ads

/Монголын аялал жуулчлалын холбооны АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – 10 АСУУЛТ цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Монгол Даатгал ХХК-ийн Сонгинохайрхан салбарын захирал В.Амарбаярыг урьж оролцуулж байна./ 

 

Аялал жуулчлал 10 асуулт - цуврал ярилцлага "ДААТГАЛЫН ТУХАЙ"

 

Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу?

Даатгал гэж юу вэ? Даатгалын үүсэл хөгжилийн тухай

Сайн, Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Даатгал гэдэг нь аливаа иргэн аж ахуйн нэгжийг ирээдүйд учирч болох болзошгүй эрсдэлээс хамгаалах санхүүгийн арга хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл өөрт учирч болох санхүүгийн эрсдэлийг мэргэжлийн байгууллагад шилжүүлж байгаа гэж ойлгож болно. Даатгалын байгууллага нь харилцагчдаас хуримтлуулсан хураамжаар нөөц сан байгуулан тухайн нөөц сангаас эрсдэлд учирсан харилцагчийнхаа хохиролыг нөхөн төлдөг бөгөөд энэ нь их тооны хуулинд суурилагддаг. Даатгал бол харилцагч талуудын цэвэр итгэлцэлд суурилсан санхүүгийн үйлчилгээ байдаг.

Аж ахуйн нэгжүүд маань эрсдэлээ зөв удирдаж амжилттай ажиллахын бас нэгэн суурь нь даатгалын үйлчилгээ болж өгдөг.

Даатгалын үүсэлийн тухайд 17-р зуунд далайгаар ачаа бараагаа тээвэрлэн улс хооронд наймаа хийдэг байсан хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлээс үүссэн гэж үздэг. Энэ хүмүүс далайн тээвэрт гарахынхаа өмнө тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэн үлдээгээд, эргэж ирэхдээ далайн шуурганд өртөж өмч хөрөнгөө алдсан нэгэндээ тухайн мөнгөнөөс хуваарилан өгөхөөр тохиролцоо хийсэн байдаг. Энэ нь өргөжин олныг хамарсаар даатгалын эх суурь тавигдаж анхны даатгалын байгууллагын суурийг 1774 онд Лондон хотод тавьж даатгалыг хуульчилсан гэж үздэг.

Монгол улсын хувьд анх 1934 онд анхны даатгалын байгууллага Улсын Аюулаас хамгаалах газар нэртэйгээр байгуулагдан одоогийн даатгалын салбарын эхлэл суурь бий болж албан байгууллага, ард иргэдийн эд хөрөнгийг галын болон бусад аюул ослоос хамгаалж байсан. Энэ нь одоогийн Монгол Даатгал компанийн эхлэл бөгөөд даатгалын салбар монгол улсад үүсч хөгжөөд 84 жилийн түүхтэй золгоод байна.

Даатгалын салбарын хөгжлийг улс орнуудын хувьд ДНБ-нд эзлэх хувь хэмжээ болон зах зээлд нэвтрэлтийн /market penetration/ үзүүлэлтээр дүгнэдэг.

Монгол улсын даатгалын салбарын үзүүлэлт

 

Аялал жуулчлал 10 асуулт - цуврал ярилцлага "ДААТГАЛЫН ТУХАЙ"

 

Даатгалын тухай ерөнхий ойлголтыг хүмүүс мэддэг ч ач холбогдлын талаар нь төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Даатгалын ач холбогдлын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Одоогоор манай улсад хамгийн сайн хэрэгжиж байгаа албан журмын даатгал бол жолоочийн хариуцлагын даатгал. Замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэлтэй оролцогч иргэд болон аж ахуйн нэгж бүхэн энэ даатгалд заавал хамрагдах бөгөөд энэ нь Жолоочийн даатгалын тухай хууль болон Санхүүгийн Зохицуулах хорооноос батлан гаргасан дүрэм журмаар зохицуулагддаг. Энэхүү даатгалын үйлчилгээгээр дамжуулан ард иргэд даатгалын ач холбогдлыг ойлгож үйлчилгээгээ бүрэн авч чаддаг болсон байна.

Даатгалын ач холбогдолыг бодит жишээнд тайлбарлавал сая 2017-оны 6 сард Говь компанид гал гарсны улмаас үйлдвэрийн барилгын дээвэр шатан дотор нь хадгалж байсан түүхий эд галын утаанд дахин ашиглах боломжгүйгээр хог хаягдал болсон. Бид галын газар дээр түргэн шуурхай ажиллаж эрсдэлийг богино хугацаанд барагдуулан ажилласан юм.

Даатгалын ач хобогдолыг хүмүүс эрсдэл учирсаны дараа ойлгох хандлагатай, гэхдээ бид бусдаас суралцаж өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах нь чухал юм. Яагаад бид заавал өөрсдийн хөрөнгөөрөө эрсдэлээ үүрэх ёстой гэж, мэргэжлийн байгууллагад хандан эрсдэлээ шилжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл байдаг.

 

 

Монголд аялал жуулчлалын салбарт даатгал ямар түвшинд хөгжиж, хэрэглэгдэж байгаа талаар.

Аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжихийн хэрээр даатгалын хэрэгцээ шаардлага ч нэмэгдэж харилцагч нарт бүтээгдэхүүн үйлчилгээг ойртуулах, сайжруулах хэрэгтэй болж байна. Аялал жуулчлалын байгууллагууд маань байгууллагын хариуцлагын даатгал, тур операторын хариуцлагын даатгал, гадаадад зорчигчдын даатгал болон бусад уламжлалт бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Бидний санал болгодог Гадаадад зорчигчийн даатгал олон улсын Mapfre Assistance компаниар хамгаалагдсан байдаг, мөн Олон улсын эрүүл мэндийн даатгалын хувьд бид Олон Улсын давхар даатгагч Allianz Worldwide Care-тай хамтран ажилласнаар харилцагч нартаа дэлхийн хаана ч аялаж явахдаа даатгалын үйлчилгээг авах боломжоор ханган ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд гадаад орныг зорих хандлага ихэссэнтэй холбогдуулан бусад орныг зорихоосоо өмнө даатгал хийлгэх шаардлагатай юу? Хийлгэж явсны давуу тал болон хийлгээгүй явсны сул тал юу вэ?

Тиймээ, сүүлийн жилүүдэд гадаадад аялах амрах мөн ажил хэргийн шаардлагаар гадаад орныг зорих хэрэгцээ ихсэж байгаа, харин та бүхэн аялалдаа гарахын өмнө гадаадад зорчигчийн даатгалд хамрагдах нь зүйтэй. Одоогийн байдлаар Шенгений орнуудад аялахад визний материал бүрдүүлэхэд заавал шаардсаны дагуу даатгалаа хийлгэж байна. Гэхдээ энэ даатгалын мөн чанар нь тухайн аялагчид ямар нэгэн эрсдэл учирвал хамгаалах тухай асуудал байдаг. Манай иргэд ач холбогдлыг нь сайтар ойлгож гэрээтэй танилцан ямар үйлчилгээ авч болох тухай мэдээлэлтэй байх нь зүйтэй. Хэн ч амарч аялахаар явж байхдаа унаад хөл гараа бэртээчихнэ гэж боддоггүй сайхнаар төсөөлөн аялалдаа гардаг, гэтэл тухайн хүнд гэнэтийн эрсдэл тохиолдохыг хэн ч урьдчилан таамаглах боломжгүй юм.

Энэ санаандгүй гэнэтийн эрсдэл учрах үед даатгалын хамгаалалт үйлчлэн таныг санхүүгийн эрсдэлээс хамгаална. Даатгалын хамгаалалт нь бичиг баримтаа гээх хаях, ачаа тээш хоцрох алдагдах, нислэг хойшлогдсоноос үүдэн гарах эрсдэл, аялагч нас барахад шарилыг зөөн тээвэрлэх, гэр бүлийн гишүүний зардалыг олгох, аялагчийн эмчилгээний зардлыг олгох гэх мэт олон төрлийн үйлчилгээ багтсан байдаг.

Жишээ нь та Герман улсад 14 хоногоор аялахаар бол 17 долларын хураамж төлөөд 50 000 хүртэлх долларын хамгаалалттай болно гэсэн үг. Гадаадад аялж байгаад жишээ нь хөлдөө гэмтэл авлаа гэхэд тухайн улс орны эмчилгээ үйлчилгээ, эм тарианы зардал асар их өндөр байдаг. Хэрвээ та даатгалд хамрагдалгүй гадаадаар аялаж байгаад ямар нэгэн эрсдэлд орвол та өөрт болон ар гэр бүлийн хүмүүстээ учирах мөнгө санхүүгийн эрсдэлийг өөрөө даах бөгөөд энэ нь санхүүгийн хувьд хүнд цохилт болдог.

Гадаадад зорчигчийн даатгалыг зөвхөн визний материал бүрдүүлэхэд шаардлагаар биш үйлчилгээг нь ойлгож гадаад улс орноор аялах бүрдээ худалдан авч байхыг зөвлөж байна.

 

Монголд ирсэн жуулчин аялах хугацаандаа давхар даатгал хийлгэж болох уу?

Монголд ирсэн гадаадын жуулчид ихэнх нь өөрсдөө даатгалд хамрагдсан байдаг, ялангуяа Европ болон АНУ, Япон улсын иргэд даатгалгүйгээр гадаад улс оронд аялана гэсэн ойлголтгүй, тэд эрсдэл гарахад олон улсын байгууллагатай гэрээтэй даатгалтай, олон улсын SOS үйлчилгээг аваад явчихдаг. Тийм болохоор манай үйлчилгээг нэг их сонирхоод байдаггүй, даатгалд хамрагдах хүсэлтэй байгаа аялагчид манай бүтээгдэхүүн үйлчилгээг авах бүрэн боломжтой. Энэ үйлчилгээг сонирхож байгаа аялал жуулчлалын компаниуд байгаа бол бидэнтэй холбогдоорой. /Монгол Даатгал ХХК Утас: 1800-1990, E-mail: amarbayar24@mongoldaatgal.mn

Гадаад орныг зорих хувь иргэд, албан байгууллагын шугамаар зорчих аялагчид эх орондоо даатгуулаагүй явсны дараа гадаад оронд очсоныхоо дараа танай даатгалын байгууллагад хандаж даатгуулж болох уу?

Гадаадад аялахаар бол аялалд гарахаасаа өмнө даатгалд хамрагдана, үнэхээр цаг хугацааны хувьд амжаагүй тодорхой шалтгаан байгаа бол бид тухайн нөхцөл байдлыг судлан үзээд даатгалд хамрагдаж болох эсэх тухай шийднэ.

 

Аялал жуулчлалын багц даатгал гэж байдаг уу? Хууль эрхзүйн тал дээр энэ тухай заалт зохицуулалт байдаг уу?

Одоогоор аялал жуулчлалын салбарт даатгалын чиглэлээр хуульчлагдсан зүйл байхгүй байна. Цаашдаа бүх төрлийн хариуцлагын даатгалыг албан журмын даатгал болгохоор ярилцах төдий түвшинд л явж байна. Үүнд төрөөс тодорхой бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй санагддаг.

 

Монголын аялал жуулчлалын салбарынхан даатгалд хэр хамрагддаг вэ? Зөвхөн танай байгууллага дээрх тоо баримтын хувьд.

Бид аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг олон компаниудтай хамтран ажилладаг. Зөвхөн гадаадад зорчигчдын даатгалын хувьд 2017 онд 270 орчим сая төгрөгийн хураамж татан төвлөрүүсэн байна. Нөхөн төлбөрийн хувьд гадаадад зорчигчдын даатгалаар 21000 орчим ам.долларын нөхөн төлбөр олгосон ба үүнийн 93%-ийг эмчилгээний зардал, 2%-ийг ачаа хоцорсны, 4%-ийг нислэг хойшлогдсоны, 1%-ийг ачаа алдсаны нөхөн төлбөр тус тус эзэлж байна. Энэ даатгалаар гэнэтийн осол болон аливаа хурц өвчлөл хамгаалагддаг ба халуун оронд аялаж байгаад хоолны хордлого авах, элдэв амьтанд хазуулсны улмаас эмнэлгийн тусламж авах нь тохиолдол элбэг байдаг.

Монгол даатгал ОУ-ын ямар ямар байгууллагатай хамтран ажилладаг вэ?

Даатгалын салбар учраас олон улсын давхар даатгалын компани, зуучлагч байгууллага, хохирол үнэлгээний багууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага гардаг.

Бид харилцагчийн эрсдэлд үнэлгээ шинжилгээ хийж, өөрийн төлбөрийн чадвар, эдийн засгийн чадавх болон макро эдийн засгийн өөрчлөлт, хандлагатай уялдуулан дэлхийн томоохон нэр хүндтэй давхар даатгагч нарт эрсдэлийн багцаа даатгуулдаг.

2010 оноос хойш дэлхийд тэргүүлэх давхар даатгалын Hannover Re компанид харилцагчийн өндөр үнэлгээтэй багцыг давхар даатгуулж байна. Энэ нь манай компанийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхээс гадна, харилцагчдад найдвартай, өндөр даатгалын хамгаалалт түргэн шуурхай үйлчилгээ авах боломжоор хангадаг.

Мөн 2017 оноос олон улсын Mapfre Assistance компани болон дэлхийн зах зээлд үйлчилгээгээрээ тэргүүлэгч даатгал, хөрөнгийн менежмент, банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Allianz Worldwide Care компанитай хамтран Олон улсын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээг харилцагч нартаа хүргэн ажиллаж байна.

Аялал жуулчлалын салбарынханд хандаж бидний асуугаагүй үлдээсэн болон бусад чиглэлээр та даатгалын тухай зөвлөгөө өгнө үү?

Аж ахуйн нэгж байгууллага иргэд даатгалын үйлчилгээ авахдаа юунд анхаарах хэрэгтэй талаар мэдээлэл хүргэе гэж бодож байна.

Харилцах Даатгалын компаниа сонгохдоо хамгийн эхлээд тухайн байгууллагын санхүүгийн үзүүлэлттэй танилцах хэрэгтэй. Даатгалын байгууллагын төлбөрийн чадвар, нөөц сангийн хэмжээ, өөрийн хөрөнгө, нөхөн төлбөрийн үйлчилгээний талаарх мэдээллийг харах хэрэгтэй. Энэ мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны www.frс.mn сайтаас харж болно.

Дараагийн чухал үзүүлэлт бол харилцагчийн үйлчилгээ байдаг. Үүнд түргэн шуурхай байдал, шударга байдал, харилцааны соёл, харилцагчийг хүндэтгэсэн үйлчилгээ юм.

Монгол Даатгал ХХК нь 2016 онд ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх төслийг даатгалын салбарт анхлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитыг PECB байгууллагаар баталгаажуулалтаа хийлгэсэн. Бид ISO стандартыг хэрэгжүүлснээр харилцагч нартаа найдвартай чанартай сайн үйлчилгээ үзүүлэх баталгаа болж байна.

Бид цаашид аялал жуулчлалын холбоотой хамтран түүний гишүүн байгууллагуудад хандсан даатгалын үйлчилгээ үзүүлэн энэ салбарын эрсдэл болон хэрэгцээ шаардлагад тулгуурлан хамтран ажиллахад бэлэн байна.

Энэхүү ярилцлагаар дамжуулан энэ аялал жуулчлал гэх хүч хөдөлмөр шаардсан ажилд сэтгэл зүрхээ гарган хүч сорин үйл ажиллагаа явуулж буй бүх компаниудад, мөн түүний ажиллагсдад ажлын өндөр амжилт хүсье.


 

Хамтрагч байгууллагууд