Цаг агаар: Ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.
2023 оны 01-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -27...-32 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -20...-22 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -27...-29 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -24...-26 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
1 дүгээр сарын 24 : Өнгөрсөн шөнийн хүйтрэлтийн талаарх мэдээллийг хүргэе. Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 градуст хүрээгүй байсан юм. Харин өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хонолоо. Улаанбаатар хотын хувьд хотын төв хэсгээр -35 градус, туул голын дагууд -41 градус хүйтэн хонолоо.
МӨС ЦӨМРӨХ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА:
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Он гарсаар Онцгой байдлын байгууллагад гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, 5 иргэний амь насыг аварч, 3 тээврийн хэрэгслийн татан гаргалаа.
Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.