жуулчлалын салбар чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус улсын 2 сая гаруй хүний амжиргааг аялал жуулчлалын салбар хангадаг юм.