ads

 Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх Стэфэн Нөүкс  Монголд сургалт явуулж байна

"Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт 3 өдрийн эрчимжүүлсэн сургалт өнөөдөр  "Чингис хаан” зочид буудалд эхэллээ.

          БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран "Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт  уг сургалтыг Австрали Улсын иргэн, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний олон улсын эксперт, сургагч багш, судлаач Стэфэн Нөүкс  удирдан явуулж байна.  Сургалтыг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үг хэлсэн байна. Сургалтаар тогтвортой аялал жуулчлал, түүний "Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д оруулах хувь нэмэр, аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн дэлхийн чиг хандлага зэрэг сэдвүүдийг хөндөж, оролцогчдыг цаг үеийн мэдээлэл, арга зүйгээр хангах юм.

Сургалтанд аялал жуулчлалын салбарын бодлогыг тодорхойлох, зохицуулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий БОАЖЯ, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ зэрэг төрийн байгууллагуудын 45 албан хаагчид, салбарын төрийн бус байгууллагуудын 15 төлөөлөл, тур оператор, зочид буудал, жуулчны бааз зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн 90 орчим төлөөлөл, нийт 150 хүн хамрагдаж байна.   

БОАЖЯ-ны  зүгээс уг сургалтыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу олон улсын эксперт Стэфэн Нөүкс энэхүү ач холбогдол бүхий, салбарын оролцогчдын дунд хүлээлттэй байсан сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа.

Стэфэн Нөүкс нь анх Австрали Улсдаа аяллын хөтчөөр ажлын гараагаа эхэлж, Европ, Зөвлөлт Холбоот Улс /хуучнаар/, Африкт ажиллаж байсан 40 жилийн туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм. Тэрээр сүүлийн 25 жилд Ази, Номхон далайн бүс нутагт аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн хандлагыг бий болгоход хувийн хэвшлийн байгууллага, Засгийн газар, судалгааны байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн. Мөн тэрээр Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Азийн хөгжлийн банк, Австрали, Англи, Шинэ Зейландын тусламжийн байгууллагууд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, улс орнуудын засгийн газар, салбарын шилдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай.

Стэфэн Нөүкс Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөл - Global Sustainable Tourism Council (GSTC)-ийг үүсгэн байгуулахад Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн оролцож байсан ба одоо уг зөвлөлийн төлөөлөн удирдах зөвлөлд ажилладаг.

Энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулахад Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөлтэй хамтран ажилласан бөгөөд цаашид уг байгууллагад гишүүн орноор элсэн орох талаар, ингэснээр Монгол Улсын хувьд ямар ашигтай байх талаар судалж байна.

Эх сурвалж: БОАЖЯ, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар

Хамтрагч байгууллагууд