СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭРЭЭН ХОТЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ МОНГОЛ ЖУУЛЧДЫН ЗОРИН ОЧИХ ЧИГЛЭЛ БОЛЖЭЭ

Монголын ЕБС-иудын хаврын амралт  болон БНХАУ-ын Ханш нээх өдрийн баяр өнгөрөгч долоо хоногт давхцсан юм. Эдгээр өдрүүдэд уул усаар холбогдсон мөнхийн хөрш Монгол улсаас жуулчид хүүхдүүдээ дагуулан Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотыг зорин ирж, Үлэг гүрвэлийн музейг ихээр үзжээ.

Ялангуяа 04-р сарын 04-ний өдөр Эрээн хотын Үлэг Гүрвэлийн музей тун ч завгүй байлаа. Энэ өдөр Монголын 300 гаруй жуулчид музейгээр зочилж үлэг гүрвэлийн үүсэл түүх, зуршил, зан чанар, нэрсийг судалж эртний аварга биетний түүхээр аялжээ.

Үлэг гүрвэлийн чулуужсан олдвор, арга яс, сэргээн засварласан бодит мэт загварууд болон палеонтлогийн үнэт олдворууд бүхий үзмэрүүд нь зочин бүрийг Цэрдийн галавын үед аваачсан мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.

Зочид музейтэй танилцсаны дараа үлэг гүрвэлээр сэдэвчилсэн соёлын болон бүтээлч үзэсгэлэнгийн талбайд саатаж “Үлэг гүрвэлийн найзууд” дэлгүүрээс бэлэг дурсгал болон амттан худалдан авчээ.

Эх сурвалж: http://www.northnews.cn/

МОНГОЛ УЛС 2024 ОНЫ 02-Р САРД 1,900 ОРЧИМ ГАДААДЫН ИРГЭДЭД И-ВИЗ ОЛГОЖЭЭ

2024 оны 02-р сард 28 орны 3,113 гадаадын иргэнд Монгол улсын виз олгосон тухай Гадаадын иргэн, харьяатын газар мэдээлсэн байна. Түүнчлэн мөн хугацаанд 612 гадны иргэн Монгол улсад оршин суух эрх авсан бөгөөд 1,309 гадны иргэдийн оршин суух эрхийг сунгажээ.

Өнгөрөгч 01-р сард 31 орны 2,699 гадаадын иргэдэд визний зөвшөөрөл олгож, 3,495 гадаадын иргэн и-виз авсан байна.

2023 онд Гадаадын иргэн, харьяатын газар нийт 44,831 ширхэг Монголын виз олгосноос 31,242 нь и-виз байжээ. Түүнчлэн нийт 23,555 гадаадын иргэнд Монгол улсад оршин суух зөвшөөрөл олгосон бөгөөд, 19,488 иргэний оршин суух зөвшөөрлийг сунгаж, 12,658 иргэний бүртгэлийг хассан байна. 2022 оны дүнтэй харьцуулахад энэ нь 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ШИНЭЛЭГ, ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ” B2B ӨДӨРЛӨГ

Монголын аялал жуулчлалын холбоо, Завхан аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтран аялал жуулчлалын салбарт гарааны бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих зорилготой B2B арга хэмжээг зохион байгуулах гэж байна. "Аялал жуулчлал - шинэлэг, чанартай үйлчилгээ" сэдвийн дор төлөвлөгдсөн энэхүү өдөрлөг нь аялал жуулчлалын санал болгож буй стандартыг дээшлүүлэх, салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

Шинээр гарч ирж буй аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийн 100 гаруй төлөөлөл энэхүү арга хэмжээнд оролцох болно. Энэхүү B2B өдөрлөг нь  Аялал жуулчлалын салбар дундын хамтрагчдын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, харилцан мэдээлэл солилцох, түншлэлийн гэрээ хийхэд чиглэсэн бөгөөд үйлчилгээ шинээр эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, сурталчлан таниулах ач холбогдолтой.

Оролцогчоор орох хувь хүмүүс, аж ахуй нэгж байгууллага дараах холбоосоор дарж бүртгүүлнэ үү:
https://forms.gle/yNcSThpJYDGUUGzE6
Зочноор оролцох бол https://forms.gle/DatjbXjrtWNaAq3c6

Хэзээ: 2024 оны 3-р сарын 29, 30-ны өдрүүдэд 10:00-17:00
Хаана: Улаанбаатар зочид буудлын Баянзүрх, Сонгинохайрхан танхимуудад зохион байгуулагдана
Холбогдох утас: 9910-9816, 8888-0636 

ДУБАЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ БАРИХЫГ ЗОРЬЖ БАЙНА

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Ал Мактум олон улсын нисэх онгоцны буудал анхны олон улсын нислэгээ хүлээн авч байлаа. 2013 оны 10 сард Будапештээс хөөрсөн Уизз Эйр А320 нислэг Дубай Дэлхийн Төв /ДДТ/-д газардаж байсан юм.

Дубай хотын төвөөс баруун өмнө зүгт 32 км-ийн зайд орших тус нисэх онгоцны буудал нь ойрын ирээдүйд дэлхийн хамгийн том, хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудал болох зорилготой байна. Энэхүү алсын хараа нь дэлхийн эдийн засгийн томоохон зангилаа болох АНЭУ-ын байр суурийг нөөцийн асуудалд оруулахгүй байхыг баталгаажуулсан футуристик мега төв байх болно. 

Дубай Олон улсын нисэх онгоцны буудлын захиргаа Ал Мактум олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор мөн менежментийг нь хариуцан ажиллах бөгөөд жилдээ 160 сая гаруй зорчигч, 12 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болно гэж амлаж байна. Одоогийн дэлхийн хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудал болох Хартсфилд-Жексон Атлантагаас 63 сая зорчигчоор илүү гарах үзүүлэлт юм.

ДДТ нь агаарын хөлгийн засвар үйлчилгээ буюу салбарын хэллэгээр MRO-ийн төв аль хэдийн болсон бөгөөд хэд хэдэн агаарын ачаа тээврийн компаниуд салбараа байгуулж, түүнчлэн хувийн тийрэлтэт онгоцны болон захиалгат нислэг үйлдэгддэг газар болсон юм. 

Харин төлөвлөгөөт нислэгийн үйлчилгээ нь ихэвчлэн Зүүн Европ, ОХУ, Төв Азийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг хямд өртөг бүхий агаарын тээврийн үйлчилгээгээр одоохондоо хязгаарлагдаж байна.

ИРЭЭДҮЙН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ

Саяхан Ал Актум нисэх онгоцны буудалд зохион байгуулагдсан Дубайн агаарын шоуны үеэр ДДТ-ийн урт хугацаанд хэрэгжүүлэх стратегийн талаар зарим ойлголтыг танилцуулсан юм. Нисэх онгоцны буудал нь өмнө зүгт орших 145 кмв талбай бүхий цоо шинэ Өмнөд Дубай хэмээн нэрлэгдэж буй төслийн гол нэгж хэсэг байх болно. Энэхүү шинэ хотын төслийн зарим бүрэлдэхүүн хэсгүүд нь аль хэдийн бүрэлдэж эхэлсэн бөгөөд 950 сая долларын өртөг бүхий Эмиратын инженерийн төв болон нисэх, сансрын үйлдвэрлэлийн экосистемийн гол цөм болох Агаарын сансрын төв нь энэхүү алсын хараанд маш чухал үүрэг гүйцэтгэх юм.

2014 онд ашиглалтад орсон ойролцоох Катарын Хамад олон улсын нисэх онгоцны буудал нь холын зайн холболтын зах зээлд Дубайн шууд өрсөлдөгч бөгөөд жилийн 60 сая гаруй зорчигч хүлээн авах хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭНД КИРГИЗСТАН УЛС ЭЛСЭХ ХЭЛЭЛЦЭЭРТ МОНГОЛ УЛС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Киргиз-Монголын хоёр улсын эдийн засаг, уул уурхай, худалдаа, хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл хүмүүнлэг зэрэг салбарт эерэг өөрчлөлт гарч байгааг онцолсон бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр улсын соёлын үйл ажиллагааг өргөжүүлэх тухайд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж хоёр улсын соёл, түүхийн нийтлэг шинж чанарыг онцлон Дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.  

 

Түүнчлэн хоёр улс оюутан солилцоо, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллахаар тохиролцож Монгол оюутнуудыг Киргизийн их дээд сургуульд тэтгэлгээр сурах боломжийг бий болгожээ.

Энэхүү засгийн газар хоорондын хэлэлцээрийн гол зорилго бол Азийн авто замын сүлжээнд Киргизстан улс элсэх хэлэлцээрт Монгол улс дэмжлэг үзүүлэх, хөрш зэргэлдээ улс болон бүс нутгуудын хооронд олон улсын авто тээвэр, олон улсын худалдаа, аялал жуулчлалын салбарыг дэмжих, хөгжүүлэх НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх явдал юм.

БҮГД НАЙРАМДАХ ГРЕК УЛС, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА

Өнгөрөгч мягмар гарагт /2024.02.27/ Грек улсын Зам тээвэр, дэд бүтцийн яамнаас өргөн барьсан Грек-Монголын хооронд дахь агаарын тээврийн харилцааны хэлэлцээрийг Бүгд Найрамдах Грек Улсын парламент соёрхон баталснаар хоёр улсын хооронд агаарын тээврийн үйлчилгээ хэрэгжиж болохуйц болж байна.

Грек улсын Зам тээвэр, дэд бүтцийн яамны дэд сайд Кристина Алексполугийн хэлснээр энэхүү шийдвэр нь Грекийн хөгжлийн хөтөлбөр болон үндэсний эдийн засагт эергээр нөлөөлөх олон улсын хэлэлцээр төдийгүй Монгол-Грек улсын хооронд агаарын шууд холболтыг бий болгох нь Грекийн оролцоо байхгүй байсан зах зээлд аялал жуулчлалыг хөгжүүлэх, өргөжүүлэх болон бизнесийн шинэ боломжуудыг бий болгоход томоохон түлхэц өгнө онцолжээ.

Парламентийн хэлэлцүүлгийн үеэр нислэгийн аюулгүй байдлын талаар яриа өрнөх үеэр дэд сайд Кристина Алексполу, хэлэлцээр дэх заалтууд дээр нислэгийн аюулгүй байдлын талаар томоохон заалтууд орсон байгааг дурдсан юм. Түүний хэлснээр Грекийн эрх бүхий байгууллагууд өөрийн нутаг дэвсгэрт байгаа Монголын талын ямар ч онгоцыг шалгах эрхтэй төдийгүй, аюулгүй байдлын дүрмийг хэрэгжүүлж байгаад Европын холбооны улсууд ч ажиглалт хийх эрхтэй гэсэн байна.

Эх сурвалж: Greek City Times

БНСУ МОНГОЛ РУУ ХИЙХ ШУУД НИСЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

БНСУ-ын Зам Тээврийн яамнаас эрэлт нэмэгдэж байгаа энэ үед хоёр орныг холбосон нислэгийн тоог нэмэгдүүлэхээр Монголын талтай тохиролцсоноо Ням /2024.02.25/ гарагт мэдэгдлээ.

Энэхүү шийдвэрийн дагуу БНСУ нислэгийн үйл ажиллагаагаа өргөтгөж одоо байгаа таван байршил дээр нэмээд хоёр нисэх онгоцны буудлаас нэмэлтээр нислэг үйлдэх юм байна. Эдгээр нь Чежү Олон Улсын Нисэх Онгоцны Буудал болон, Яньян Олон Улсын Нисэх Онгоцны Буудал бөгөөд Монгол улс руу нислэг үйлдэх хүсэлтэй дотоодын агаарын тээврийн компаниудын хүсэлтийг хүлээн авч эхэлжээ.

Түүнчлэн БНСУ, Монгол улс нь Бусан хотын Гимхэ Олон Улсын Нисэх Онгоцны Буудлаас хөөрдөг нислэгийн тоог 7 хоногт 6 байсныг 9 болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн өмнө нь нисэх онгоцны хэмжээ болон суудлын тоо 200 байсан хязгаарлалтыг цуцлах тохиролцоонд хүрсэн юм.

БНСУ-аас Монгол улсыг зорих зорчигчдын оргил ачааллын үе нь 6-8-р сарын хооронд байдаг бөгөөд энэ үеэрх суудлын тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон байна.

Уулзалтын үеэр хоёр улсын хооронд үйлдэгдэж буй нислэгийн тоог бүрэн цуцлах талаар ярилцсан ч БНСУ-ын агаарын тээврийн компаниуд зах зээлд давамгайлах хандлагатай байгаа тул уг тохиролцоонд хүрч чадсангүй гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

БНСУ-ын Зам Тээврийн яамны мэдээлснээр хоёр улсын хооронд зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэж, 2021 онд 41,000 орчим байсан бол 2022 онд 318,000, 2023 онд 653,000-д хүрсэн гэнэ.

ЮНЕСКО: ХОЁР ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ДАЙНЫ УЛМААС УКРАЙН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР 3.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ийн судалгаагаар Орос-Украйны дайн эхэлснээс хойших буюу сүүлийн 2 жилийн хугацаанд Украйны соёл, аялал жуулчлалын салбар дахь дайны нөлөөллийн шинэ үнэлгээг тогтоосон байна. Аялал жуулчлалын салбарт учирсан хохирлын нийт өртөг 3.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд нөхөн сэргээхэд ойрын арван жилийн хугацаанд 9 тэрбум ам.доллар шаардлагатай болно. Энэ нь 2022 оны хоёрдугаар сараас хойш Дэлхийн банк, Украйны засгийн газар, Европын комисс, НҮБ-ын хамтран хийсэн хохирлын үнэлгээний 3 дахь судалгаа юм.

Украйны эрх баригчдын мэдээлснээр соёл, аялал жуулчлалын нийт 4779 өмч эвдрэл гэмтэл аваад байгаа бөгөөд үүнд; соёлын өвийн үнэ цэнтэй дурсгалт газар, барилга байгууламжууд, урлагийн бүтээл, цуглуулга, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн барилга байгууламжууд, аялал жуулчлалын газрууд багтжээ. Харьков муж хамгийн их хохирол амссан бөгөөд бүртгэгдсэн хохирлын 25%, Донецк муж 14.7%, Одесса муж 7.6%-ийг эзэлжээ.

2022 оны хоёрдугаар сараас хойш соёл, аялал жуулчлалын салбарын байгууллагууд 19.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байгаа бөгөөд үүний талаас илүү буюу 10.6 тэрбум ам.долларын алдагдалтайгаар Киев хот дангаараа эзэлж байна.

ЮНЕСКО-ийн мэдээлснээр Украйн улсын соёл, аялал жуулчлалын салбарыг сэргээх, сэргээн босголтын ажлыг санхүүжүүлэхэд 2024-2033 оны хугацаанд 9 тэрбум ам.доллар шаардлагатай гэж үзэж байна. Одоогийн байдлаар ЮНЕСКО өнгөрөгч 2 жилийн хугацаанд сэргээн босголтод зориулж гишүүн улсууд, хувийн хэвшлүүдээс 66 сая ам.долларыг босгоод байгаа бөгөөд Япон улс дангаараа 26 сая ам.долларын хандивыг өргөжээ.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ