ads

 

ИРСЭН ЖУУЛЧДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУЦААХСАН

 

Монгол Улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэж яриад лав 20 гаруй жил боллоо. Төрийн бодлогын хэмжээнд авч үзнэ хэмээн засаг болгоны Ерөнхий сайд, хариуцсан сайд нь ярьдаг ч үнэндээ энэ салбарын гол ачаа хувийн хэвшлийнхний нуруун дээр өнөөг хүрсэн.

Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалж,  Монголд ирэх жуулчдын дийлэнх хувь нь зуны улиралд ирдэг. Тэр дундаа наадмын үеэр ирж, монголчуудын тэгтлээ сурталчилдаг Монгол наадмыг үзэх сонирхолтой байдаг.

Монголын аялал жуулчлалын холбооны мэдээгээр энэ долдугаар сарын 1-нээс 15-ны хооронд 100 илүү компанийн шугамаар 20 гаруй мянган жуулчин Монголд аялах захиалгаа ирүүлжээ. Мэдээж, энэ 20 гаруй мянган жуулчид бараг бүгд наадмын нээлтийг үзэн нүдээ баясгах сонирхолтой. Энэ салбарын хувийн хэвшлийнхэн ч "Наадам” хэмээх аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг үүсгэн сурталчилгаа борлуулалтаа хийсээр ирсний үрээр энэ оны эхний таван сарын байдлаар Монголд ирэх сонирхлоо илэрхийлсэн жуулчдын тоог өнгөрсөн 2016 онтой харьцуулахад 20 орчим хувиар өссөн. Энэ 20 орчим хувийн өсөлт нь энэ салбарын орлогыг 31 сая ам.доллар буюу 33.7 хувиар өсгөж 92 сая ам.долларт хүргэж байгаа юм. Энэ бол сүүлийн 10 жилд ажиглагдаагүй өсөлт болохыг Монголын Аялал жуулчлалын  холбооны гүйцэтгэх Захирал С.Мэндбаяр хэлж байна.

Гэвч энэ сайн мэдээ асуудал үүсгэж, яг одоо жуулчдаа уриад аваад ирсэн аялал жуулчлалын компаниудын толгойны өвчин болоод байна. Энэ бол наадмын тасалбарын асуудал. Баяр наадмыг зохион байгуулах комиссоос гадаадын жуулчдад зориулан хуваарилсан суудал нь наадам үзэхээр аяллаа баталгаажуулсан жуулчдын дөнгөж  30 хувьд хүрэлцэх ажээ. Энэ нь  гурван секц буюу 1800 суудал, мөн нэмэлтээр 700, нийт 2500 суудал юм. Нэгэнт уриад аваад ирсэн жуулчдынхаа ядаж тал хувийнх нь зорилгыг биелүүлэхийн тулд Монголын Аялал жуулчлалын холбооноос наадмын нээлтийн тасалбарыг 3700 болгон нэмэгдүүлэх хүсэлтийг Баяр наадмыг тэмдэглэх комисст гурав хоногийн өмнө хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар хариу аваагүй байгаа юм байна. 3700 суудал гэдэг бол наадмаар наадам үзэх сонирхолтой жуулчдын 50 хувь юм.

Хэдийгээр компаниудад 2500 суудал хуваарилсан гэж байгаа боловч хуваарилалтыг хэрхэн хийж байгаа, ямар компанид хуваарилж байгаа зэрэг нь ил тод байхгүй байгаа нь бас тусдаа асуудал болоод байгааг аялал жуулчлалын компанийнхан хэлж байна.

Аялал жуулчлалын салбарынхан жил бүр наадмын тасалбарын асуудалтай тулгардаг учраас ирсэн жуулчдаа аль болох хөдөө орон нутаг руу явуулах зохицуулалтыг хийхийг хичээж иржээ. Өнгөрсөн 2016 оны хувьд Монгол улсад АСЕМ зохион байгуулагдсантай холбоотойгоор жуулчдаа хөдөө орон нутаг руу явуулахыг шаардаж байжээ. Харин энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарч орон нутгийн баяр наадмуудын тогтсон хуваарьт өөрчлөлт орсон нь ирсэн жуулчдаа хөдөө рүү шингээхээр эртнээс зохицуулсан аялал жуулчлалын компаниудын хувьд олон хүндрэлийг авчирч байгаа юм. Урьсан зочноо урамгүй буцаасаар байх юм бол аялал жуулчлалын салбар яаж хөгжих юм бэ?

Хамтрагч байгууллагууд