ads

ХОГ ХЭД НАСАЛДАГ ВЭ?

Тэр бусдад хаягдаж, адлагддаг ч маш урт насалдаг зүйл. Ихэнх хогнуудын насжилт хэдэн зуу, хэдэн мянган жилээр хэмжигддэг. Энэ ч утгаараа өнөөдөр бидний хаясан хог, байгальд уусч алга болох хүртэл ээ хүмүүс бидний хэдэн үеийг харж чаддаг тийм л урт настангууд юм. Далай лам нь хэлсэн юм уу? дам ярианд даамжирсан юм уу "Уул усандаа хог хаявал гурван үеэрээ гуйлгачин болж, долоон үеэрээ доройтож явна” хэмээсэн цээрлэлт цэцэн үг бий. Орчин үед харин "Хог хаявал хоосрохын шинж” гэж богиносгосон хэлбэрээр хэлэгдэх болжээ.

"Монгол хэмээх зургаан үсэгтэй бурхан нэрээр дэлхийг гоёдог” гэх дууны үгнээс мөр татан жишээлбэл, бидний эх орны уул ус, ургамал, ан амьтан тэгш сайхан бүрдсэн тэнгэр заяатай, азтай ард түмэнтэй болох нь энэ дууны мөртөөр тодорхойдогдож байгаа юм. Энэ үнэн үү гэвэл үнэн. Бид хэзээ ч гараад явсан дураараа аялаж, амарч зугаалах тийм л эрх чөлөөтэй ард түмэн л дээ. Энэ хэрээр сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал, аялагчид эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор хогны асуудал тэндээс урган гарч ирсэн билээ. Дийлэнх аялагч, амрагчид хэрэглэсэн хүнс, хүнсэн бүтээгдэхүүн, хэрэглээнийхээ сав баглаа боодол, уутыг эргүүлэн авчрахгүй үлдээдэгт хамаг учир байгаа юм. Нийт аялагчид, амрагчдыг хамааруулаагүй бөгөөд хогоо эргүүлэн авчирдаг, ойр тойрныхоо хогыг нэмж түүж ирдэг хүмүүс хүртэл олны олонд их бий. Тийм хэдий ч зугаа цэнгэл, зуурдын хөөрөлдөө дийлдсэн зарим хэсэг нөхдийн үйлдлээр "дотоодын аялагчид” амрагчид гэсэн нийтлэг нэрийг сонгон бичихээс өөр үг орж ирэхгүй байна.

Үзэсгэлэнт Монгол орныг минь үзэхээр үй олон гадаадын жуулчид жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Тэр хэрээр эх орны минь үзэсгэлэнт байгалийг тольдон, түүхэн дурсгалт газар оронтой минь танилцаж, соёлын өв, нүүдэлчдийн ахуй амьдралыг сонирхож шинэ ертөнцтэй танилцдаг. Харин зорин очих зам зуур нь золгоод угтах эрээн мяраанаараа алагласан хогнууд л асуудал болоод байна. Эх орныхоо цэлгэр сайхан нутгийг магтаж магтаж хотоос хөдөөг чиглэхэд хэлсэн үгэндээ харамсаж, эх орныхоо өмнөөс ичиж яваа жуулчин тээврийн жолооч, хөтөч тайлбарлагч нарт маань хэцүүхэн байгаа нь илт. Хог гэдэг зүйл тогтвортой хөгжих хөгжлийн тушаа болж байгааг хүн л бүр харж байгаа учраас мэдэж байгаа. Очсон газраа тухтай амарч, буцах цагтаа бүгдийг хамаад ул мөргүй эко аялах, амрах сэтгэл зүрх, үйл хэрэг л бидэнд дутагдаад байгаа юм. "Оюуны зэрэглэлийг үйлдэл тодотгоно” гэж үг бий. Оюуны зэрэглэл гэдэг нь хэр хүмүүжилтэй, зөв үйлдэлтэй хүн гэдгийг тодотгосон хэллэг. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг ч гэж үг бий. Эдгээр зүйрлэл үгс нь цаанаа том ухаарал шингээх утга агуулгатай ч наашаа шууд сэрэмжлүүлэг хэлбэрээр ашиглагддаг.

Гадаадын жуулчидын дам яриа, фото тэмдэглэлд хадгалагдан тив алгасан тээгдэж өөр оронд Монголын талаар далд муу сурталчилгаа явагдсаар байдаг. Ийм л учраас бид эх орноч сэтгэлгээтэй, иргэн хүний ухамсартай байж хогоо эргүүлэн авчирч, хогийн цэгт хүргэж байх нь хүн таны хамгийн зөв үйлсийн нэг билээ. ХОГГҮЙ АЯЛЦГААЯ!!!

Хоггүй байгаль цэвэр, Ховгүй сэтгэл сайхан даа ...

Хамтрагч байгууллагууд