КРИМ ДАХЬ ОРОСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР СҮЙРЛИЙН ИРМЭГТ БАЙНА
2023 онд зочид буудал, амралтын газарт захиалга өгсөн нийт орос жуулчдын ердөө 2.7% нь Кримийн ойролцоох газруудыг сонгожээ.
Оросын аялалын хайлт, захиалгын үйлчилгээний систем Sletat.ru-ийн мэдээлснээр энэ зуны аяллын улиралд Крим рүү зорих жуулчдын Оросын дотоод зах зээлд эзлэх хувь 2.7% хүртэл буурсан гэж борлуулалтын статистик харуулж байна гэв.
/Орос улс 2014 онд өөртөө нэгтгэж зарласан Кримийг өөрсдийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг тул үүнийг дотоодын зах зээлд хамруулдаг/
Оросын өөр нэг захиалгын үйлчилгээ болох Островокийн мэдээлж байгаагаар аялал жуулчлалын оргил үеэр Кримийн хойгт амрах хүсэлтэй хүмүүсийн тоо өнгөрөгч оныхтой харьцуулахад 50-60%-иар буурсан гэжээ.
Севастопол, Евпатория зэрэг хотуудын захиалга 66-69-%-иар буурсан бөгөөд үүний улмаас Евпатория хотод байрлах нэг хоногийн зардал 21%-иар унаж 3,800 рубль болжээ. Баруун Кримд үйл ажиллагаагаа явуулдаг Алаен жуулчны баазын захиалгын тоо энэ зун 50%-иар багасжээ.
Оросын Тур Операторуудын Холбооны дэд ерөнхийлөгч Сергей Ромашкин хэлэхдээ:
“Дотоодын жуулчдын Кримийн хойг руу аялах дургүй байгаа нь Крим дэх Орос-Украйны дайны нөхцөл байдал, Кримийн гүүрэн дээрх дэлбэрэлт, замын түгжрэл зэрэг шалтгаанууд нөлөөлж байгаа гэв. Тус бүс нутагт энэ оны эхний найман сарын байдлаар 3.7-3.9 сая жуулчин ирээд байна”
ОХУ-ын статистик мэдээллээр 2021 онд Кримд 9.5 сая жуулчин ирж байв.
Эх сурвалж: Коммерсант сонин, Оросын багц аялал, зочид буудлын хайлт, захиалгын үйлчилгээний судалгаа