Хууль Дүрэм

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх, жуулчны үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж
2.1. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Газрын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар бол түүнтэй холбогдсон харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1 “аялал жуулчлал” гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг;
3.1.2. “аялал жуулчлалын байгууллага” гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, сурталчлах, худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион байгуулж байгаа ашгийн төлөө хуулийн этгээдийг;
3.1.3. “аялал жуулчлалын бүс нутаг” гэж Монгол Улсад аялал жуулчлал хөгжүүлэхэд тохирсон байгаль, түүх, соёлын нөөц бүхий газар нутгийг;
3.1.4. “аялал жуулчлалын бүтээгдэхүүн” гэж аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нөхцөлийг хангасан төлбөрт үйлчилгээг;
3.1.5. “жуулчин” гэж аялал жуулчлал хийж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
3.1.6. “жуулчны үйлчилгээний байгууллага” гэж зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, тээвэр, холбоо, үзвэрийн зэрэг үйлчилгээг жуулчинд үзүүлж байгаа байгууллагыг;
3.1.7. “хөтөч-тайлбарлагч” гэж аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хүнийг;
/Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.1.8. “дээд зэрэглэлийн зочид буудал” гэж зочид буудлын цогц үйлчилгээний жишиг шаардлагын 3 ба түүнээс дээш од бүхий зэрэглэлийг хангасан үйлчилгээний байгууллагыг.
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна:
1/ дархан цаазат газар;
2/ байгалийн цогцолборт газар;
3/ байгалийн нөөц газар;
4/ дурсгалт газар.
2. Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно.
4 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс
1. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг орчны бүстэй байж болно. Орчны бүсийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар зохицуулна.
/ Энэ хэсгийг 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
2. Хуульд өөрөөр заагаагүй бол Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн заагийг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн саналыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ тогтооно.
/Энэ хэсэгт 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5 дугаар зүйл. Улсын хилийн болон хил орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах
1.Улсын хил орчмын тодорхой нутаг дэвсгэрийг хил залгаа улстай тохиролцсоны үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд хамруулж болно.
2.Улсын хил орчмын газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэхдээ Улсын хил хамгаалах байгууллагатай урьдчилан зөвшилцсөн байна.
З.Улсын хил хамгаалах байгууллага нь зохих хууль тогтоомжийн дагуу улсын хилийн болон хил орчмын дэглэмд нийцүүлэн улсын хил дээрх болон улсын хил орчмын тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх журмыг хамгаалалтын захиргаа буюу зохих шатны Засаг даргатай тохиролцон тогтооно.
4.Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалуулах зорилгоор хилийн төлөөлөгч, орлогч, туслагчид байгаль орчны хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр олгож болно. Хилийн төлөөлөгч, орлогч, туслагч байгаль орчны хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг зөвхөн хилийн бүсэд хэрэгжүүлнэ.
6 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг санхүүжүүлэх
1.Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлын төсөв нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх, газрыг засаж тохижуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторингийн аргаар судалгаа, шинжилгээ хийх, сурталчлах зардал, ажиллагсдын цалин хөлс зэргээс бүрдэнэ.
2. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
1/ улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2/ аялал, жуулчлалын болон бусад ажил, үйлчилгээний орлого;
3/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж;
4/ тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого.

2015оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн МАЖХолбооны

Бүх гишүүдийн хурлаар өөрчлөн батлав.

Moнголын Аялал Жуулчлалын Холбоо ТББ-ын дүрэм

Aгуулга:
Нэг:Нийтлэг үндэслэл
Хоёр:Төрийн бус байгууллагын оноосон нэр, эрх зүйн болон зохион байгуулалтын хэлбэр
Гурав: ТББ-ын хууль ёсны байршил хаяг
Дөрөв:ТББ-ыг үүсгэн байгуулагч
Тав: МАЖХ-ны эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
Зургаа:МАЖХ-ны гишүүнчлэл, гишүүний эрх, үүрэг
Долоо:МАЖХ-ны эрх барих дээд байгууллага
Найм:МАЖХ-ны Удирдах зөвлөл
Ес: МАЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүрэг
Арав: Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч
Арван нэг: МАЖХ-ны Гүйцэтгэх алба
Арван хоёр: МАЖХ-ны Хяналтын зөвлөл
Арван гурав: МАЖХ-ны санхүү
Арван дөрөв: МАЖХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, үйл ажиллагааг зогсоох тухай
Хавсралт 1: МАЖХ-ны гишүүнчлэл
Хавсралт 2: МАЖХ-ны гишүүний давуу эрх, татварын хэмжээ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү дүрмийн зорилго нь Монголын Аялал Жуулчлалын Холбоо цаашид /МАЖХ гэнэ/-ны үйл ажилагааны үндсэн зорилго, зарчим, чиглэл, бүтэц, зохион байгуулалт, удирдлага, санхүүжилт, өөрчлөх болон татан буугдах үндэслэл зэргийг тогтооход оршино.
1.2. МАЖХ нь аялал жуулчлалын салбарт ажиллагсадын санаачлагаар үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод явуулах, гишүүдийнхээ эрх ашгийг илэрхийлэх, Монгол улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий өөрөө өөрийгөө удирдах зарчимтай, гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ мөн.
1.3. МАЖХ нь Монгол Улсын Үндсэн Хууль, ТББ-ын тухай хууль, холбогдох бусад хууль болон энэ дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
1.4. МАЖХ-ны санхүүгийн жил 1-р сарын 1-нээс 12-р сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.
1.5. МАЖХ нь хуулийн этгээдийн үүрэг хүлээж, хариуцлага хүлээнэ
1.6. МАЖХ-г үүсгэн байгуулсан өдөр нь….., газар нь Улаанбаатар хот мөн.
1.7. МАЖХ нь өөрийн тамга, тэмдэг, бэлгэдэл, албан бичгийн нүүр, харилцах данс, зар сурталчилгааны логотой байна.

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид ангилал тогтооход энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Ангиллыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Байгаль орчин, аялал жуулчлалын яам/ тогтооно.
1.3 Аялал жуулчлалын үйл ажиллагаанд:
1.3.1 Гадаад орноос жуулчин хүлээн авах, гадаад орон руу жуулчин илгээх буюу олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа / international /
1.3.2 Гадаад орноос жуулчин хүлээн авах үйл ажиллагаа /inbound/
1.3.3 Гадаад орон руу жуулчин илгээх үйл ажиллагаа /outbound/
1.3.4 Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэд болон байнга ба түр оршин сууж буй гадаадын иргэдийг аялуулах /domestic/ үйл ажиллагааг үзүүлэхтэй холбогдсон харилцаа хамаарна.
1.4 Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгжүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үзүүлж буй аливаа хөнгөлөлтөд хамрагдана.
Хоёр. Аялал жуулчлалын ажил үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, ангиллын төрлүүд
2.1 Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага доорхи нөхцлийг хангасан байна. Үүнд:
2.1.1 Монгол Улсын хуулийн этгээд байх /аж ахуйн нэгж/,
2.1.2 үйл ажиллагаа явуулахад шаардагдах албан байр, олон улсын болон дотоодын холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон утас, факс, вэб хуудас, электрон шуудан компьютер, техник хэрэгслээр хангагдсан байх,
2.1.3 Аялал жуулчлалын мэргэжилтэй буюу тухайн мэргэжлээр ажилласан дадлага туршлагатай, мэргэшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, удирдах болон гүйцэтгэх ажилтнуудтай байх,
2.1.4 Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаат байдлыг хангахад шаардагдах санхүү, эдийн засгийн чадавхтай байх
2.2 Аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран тур-оператор /tour operator/ болон тур агент /tour agent/ гэсэн ерөнхий ангилалтай байх ба тур оператор нъ үйл ажиллагааны онцлогоос хамааран олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /international tour operator/, гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор /inbound tour operator/, гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/, дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /domestic tour operator/ гэсэн төрөлтэй байна.
2.2.1 Олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тур оператор /international tour operator/ нь гадаад орноос жуулчин хүлээн авах болон гадаад орон руу жуулчин илгээхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлэх ба дээрх чиглэлүүдээр дагнан 10-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, аялал жуулчлалын байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан 4-өөс дээш боловсон хүчинтэй байна.
2.2.2 Гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор /inbound tour operator/ нь А, В, С гэсэн 3 зэрэглэлтэй байх ба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүрдүүлэх, сурталчлах, багцаар болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх, виз авахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.2.1 Inbound tour operator А нъ аялал жуулчлальщ чиглэлээр дагнан 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан 3-аас цөөнгүй боловсон хүчинтэй байна.
2.2.2.2 Inbound tour operator B нь аялал жуулчлалын чиглэлээр дагнан 5-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан 3-аас цөөнгүй боловсон хүчинтэй байна.
2.2.2.3 Inbound tour operator C нь мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан 2-оос дээш боловсон хүчинтэй байна.
2.2.3 Гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/ гадаад улс орнуудад аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төлөвлөх, бүрдүүлэх, дотоодод сурталчлах, багц болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт, виз авахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.3.1 Гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/ нь мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан 2-оос дээш боловсон хүчинтэй байна.
2.2.4 Дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /domestic tour operator/ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бутээгдэхүүнийг бий болгох, бүрдүүлэх, сурталчлах, багцаар болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн, байрны, үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлттэй холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.5 Гадаад, дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг зуучлагч тур агент /tour agent/ нь виз болон аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх, байр, хоол, унаа, үзвэрийн захиалга хийх, гадаад дотоодын тур операторын бүтээгдэхүүнийг гэрээний үндсэн дээр бүхэлд нь болон хэсэгчлэн зуучлан худалдаалахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.

Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org