ads

 

 

/Монголын аялал жуулчлалын холбооны АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – 10 АСУУЛТ цуврал ярилцлагын анхны зочноор Өмнөговь аймгийн "Гайхамшигт Говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн, "Түм-экотур” компаний захирал, Монголын аялал жуулчлалын дээд шагнал Алтан Луужин одонт Х.Түмэндэлгэрийг урьж оролцуулсан ярилцлагыг хүргэж байна./

 "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-10 АСУУЛТ" ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГЫН АНХНЫ ЗОЧНООР Х.ТҮМЭНДЭЛГЭР УРИГДАН ОРОЛЦЛОО

Таныг Гайхамшигт Говь аялал жуулчлалын холбоо тэр дундаа Говийнх гэдгээр тань аялал жуулчлалын салбарынхан андахгүй. Тиймээс эхний асуултаа таны залуу нас тэр үеийн орон нутгийн аялал жуулчлалын хөгжил өнөөгийнхтэй харьцуулж харвал. /Энэ тухай/

Монгол оронд аялал жуулчлал 1954 оноос, Өмнөговьд 1963 оноос эхэлсэн гэдэг ч орон нутгийн иргэдэд ашиг тусаа өгсөн, жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэнийг 1990 оны эхэн гэж үзэж болно. Учир нь урьд нь зөвхөн Улаанбаатараас бүх ажилчид нь ирж бүх хүнс хоолоо Улаанбаатараас татдаг, гадаадын хөрөнгөтнүүд ирдэг гэдэг ойлголтоор хатуу хяналт харуул хамгаалалттай байсан, Монголын хөдөөгийн анхны жуулчны баазын нэг, өнөөгийн "Жуулчин говь” ХК-д, 1993 оноос Өмнөговийн 50 иргэн, 1991 оноос хувийн хэвшлийн анхны жуулчны баазууд "Дуут манхан”, "Түвшин тур”, "Ханбогд- Жуулчин” баазууд баригдаж эхэлж орон нутгийн иргэд ажиллаж эхэлсэн нь манай говийн аялал жуулчлалын салбар жинхэнэ утгаараа хөгжих анхны алхам болсон байх.

Бид 1993 оны хавар 5 сарын 1-нд анхны 50 япон жуулчдыг хүлээж авч байхдаа жуулчин гэдгийг хараагүй, яг ийм үйлчилгээг ингэж хийдэг, аяллын хөтөлбөрийг ингэж зохиодог гэдгийг мэддэггүй, ёстой л бор зүрх, хар тоймоор л ажиллаж байлаа.

1994 онд бид Улаанбаатар зочид буудалд ватман цаасан дээр, өөрсдөө зохиож гараар зурсан хөтөлбөр, тэр үеийн хамгийн сайн, орос камер "Зенит”-ээр авсан гэрэл зураг угааж наагаад говийн аяллын шинэ хөтөлбөр Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Толь хад, Төгрөгийн ширээ, Дүнгэнээг танилцуулж байжээ. Гэхдээ энэ бол тэр үед шинэ зорих газруудыг гаргаж байсан орон нутгийн анхны оролдлогууд байжээ. Бидэнд газ, газын плитка, хээрийн майхан байсангүй. Харин түмпэн сав, тогоо шанагаа, мод түлээгээ УАЗ-469-ийн ард, эсвэл чиргүүл дээр ачаад, өнөөдөр өдөртөө очоод ирдэг Хонгорын элс рүү өдөржингөө явж очдог байж. Хонгорын элс их хол байсан шүү.

Баянзаг дээр өөрөө очиж үзээгүй, төөрч будлиж очоод жуулчид: - Хөөе нөгөө динозаврын яс чинь хаана байнаа гэхээр нь:

- Эндрюс гуай аваад явсан гээд л зогсож байлаа даа.

Хамаг ажил баазын дарга дээр овоорч байдаг байлаа. Үнэхээр олон зүйл шинэ, бүгдээрээ л тулгамдаж байлаа. Манай гэрүүд хариуцсан нэг менежер маань тавьж өгсөн нормын гутлаа хугацаанаас нь өмнө урчихсаныг хараад хурал дээр зэмлэтэл:

- Захирлаа би бол бусдаас их алхдаг, тэгээд л энэ хятад ботинк чинь доорхноо дуусчихлаа ш дээ гэтэл нэг ажилтан маань:

- Тэгэлгүй дээ, яахаа мэдэхгүй, цааш наашаа дахин дахин яваад байгаа юм чинь гэж хэлж бөөн инээдэм болж байлаа.

Манай салбарын өнөөгийн лидерүүд Nature toure- ийн Э. Туул, MAT компаний захирал асан Ж. Батжаргал хоёр намайг дундаа зогсоогоод зэмлэж: - Хуушуурын чинь зах нь зузаан байна, Нойлд хүн ороод гарангуут зөрж ороод бохир цаасыг авсан байх ёстой гээд л зааж сургаж байсан нь тэмдэглэлийн дэвтэрт маань үлджээ.

Tsolmon travel, Nature toure, MAT, Shuren, Juulchin, Altai travel, Tulga, Khokh tenger, Nukht tour гээд хэдхэн тур операторууд, тэдний захирал менежерүүд, жолооч нар бидэндээ багш, дарга нар байсан ч бид бүгдээрээ л нэг баг болж жуулчдаа элдэв гомдолгүй явуулахын төлөө зүтгэж байжээ. Би нэг удаа хот орж Улаанбаатар зочид буудлын рестораны менежер Оюунчимэг эгчээс 2 хайрцаг алаг салат олж аваад бөөн баяр хөөртэй ирж байлаа. Харин өнөөдөр алаг салатыг хоолонд хийвэл манайхан амсах ч үгүй байхаа.

"Нүхт тур” компаний дэд захирал Хандсүрэн эгч маань хотод аваачаад Нүхтийн гал тогоог үзүүлээд бэлэг болгож өгсөн, тэр үед хөдөө нутагт анх очиж тогооч нарын маань нүдийг бүлтийлгэж сэтгэлийг хөдөлгөсөн мах, ногоо хэрчдэг Япон комбайн гайхалтай гоё эд байлаа.

Өнөөдөр залуучуудын өмнө зөв зам, чиглэлийг заах туршлага, чадвартай, жинхэнэ мэргэжлийн болоод мэргэшсэн хүчин бий болсон байна. Бидний үед орчуулагч байсан, тэр үед мэргэжлийн сургуулийг нь дөнгөж төгсөөд ирж байсан залуучууд маань өнөөдөр бараг ахмад үе болчхож. Салбарт маань шинэ залуу үе хүчтэй орж ирж байна. Харин тэд шинийг хийхдээ бидний үеийн, өөрсдийн өмнөх үеийнхээ алдааг давтахгүйгээр илүү сайжруулж хөгжүүлэх нь зөв болно. Аялал жуулчлалын салбар бол мэргэжлийн салбар. Үүнийг мэргэжлийн түвшинд төлөвлөж, мэргэжлийн түвшинд удирдаж байж амжилтанд хүрдэг. Тийм болохоор мөнгөтэй л бол хийчхэж болно гэдэг биш, салбар маань өөрөө дэлхий нийтэд шинжлэх ухаанд тулгуурлаж байгаа өнөөгийн цаг үед бид ч шинжлэх ухаанд түшиглэж, гадны загварыг монголдоо зөв нутагшуулж байж, Тогтвортой аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх болно гэж бодож байна.

Өмнөговь аймаг аялал жуулчлалын салбараар түлхүү хөгжиж яваа аймгуудын нэг. Орон нутагт аялал жуулчлал хөгжсөнөөр давуу болон сул талууд юу байна вэ?

Мэдээж энэ талаар олон зүйлийг ярьж болно. Маш товчхондоо Тогтвортой аялал жуулчлалын үндсэн зарчим нь Аялал жуулчлалаар дамжуулан орон нутаг, иргэдийг нь хөгжүүлэх, аялал жуулчлалын хамгийн гол татах хүч байгаль орчин, орон нутгийн соёл, уламжлалыг хамгаалах. Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн гол тулгуур нь Тогтвортой байгаль орчин, уламжлалт нүүдэлчин соёл. Угаасаа Тогтвортой хөгжлийн үндсэн гол тулгуур нь Тогтвортой байгаль орчин. Үүнийг бид салшгүй холбоотой гэдгийг их хатуу санаж ойлгох ёстой. Үүнийг орон нутгийн иргэдгүйгээр, тэдэнд тулгуурлахгүйгээр хийх боломжгүй.

Хэдхэн жилийн өмнө бид Шинэ Зеландийн туршлагаар НИТАЖ-ийг хамгийн зөв загвар гэж гаргаж ирсэн. Энэ бол дэлхийн олон хөгжилтэй орны олон жилийн амьдралын туршид сонгогдсон хамгийн шилдэгт тооцогдсон загвар. Унаж өссөн төрөлх нутгаас нь Индианчуудыг хөөсөн Америк, Австраличуудыг хөөсөн Англичууд бол хүний амьдрал, аялал жуулчлалын салбарт болж өнгөрсөн гашуун жишээ. Зөвхөн Өмнөговь аймгаар жишээ авахад бараг 3 сая га газрыг хамарсан Говь гурван сайханы Байгалийн цогцолборт газарт үсрээд 20 гаруй байгаль хамгаалагч байгаа. Уулын ам бүрийг, ийм уудам тэнэгэр газар нутгийг тэд маань хичнээн чармайгаад, ажиллаад бүрэн хянаж хамгаалж чадахгүй. Харин тэр хамгаалж хүрэхгүй газар нутагт нь манай аялагчдын хүсээд байгаа, дэлхийд ийм унаган зэрлэгээрээ газар нутаг амьтан, ургамал, шувууд ганцхан танайд л байдаг юмаа гэж хэлээд бишрээд байгаа жуулчдын маань үзэхийг, харахыг, дахин дахин ирж зургийг нь авахыг хүсээд байгаа бүх зүйл, жинхэнэ нүүдэлчин, малчин соёл тэнд л байгаа юмаа.

Үүнийг хэвээр нь удаан хадгалахын тулд уулын ам, тал хээрт байгаа малчин айлууд, орон нутгийн иргэдийг түшиглэж, тэднийг нэгтгэж, сүлжээнд хамруулж байж, тэдэнд аялал жуулчлалаас үр ашгийг нь хүртээж байж, тэднийг аялал жуулчлалд сургаж хөгжүүлж байж Тогтвортой аялал жуулчлалыг бий болгодог юм. Үүний тулд Өмнөговь аймаг олон үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь "Аялал жуулчлал- Өрхийн орлого” хөтөлбөр юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн иргэд хот хөдөөгүй аялал жуулчлалаас орлого олох, аялал жуулчлалд оролцох, аялал жуулчлалын боловсролыг эзэмших, өөрсдөө аялж сурах, төрөлх хотоо, сумаа аялал жуулчлалаар дамжуулан хөгжүүлэх ёстой. Аялал жуулчлал өрхийг төдийгүй хотыг, хүнийг өөрийг нь хөгжүүлдэг салбар. Аялал жуулчлал хүмүүсийн харилцааг, хоорондын хандлагыг, боловсрол мэдлэгийг хөгжүүлдэг салбар. Өмнөговь аймагт байгуулагдаад 5 жил болж амжаагүй ч маш идэвх санаачлага, амьдралын шинэ сайн хандлага, хоббиг бий болгож олон иргэд залуусыг араасаа дагуулж байгаа "Нүүдэл” нэртэй гэрэл зургийн нийгэмлэг бий болсон. Үүнийг бий болоход салбарын бид зохих ёсоор нөлөөлсөн, үүсгэсэн.

Энэ бол иргэдийг хөгжүүлэх, зөв амьдрах хамгийн шилдэг хэлбэрийн нэг. Энэ хобби-нийгэмлэг өөрөө залуучуудыг байгаль орчинтойгоо танилцах, зөв аялах, өөрийгөө хөгжүүлэх, нийгмийг зөв хандлагад уриалах маш том сурталчилгаа, дотоодын аяллын тулгуур болж байгаа.

Энэ бол манай аймгийн аялал жуулчлалын салбарын нийгэмдээ үзүүлж байгаа хамгийн сайн жишээ гэж үзэж болно. Тодорхой цаг үеийн дараа, манай аймгийн тэтгэврийн ахмадууд хааяа нэгнийдээ цуглаад ганц хоёр шил юм дундаа тавиад утаа суунаглуулан өдөржин даалуудаж суухаа болиод, хоббигоороо нэгдээд хаана сонин содон үйл явдал, чухал үзэгдэл, ховор содон шувууд, амьтад байна түүнийг үзэх гээд зургийг нь авах гээд том том дуран камер үүрээд явж байдаг болно гэж би боддог, мөрөөддөг. Нийгэмд амьдралын зөв хэвшил, дадал, эрүүл амьдралыг авчрагч аяллыг хөгжүүлж байгаа нь манай салбарын үр дүн болно гэж би бодож байна.

Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн нэг хэсэг бол эвент арга хэмжээнүүд байдаг. Таны санаачлагаар өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй "Түмэн тэмээ” эвентийн тухай мэдээлэл өгнө үү? Мөн эвент арга хэмжээ зохион байгуулахад анхаарах зүйлс юу байдаг  вэ?

1990-ээд оны эхээр Монголчууд малаа хувьчилсан. Хувьчлалын үр дүнд тэмээ маллаж үзээгүй хүнд ч тэмээ хуваарилагдаж тэд маань тэмээгээ шууд л Улаанбаатарын зах, хүнсний дэлгүүрүүдэд махлан зарж эхэлсэн дээ. Тэр үед Өмнөговь аймагт хил худалдааны хоёр боомт нээгдэж Хятадууд тэмээний нэг таахайг (хөлийн таваг) 10.000 төгрөгөөр авч байлаа. Тэмээн сүрэг маш хурдацтай хорогдож Монгол орон 1954 онд 895,3 мянган тэмээ тоолуулж байсан бол 1995 он гэхэд монголын тэмээн сүргийн тоо толгой 3 дахин буурсан байлаа.

Тоо толгой нь эрс хорогдсон тэмээн сүргийг хамгаалах, аялал жуулчлалд орон нутгийн иргэдийг оролцуулах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс 1995 оны намар МАТ компанитай хамтран 7 хоногтой тэмээн аялал зохион байгуулсан маань анхны аялал болж говьчууд аялал жуулчлалаас тэмээгээрээ илүү ашиг олж болохыг мэдэрсэн билээ.

Анхны энэ аяллаараа бид 3 жуулчин тэмээнээс унагаж нэг нөхрийг тийрүүлж аваад тэмээгээ ч, малчдаа ч сургах хэрэгтэй юм байна гэж бодож байлаа. Харин Францчууд маань тэмээнээс унаж, тийрүүлж элдвийг үзсэн ч аялал дуусч салаад явахдаа тэмээгээ тэврэн нулимс дуслуулахыг хараад ихэд баярлаж билээ. Дараа жил нь Германы Техникийн Хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажилтан П. Сувдаа маань хүсэлтийг маань хүлээн авч "Газарчин” дээд сургуулийн багш гэх Д. Гантөмөр гэж залууг Сэврэй суманд авчирч аялал жуулчлалын тухай сургалтыг манай малчдад анх зохион байгуулсан билээ.

Харин багш Д. Гантөмөр маань эдүгээ Монголын аялал жуулчлалын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна даа. Ингээд дараа жилээс нь 4-7 хоног, зарим үед 10-20 хоногийн алсын аялал хийх болж олон малчин иргэд оролцож өнөөдөр тэмээн аялал говийн малчин өрхийн орлогын томоохон эх үүсвэр болсон юм. 1997 онд Сэврэй сумын иргэдэд тулгуурлан "Тэмээний баяр”-ыг зохион байгуулсан маань манай салбарын анхны эвент болж цас зуд, байгаль цаг уур, санхүүгийн ямар ч хүндрэлтэй үед тасралтгүйгээр зохион байгуулсаар 2016 онд 1108 тэмээ уралдуулан Гиннесийн дээд амжилтанд бүртгүүлсэн юм. Одоо тэмээнд хайртай малчид, иргэдийн маань нэгдсэн "Тэмээн соёл-Уралдааны холбоо” илүү өргөн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид салбартаа анхлан хөдөө орон нутагт Өмнөговь аймгийн "Гайхамшигт говь” Аялал жуулчлалын холбоог байгуулж аймгийнхаа БОАЖГазартай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Аялал жуулчлалын хугацааг уртасгах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалаас малчид иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор "Түмэн Тэмээний баяр”- аас гадна жил бүрийн 5 сарын 2-р долоо хоногийн Бямба гарагт Ёлын аманд "Сайханы сарлагийн баяр”, 8 сарын 15-нд "Хонгорын элс”-нд "Хонгорын хурд” наадмыг зохион байгуулж 2017 оноос эхлэн шинээр Хонгорын элсэнд жил бүрийн 9 сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагт "Элсэн манхны баяр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эвент гэдэг бол тухайн орон нутгийн иргэдэд тулгуурласан, тогтмол цаг хугацаанд, байнгын зохион байгуулагчтай, тогтсон нэг газарт зохион байгуулагддаг, бүс нутгийн эсвэл тухайн үндэстний ёс заншил, байгалийн тогтоц, чухал содон зүйлд түшиглэсэн, өөрийн гэсэн өвөрмөц хөтөлбөртэй, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ гэж үзэж болно.

Эвентийг амжилттай зохион байгуулахад орон нутгийн засаг захиргаа, иргэд, мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоо хамгаас чухал.

Бид эвентүүдээр дамжуулан орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлж байгаль орчныг хамгаалахад татан оролцуулах, аялал жуулчлалын боловсролыг олгох, сурагчдын байгаль хамгаалах клубуудыг идэвхжүүлэх, санхүүжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Эвентийг чухал биш олон хөтөлбөртэй болгохоосоо илүүтэй бүх үзүүлбэр хөтөлбөрийг цагт нь эхлүүлж цагт нь дуусгадаг, хаана юу болох талаар мэдээлэл сайтай байлгах нь зочдын сэтгэлд илүү хүрдгийг тооцох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд манай салбарын залуучууд төрөл бүрийн эвент арга хэмжээг бий болгохоор ажиллаж байгаа нь сайшаалтай ч тэдэнд Төрийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд төдийлөн дэмжлэг үзүүлэхгүй байгаа нь харамсалтай. Эвентийг Төрөөс тодорхой хэмжээгээр дэмжиж болно. Харин үйл ажиллагаа, зохион байгуулалтыг нь орон нутгийн иргэдийг оролцуулсан Төрийн бус байгууллагын хэлбэрээр, ямар нэгэн байдлаар улс төрөөс хараат бус явуулах нь илүү тохиромжтой. Манай салбар дахь зарим нэг эвентийг харж байхад тогтоосон цагтаа эхэлдэггүй, хэн нэгэн дарга, УИХ-ын гишүүнээр дэмжүүлснээс тэднийгээ ирэхийг хүлээдэг, ирсэн хойноо тэд нь бүгдээрээ үг хэлж мэндчилгээ дэвшүүлэх гэж цаг үрдэг, цагтаа эхэлдэггүй нь эвентийн нэр хүндийг бууруулах тал ажиглагдаж байгааг бид өөрчлөх ёстой билээ.

Таны нэг ажил гэх үү хобби гэх үү? шувуу судлах сонирхол хэзээнээс эхэлсэн бэ? Монгол орны гэхээсээ илүү говь нутгийн шувуунычихмэл, фото зургийг цуглуулгынхаа тухай мэдээлэл өгнө үү? Өөр ямар чиглэлээр судалгаа шинжилгээ хийж хоббигоо өргөжүүлж байна вэ?

Би Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд, өөрөөр хэлбэл хаа холын Өвөрхангайн Уянга сумын Өлтийн амнаас эх авч 400 гаруй км урсан ирж, Говийн таван нуурын нэг, Онгийн улаан нуурыг тэтгэж дүүргэж байдаг, Онгийн голын дэргэд төрсөн. Манай сумын өмнөхөн Цээл, хойхно нь Сухайн мухар нэртэй хөөрхөн жижигхэн нууруудтай байлаа. Биднийг 3-р ангид байхад ангийн багш Жамбаа маань дагуулан Цээлийн нууран дээр ирж Түмэн бодисын хичээлийг газар дээр нь зааж Багваахай цэцгийн дэлбээ, дохиур, иш навч, үндсийг нь үзүүлж, хаврын анхны ангирыг ирэхийг харуулдаг байлаа.

Энэ нь миний багаасаа шувууг сонирхох, эдүгээ ажил маань болсон "Хобби”-г маань хөгжүүлэх үндэс болсон байх. Намайг бага ангид байхад "Монгол орны зарим шувууд” нэртэй, гар зурагтай жижигхэн ном, миний байн байн үзэх дуртай номын нэг байлаа. Хожим нь "Жуулчин говь” компанид ажиллаж байгаад Монголын нэрт судлаач эрдэмтэн А. Болд багштай учирч говьд ирэхэд нь 2-3 удаа хамт явж жинхэнэ Шувуу судлаач эрдэмтний яриаг сонсож байлаа.

"Жуулчин говь” жуулчны баазын таримал модод бол Монгол орноор дамжин өнгөрдөг, өндөглөж зусдаг олон зүйл ховор шувуудын амардаг, амьдардаг маш чухал цэг байлаа. Эндээс олон зүйл шинэ, ховор шувуудыг бүртгэсэн байдаг юм. Ихэнх хүмүүс, манай салбарынхан ч бас үүнийг анзаардаггүй байх. Говийн жижигхэн мод бут, хангайнхан шалбааг гээд тоодоггүй, жижиг задгай ус цөөрөм, баян бүрдүүд бол говийн шувууд, зэрлэг амьтдын шүтэж амьдардаг, тэр орчны экосистемийг бүрдүүлэгч, амьдралын эх булаг нь байгаа юм. Тийм болохоор өчүүхэн ч гэсэн тэр бүхнийг хамгаалахын төлөө, хүүхэд залууст мэдүүлэхийн төлөө манай салбарынхан ажиллах ёстой гэж би боддог.

Манай говийн бүх баазууд заавал орчиндоо мод тарьж, ургамалжуулж тухайн нутгийнхаа дунд сургуулийн сурагчдын байгаль хамгаалах клубуудыг дэмжиж байх үүрэгтэй, түүнээ ч нилээд нь их сайн биелүүлдэг юм. Ялангуяа олон жилийн өмнө биологич залуу Д. Энхбилэгийн анх суурийг нь тавьж бий болгосон сумдууд дахь сурагчдын байгаль хамгаалах клубуудыг бид нэгтгэж "Байгальд эвсэг- Багачуудын холбоо”-г байгуулсныг манай "Гайхамшигт говь” АЖХолбооны Гүйцэтгэх захирал Н. Ариунсанаа удирдан ажиллуулж олон газарт говийн хайлаас, жигд, сухай, бүйлс зэрэг мод бутыг клубынхээ сурагчидтай тарьсан нь эдүгээ бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэнгүүд шахуу болсон байна. Энэ нь тухайн бааз, байгууллага, өрхийн орчинд шувууд цуглах, амьдрах, экосистем бүрдэх үндэс болдог юм.

Өнөөгийн Tsolmon travel компаний захирал асан, эрхэм найз маань байсан Батдэлгэр байн байн Германы шувуу сонирхогчидтой ирж би говийн зарим нэг шувууг хэдийд хаана байдгийг мэдэхийн хувьд хөтчөөр явдаг байлаа. Ингэж л шувуу сонирхох энгийн сонирхол маань илүү гүнзгийрэх, шинжлэх ухаанд ойртох, өөрийгөө хөгжүүлэх шаардлагыг үүсгэж дээ гэж одоо боддог юм. Хүүхэд байхаасаа л сонирхож байсан гэрэл зураг сонирхох сонирхол маань Монголын нэртэй гэрэл зурагчдын нэг, хожим нь тэмээн аяллаар мэргэшсэн Р. Гоцбаяртай танилцан нөхөрлөснөөр Оросын Зенит аппаратаас илүү сайн, "хөрөнгөтөн” Японы "Nicon” хэмээх аппарат байдгийг, мэргэжлийн гэрэл зураг гэж юу байдгийг мэдэж билээ. Шувууны гэрэл зураг сонирхлыг маань төрүүлж 2006 онд Уран зургийн галерейд анх удаа бие даасан "Монгол орны зарим шувууд” нэртэй 100 гаруй шувууны гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж энэ үеэс Монголын нэртэй судлаач, эрдэмтэд Н. Цэвээнмядаг, С. Гомбобаатар, Б. Нямбаяр нартай танилцаж байлаа.

Манайхан анзаарч ашиглахгүй байх шиг байна. Монголын шувуу судлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж дээрхи эрдэмтэд судлаачдын ач буянаар олон шинэ залуу судлаачид, эрдэмтдийг төрүүлж, газар газрын олон залуучууд байгаль орчин, зэрлэг амьтад, шувууны гэрэл зурагт шимтэн орж Монгол орны шувууд 470 орчим гэж байсан бол одоо бараг 503 зүйл шувуудтай болж байх шиг байна.

Залуучууд эхэндээ зүгээр л шувууныхаа зургийг тавьдаг байсан бол одоо түүнийг гүнзгийрүүлэн судалж шинжлэх ухааны нэр, түгээмэл нэрийг мэдэж шинжлэх ухаанд суурилсан гадаад, дотоод ном хэвлэлийг уншиж судлах болсон нь тусгай сонирхлын аялал жуулчлал сонгодог утгаараа Монгол оронд хөгжихийн хамгийн том илрэл гэж үзэж байна. Өнгөрсөн жил манай шувууны нэртэй гэрэл зурагчин Л. Жаргалсайхан "Жаргал ба түүний нөхөд” нэртэй шувууны гэрэл зургийн үзэсгэлэнг Хүннү моолын Гамма галерейд гаргасан нь монголын шувууны гэрэл зураг дэлхийн түвшинд хүрч олон хүний сонирхол татсан, байгаль орчин танин мэдэхүй, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн Монголд бий болсныг харуулсан сайхан үзэсгэлэн болсон.

Харамсалтай нь түүнд манай салбарынхан хэтэрхий бага оролцож, үзсэн. Бид уламжлалт аялал жуулчлалын хэлбэрээ өөрчлөх, шинийг бий болгох нь зөв шүү гэж, бид хоцроод байна шүү гэж залуусдаа хандмаар санагдаж байлаа тэр үед.

Японы Шувууны нийгэмлэгийнхэн Шувууны үзэсгэлэнгээ нээхдээ:

- "Шувуу амьдарч чадахгүй газар хүн амьдарч чадахгүй” гэж хэлдэг нь зүгээр нэг хэлсэн үг биш л дээ. Шувууны зургийг авна, түүнийг судална гэдгийг манайхан зүгээр л нэг шувуу хараад зургийг нь аваад явдаг гэж боддог, үздэг бололтой. Тийм биш л дээ. Шувуу өөрөө байгаль орчны индикатор амьтны нэг. Түүний амьдарч байгаа байдал, нүүн шилжиж байгаа нь, ааш зан, төрх байдал нь заавал байгаль орчин, хүний байгальд учруулж байгаа сайн, муу элдэв нөлөөлөлтэй заавал холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл шувууг харж зургийг нь авахын тулд түүний амьдрах орчныг, амьтан ургамлыг судалж мэдэж байж, мэддэг байж, өөрийгөө хөгжүүлж байж л амжилтанд хүрнэ л дээ. Их өргөн хүрээнд ажиллах болно, тэгж байж бага сага зүйл мэдэж авна л даа. Гэхдээ энэ нь аялал жуулчлал хүнийг хөгжүүлдэг гэдгийг л харуулж байгаа юм байна.

Саяхан л дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага зугаа цэнгэл, шоу хэлбэртэй байсан бол эдүгээ шинжлэх ухаанд суурилсан танин мэдэхүйн аялал илүү хүчтэй тархаж байна. Ялангуяа Америк, Япон, Англи, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орны аялагчид тухайн орныхоо түүх, соёл, байгаль орчинтой танилцах, мэдлэгээ тэлэх зорилгоор, өөрсдөө биднээс илүү судалж мэдээд ирж байгаа энэ цаг үед, дэлхийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн шинэ эринд, Монголын аялал жуулчлалын салбар ч шинэчлэгдэх, судалгаа, шинжилгээнд суурилан хоцрохгүйгээр хөгжих цаг аль хэдийн болжээ.

Өмнөговь аймаг тэргүүлэх 3 салбарынхаа нэгээр аялал жуулчлалын салбарыг нэрлэсэн байдаг. Орон нутгийн төдийгүй төр засгийн анхаарал хандуулж буй тал дээр таны бодол

Өмнөговь аймаг төдийгүй Монгол улс хөгжлийнхөө тэргүүлэх салбарыг Уул уурхай гэж үзэж түүнд илүүтэй анхаарч Хөдөө аж ахуй, Аялал жуулчлалыг төдийлөн анзаарахгүй хаяж ирсэн. Гэвч сая болсон эдийн засгийн хямрал уул уурхайн салбарыг тийм ч тууштай тулгуур гэж үзэж болохгүйг Засгийн газарт, Орон нутагт, иргэдэд ч анхааруулчих шиг боллоо.

Гэхдээ Өмнөговь аймаг гэж байхгүй байхад, тэртээ 20-иод онд манай Баянзаг дэлхийд өөрийгөө гаргачихсан байсан. Нөгөө талаасаа 1963 оноос эхлээд говь нутаг аялал жуулчлалын салбарт хамгийн гол зорих газар гэдэг нь тодорхой болчихсон байгаа дээр Өмнөговь аймаг харьцангуйгаар бусад аймгаас илүүтэй аялал жуулчлалын салбартаа анхаарал тавьдаг аймаг л даа.

Өнгөрсөн жилүүдэд Өмнөговь аймаг Аялал жуулчлалын Мастер төлөвлөгөөгөө боловсруулан гаргаж хэрэгжүүлээд одоо дахин шинэчлэх гэж байна. Түүнд төлөвлөсөн бүхэн цагаасаа өмнө хэрэгжээд, бидний төлөвлөж байсан тэр үеэс дэлхий дахин цахим ертөнцийн хөгжлийн үрээр асар хурдтай хөгжөөд, мэдээллийг Мэдээллийн төв, танхимаас илүүтэй явдал дундаа, гар утсаараа авчихдаг цаг үе ирчхэж. Бид Мастер төлөвлөгөөгөө шинэчлэхээс, өөрчлөхөөс аргагүй болчхож. Монголд ирж байгаа жуулчдын хамгийн гол зорих газрын нэг Ёлын ам, Хонгорын элс, цаашлаад Хэрмэн цавын зүг тэдэнд хамгийн ойрхон сумдуудыг чиглэсэн засмал замыг аймаг өөрийн хөрөнгөөр тавьж байна. Урьд онуудад хийсэн Өмнөговь аймгийн "Байгалийн түүхийн музей”- н зураг төслийг үргэлжлүүлж 2018 онд музейн барилгыг эхлүүлэх шийдвэрийг Аймгийн ИТХ, Засаг дарга гаргалаа. Энэ бол Монголд хамгийн шилдэг сайн Байгалийн түүхийн музей, Даланзадгад хоттой танилцах аяллын, Говийн аялал жуулчлалын төв болно гэж бид баярлаж хүлээж байгаа. Өмнөговь аймаг эртний амьтан ургамлын, эртний хүмүүсийн амьдран ирсэн газар нутаг. Төв Азиас, тодруулбал Монголын говиос эртний амьтад бусад тивүүд рүү тархан суурьшсан нь үнэн гэдгийг баталсан олон судалгаа шинжилгээнүүд үүнийг баталж байгаа.

Тэр бүү хэл хүн төрөлхтний анхны үүсэл Төв Азид, Монголд тэр тусмаа Монголын говьд байжээ гэдгийг удахгүй батлах байх гэж бид итгэдэг. Энэ утгаараа манай салбарынхан Байгалийн түүхийн музейгээ гадаад ертөнцтэй холбох гүүр нь болох ёстой.

Өмнөговь аймгийн зүүн бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэх хамгийн чухал түшиц газрын нэг, Шар цавын үлэг гүрвэлийн мөрт газар, алдарт Торгон болон Цайны замын дурсгалт Хүрдэт агуйн орчинд орчин үеийн жишигт нийцэхүйц аялал жуулчлалын томоохон бүтцийг бий болгож үүнд манай салбарынхан идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн онд анх удаа Монголын Шинжлэх ухааны академийн Палеонтологи Геологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Аймгийн ИТХ, уул уурхайн Оюу толгой компани, Аялал жуулчлалын " Mongolia quest” компани, "Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, иргэд хамтран энэхүү төслийг боловсруулж Палеонтологи Геологийн хүрээлэн хэрэгжүүлэн эхний шатны бүтээн байгуулалтыг амжилттай бүтээн босгоод байна.

Өмнөговь аймгийн ИТХурлаар Өмнөговь аймгийн Есөн гайхамшигийг тодруулан батламжилж, дотоодын аяллын хөтөлбөрийг батлан, Аймгийнхаа Бахархалт шувуугаар Ооч Ёлыг тодруулав.

Өмнөговь аймгийн бүх үзэсгэлэнт зорих газруудад түшиглэн "Говийн домог” уран сайхны киног UBS телевизтэй хамтран бүтээж удахгүй нийтэд хүргэх гэж байна. 2016 онд Аймгийн ИТХурлаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор "Аялал жуулчлал- Өрхийн орлого” хөтөлбөрийг баталж, гэр буудлуудын стандартыг батлуулан Ёлын ам, Баянзагийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж байна. Өмнөговь аймаг өнөөг хүртэл зорих газруудынхаа төрх байдлыг хамгаалах, Тогтвортой аялал жуулчлалыг зохистой зохион байгуулах үүднээс Аялал жуулчлалын бүст нутагтаа зөв үйл ажиллагааг явуулах хяналтыг байнга бий болгон ажиллаж байна. Үүнд орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазуудын идэвх оролцоо онцгой чухал үүргийг хүлээдэг болно.

Төрийн байгууллага, мэргэжлийн Төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа үр дүнтэй явагдаж байгаагийн нэг илрэл нь дээр дурдсан зөв хандлага, бүтээн байгуулалтууд байна гэж бид үздэг.

Говь нутгаар аялахад замын тэмдэгжүүлэлт болон дэд бүтцийн хувьд

Өмнөговь аймаг Улаанбаатарын хооронд засмал замтай болсон нь дотоодын аяллыг хөгжүүлэх томоохон боломжийг бий болгож жил ирэх бүр аялагчдын тоо өсөж байна. Цаашдаа Хонгорын элс, Ноён богд, Нэмэгт, Хэрмэн цавын чиглэлд аялахад Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс сумдуудад чиглэсэн хатуу хучилттай зам нь жуулчдын тоог өсгөх, тав тухтай аялуулах, орон нутгийн иргэдийн гэр буудал, жуулчны баазуудын орлогыг өсгөх, шинэ жуулчны бааз, байгууламжууд бий болох хөшүүрэг болно гэж харагдаж байна.

Түүнээс гадна аяллын зорих газруудын тоо нэмэгдэхээс гадна үндсэн уламжлалт чиглэлүүдэд өөрчлөлт орох шинж байдал ажиглагдаж байна.

2017 онд аялал жуулчлалын гол зорих газруудад замын тэмдэг, тэмдэглэгээг хийсэн боловч өнөөгийн цахим техникийн дэвшил нь төөрөхгүй саатахгүй аялах боломжийг нэмэгдүүлсээр байна. Цаашдаа Өмнөговь аймгийн зүүн бүс нутагт уул уурхайн салбарын нөлөөгөөр бий болсон хатуу хучилттай замд нийлүүлж Цогтцэций сум хүрэх 59 км хатуу хучилттай зам баригдсанаар хил орчмын болон зүүн бүсийн аялал жуулчлалд томоохон боломжууд бий болох төлөв харагдаж байна.

Улаанбаатар-Даланзадгадын хоорондох хатуу хучилттай зам бий болсноор дотоодын аялагчдаас гадна гадаадын жуулчид аймаг доторх зочид буудлуудаар үйлчлүүлэх нь нэмэгдэж тэр хирээрээ хотын хөгжил, зочид буудлуудын хөгжилд нөлөөлж эхэлсэн байна. Холбооны зүгээс зорих газруудын ойролцоох жуулчны баазууд, амралтын газарт чиглэсэн засмал замаас гадна эрчим хүчний тогтвортой хангамжийг бий болгох нөхцөлийг тухайн зорих газрын менежментийн төлөвлөгөөнд тусгуулахаар ажиллаж байна.

Говь нутгийг зорин аялах гадаад, дотоодын аялагчид сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тэдгээр аялагчдад говь нутгаар аялахад орон нутгийн ёс заншил, соёл талаас нь анхааруулга, зөвлөмж өгнө үү?

Сүүлийн 2-3 жилд говьд эрс нэмэгдсэн Солонгосын жуулчдын урсгал жуулчны баазууд, малчны гэр буудлуудын орлогод илүүтэй нөлөөлж байна гэж харж байгаа. Цаашдаа Солонгос жуулчдын хүсэл сонирхлыг удаанаар хадгалах, тэдний урсгалыг нэмэгдүүлэх, таслахгүй байх боломжийг бид хайх ёстой.Хэдийгээр манай салбарын хувьд Солонгос жуулчдыг ашиггүй гэж хардаг байсан ч сүүлийн 2 жилийн байдлаар монголчууд тэднийг өөрсдөө оруулж ирж бүх үйлчилгээг хийдэг болсон нь салбарын нийт орлогод эерэг нөлөөллийг авчирна гэж харж байна.

Солонгосчууд өнгөрсөн зун Хонгорын голд нэг малчин залуугийнд Монголчуудын ёс заншлын талаар жижигхэн кино тайлбар хийсэн нь их сонирхолтойхарагдаж байлаа. Говьчуудын хувьд нийт монголчуудаас илүү соёлын ялгаатай биш ч жижиг ч гэсэн задгай ус, булаг шанд, худагтаа их хүндэтгэлтэй ханддагийг анхаарахад илүүдэхгүй.

Салбарын хүний нөөц буюу шинэ үеийн боловсон хүчин, залуу үеийнхэнд хэлж анхааруулмаар, зөвлөмөөр үг байгаа байх. Ер нь залуучууд аялал жуулчлалын салбарт ямар ямар суурь мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай вэ?

Мэдээж шинэ үе салбарынхаа хөгжлийг өөрөөр харж байгаа байх. Угаасаа ч урд ургасан чихнээс хойно ургасан эвэр урт гэж үнэн л дээ. Бид аймагтаа "Аялал жуулчлалыг – Амьдрал болгоё” залуусаа гэж уриалдаг. Бас түүнээс ашиг олохын тулд, " Мэдлэг ба боловсролыг- Мөнгө болгоё залуусаа” гэж уриалсан удаа ч бий.

Сүүлийн үед Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага шинжлэх ухаанд суурилсан танин мэдэхүйд чиглэснийг бид бүгдээрээ харж байгаа байх. Тийм болохоор аялал жуулчлалын мэргэжлийн сургуулийн оюутнууд, оюутнаас төрсөн багш нарыг монголынхоо чухал зорих газрууд, тогтворжсон эвентүүдэд өөрсдөө гар бие оролцоосой гэмээр санагддаг. Ялангуяа тур операторуудад хөтөлбөр боловсруулж байгаа менежер захирлууд, оюутнуудад хичээл зааж байгаа багш нар орон нутгийн зорих газруудад өөрсдөө ирээд аялаад, жуулчин дагуулаад яваад үзээсэй, жуулчны баазуудын дунд орж тэдний зовлон бэрхшээлийг үзээсэй, мэдээсэй гэж боддог, уриалдаг. Өнгөрсөн жил Mонголдоо томоохонд орох, хүчтэй ажиллаж байгаа хоёр компани говьд маань ирж гол гол зорих газруудад маань сургалт аваад танилцаад буцсан. Их үр дүнтэй сургалт боллоо гээд зарим нэг нь бид өмнө нь энд жуулчиддаа юу яриад байсан байна гээд тоглоом болгож хэлж байхыг харж байлаа. Гэхдээ хамгийн гол нь бид алхам тутамдаа суралцаж байх ёстой, мэдлэг чадвараа сэлбэж тордож байх хэрэгтэй.

Үнэнийг хэлэхэд тэд маань бүхнийг маш ерөнхий харж байдаг юм байна. Тэгээд бутанд байгаа, эсвэл замын хажуугаар өнгөрсөн шувуу, амьтныг хараад хэлэхээр миний хараа муу юм байна, та яаж хараад байна гээд байгаа ч үнэндээ хүн бүхэнд хараа нь сайн байгаа. Харин хөдөө гадаа явж, явж байгаа нь нэг бүрчлэн нарийн харж анзаарч аливааг ялгаж харж нүдээ сургаагүйгээс тэднийг олж харж чадахгүй байгаа юм л даа. Хамгийн гол нь ингэж нүдээ дасгаж сургахгүйгээс болоод хараа нь муудаж байгаа мэт болно. Манай нэг найз шувууны зураг авдаг болоод хожим нь уулзахад миний хараа их сайжирсан байна гээд баярлаад байсан удаа бий. Тэгэхээр аялал жуулчлалын салбарынхан маань энэ мэтээс л эхлээд сурахаар зүйл олон байна даа.

Бид заавал анхаарч бусдад мэдүүлж байх нэг зүйл бол салбарын маань нэр хүнд, түүнийг өсгөх хэрэгтэй. Нэг хэсэг манай салбарын гэрийн үйлчлэгч, тогооч, жолоочоос эхлээд орчуулагч, менежер олон хүн уул уурхай руу орсон. Харин хямралын дараа олон хүн эргэж ирсэн. Бүүр барилгын салбарын нэг томоохон компаний захирал хямралын үед надтай уулзаж танай аялал жуулчлал л хамгийн сайхан салбар юмаа, хямралд ч өртдөггүй, тэгээд ч элдэв стрессгүй, дандаа байгалийн сайханд, дандаа эерэг энергитэй хүмүүстэй ажилладаг гоё салбар юмаа, үүнд яаж орох вэ гээд ирж байсан удаатай.

Үнэхээр манай салбар сайхан салбар. Харин залуучууд маань салбарынхаа нэр хүндийг сайхан авч явах хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд хэн нэгэн мөнгөтэй эрхэм жуулчны бааз, зочид буудал барина гээд гүйж байвал "Аялал жуулчлал бол мэргэжлийн салбар - Түүнийг мэргэжлийн түвшинд төлөвлөж, мэргэжлийн түвшинд удирдаж байж амжилтанд хүрдэг” гэдгийг ойлгуулж анхнаас нь зөв, бусдын хийсний дараа хийж байгаагийн хувьд бусдаас илүү технологи, төлөвлөлтөөр бусдын алдааг давтахгүйгээр хийх хэрэгтэй гэж зөвлөөрэй.

Говийн аялал жуулчлалын ирээдүй 10 жилийн дараа таны харж байгаагаар

Говьд судлагдаагүй, нээгдээгүй олон зүйл байна. Говьд мөнгө, зам харилцаа, бас ирээдүй байна. Өмнөговь төвийн бүсийн аялал жуулчлалын хамгийн том, хүчирхэг сүлжээ болно.

Өмнөговийн Баруун зүүн хилийн боомтууд нь гуравдагч оронд нээлттэй болж Оросоос Монгол, Монголоос Хятадад цаашлаад Монголын говийг бүтнээр нь жинхэнэ утгаар нь харах, Төв Азийн өвөрмөц цөл, Алашань цөлийн тойрогт бүрэн нэвтрэх, Тэнгэр уул- Тяньшаньд, бүүр цаашаа Түвдэд нэвтрэх үүд болно. Өнөөдөр хүмүүс Байгаль далай л хүрч байгаа харин Өмнөговь бол Хятадууд Монголоор дамжиж Орос руу, бас Монголчууд өөрсдөө Орос, Хятад манай салбарт хамгийн сонирхолтой Алс Дорнод, Дагуурын орчинд нэвтрэх, аялах сүлжээний төв болно гэж би мөрөөддөг. Энэ биелнэ л дээ.

Салбарынхандаа та ямар уриалгыг дэвшүүлмээр санагддаг вэ?

"Аяллыг –Амьдрал болгоё”, "Мэдлэг ба чадвараа – Мөнгө болгоё” залуусаа.


 

 

/Өмнөговь аймгийн "Гайхамшигт говь” Аялал жуулчлалын холбооны тэргүүн, "Түм-эко тур” компаний захирал Х. Түмэндэлгэртанд баярлалаа. Ажлын өндөр амжилт ерөөе./


 

Хамтрагч байгууллагууд