СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газар Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгууллагдаж ажлаа эхлүүллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүн өнгөрөгч даваа гарагт Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн /МБОИЗ/ төлөөлөлтэй уулзаж байгаль хамгаалал, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид байгаль орчны салбарт тулгамдаж буй олон талт асуудлуудад хамтран ажиллахаар болсон билээ.

Энэ уулзалтын үр дүнд талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр хамтарсан уулзалт хийлээ. Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд уул уурхайгаас үүдэлтэй эвдэгдэж, орхигдсон газарт хийгдсэн нөхөн сэргээлт стандартын дагуу эсэхэд хяналт, шалгалтын ажил зохион байгуулах, хуш модны самар түүх нэрийдлээр байгальд учруулж байгаа хор хохиролд дүн шинжилгээ хийж, хяналт тавьж ажиллахаар ажлаа эхлүүллээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт дээр хамтран ажиллах.

Мөн Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газруудад үүсээд буй одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид дээрх бүсэд дахин шинээр газар олгохгүй байх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ирэх оны буюу 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр хууль эрх зүйн орчинд зохицуулалтууд хийгдэж байгааг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд танилцуулаад, байгаль орчны тэр дундаа ус, хөрс, агаар, ой, мод зэрэг стратегийн тэргүүлэх ач холбогдол бүхий асуудалд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн бус байгууллага зэрэг талуудын оролцоотой хамтарсан хяналтыг хэрэгжүүлж, байгаль хамгаалалд үр дүн гаргаж ажиллахыг зорьж байна.

Түүнээс гадна уулзалтаар яригдсан асуудлууд ажил хэрэг болж Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг дагуух усны сан бүхий газарт баригдсан ариун цэврийн модон байгууламж, /жорлон/ зэргийг буулгаж, тухайн байршилд үйл ажиллагаа явуулахаар газар эзэмшээд, хуулийн хугацаанд, зориулалтын дагуу ашиглагдаагүй зарим аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж байгааг мэдэгдлээ.

Мөн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, Ойн агентлаг, мэргэжлийн судлаачид болон МБОИЗ-ийн төлөөллийн хамтарсан баг Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгуудад хуш модны самар түүх квот, хэмжээ хэтэрсэн, самар түүх нэрийдлээр байгальд хор хохирол учруулаад буй нөхцөл байдал дээр ажлын хэсэг байгуулан газар дээр нь очиж, хяналт шалгалт явуулж, нөлөөллийн үнэлгээ хийхээр ажиллана.

Байгаль хамгаалал, ногоон хөгжлийн төлөө та бүхний санал үнэтэй, оролцоо чухал билээ. Байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдвэрлэе. Манай үүд хаалга байгалийн төлөөх зүрх сэтгэлтэй хүн бүрт нээлттэй.

Байгаль нэн тэргүүнд.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ