СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХБНГУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “СМТ ШТУТТГАРТ” ОУАЖ ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ ОРОН “ТҮНШ ОРОН”-ООР ОРОЛЦОВ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-д ажиллаж, олон улсын аялал жуулчлалын “СМТ” үзэсгэлэнгийн нээлтийн  ажиллагаанд оролцов
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-ын Баден-Вюрттемберг муж улсын нийслэл Штуттгарт хотноо зохион байгуулагддаг олон улсын аялал жуулчлалын “СМТ” үзэсгэлэнд Монгол Улс “Түнш орон”-оор оролцож буйтай холбогдуулан 2023 оны 1 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд тус муж улсад ажиллав.
Сайд Б.Бат-Эрдэнэ 1 дүгээр сарын 13-нд тус муж улсын Эдийн засаг, хөдөлмөр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Рапп, Штуттгарт хотын Эдийн засаг, санхүү, олон улсын арга хэмжээ хариуцсан Засаг дарга Т.Фуурман, Штуттгарт бүс нутгийн аялал жуулчлалын маркетингийн ТӨХК-ийн ерөнхий захирал А.Делнитц, тус муж улс дахь дотоодын аялал жуулчлалын маркетингийн компанийн ерөнхий захирал А.Браун зэрэг албаны хүмүүстэй уулзаж, жуулчдад үйлчлэх "i-Punkt" төвийн үйл ажиллагаатай танилцав. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, цахимжуулах зэрэг асуудлаар талууд санал солилцон хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Уулзалтад Элчин сайд Б.Мандахбилэг, БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр нар оролцов.
Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалтын газруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал Баден-Вюрттемберг муж улсын “Шварцвальд” байгалийн цогцолборт газар, “Хустай” цогцолборт газрын хамтын ажиллагааг эхлүүлэх саналыг Сайд Б.Бат-Эрдэнэ германы талд дэвшүүлэв.
Олон улсын аялал жуулчлалын “СМТ” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа нэгдүгээр сарын 14-нд болж, “Түнш орон” Монгол Улсын албан ёсны төлөөлөгч БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хүрээнд нийт 34, түүний дотор Европын 32 орны иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн, агаарын тээврийн либеральчлал, аялал жуулчлалын цахим шилжилт эхлүүлснийг тэрээр сонордуулав.
Нээлтийн арга хэмжээний үеэр Сайд Б.Бат-Эрдэнэ Баден-Вюрттемберг муж улсын Эдийн засаг, хөдөлмөр, аялал жуулчлалын сайд Н.Хоффмайстер-Краут, Штуттгарт хотын Засаг дарга Ф.Ноппер нартай уулзан, аялал жуулчлал, агаарын тээвэр, хөрөнгө оруулалт, хотуудын шууд харилцаа, тусгай хамгаалалттай газруудын хамтын ажиллагааны талаар ярилцав. Сайд Б.Бат-Эрдэнэ германы талын хүндэт зочдыг Монголд тавтай морилохыг урьж, олон улсын яармагийг амжилттай зохион байгуулж буй “Messe Stuttgart” консорциумын ерөнхийлөгч, Монгол Улсын Өргөмжит консул Р.Блайнрот-д баяр хүргэн, амжилт хүсэв.
Монголын павильонд болсон “Get-together” арга хэмжээний үеэр Сайд Б.Бат-Эрдэнэ эх орноо амжилттай сурталчилж буй Фрайбург хот дахь “Монголын соёлын төв”-ийн тэргүүн, Соёлын элч С.Бадамхорол, үндэсний урлагийн “Хөх монгол” хамтлаг, Герман дахь “Хүчтэн” дэвжээний бөхчүүд, "Хийморь" шагайн харвааны холбооны харваачид, тус үзэсгэлэнд оролцож буй аялал жуулчлалын 5 компанийн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 1 дүгээр сарын 15-нд Баден-Вюрттемберг муж улсын “Шварцвальд” байгалийн цогцолборт газарт хүрэлцэн очиж туршлага судлав.
Штуттгарт хотод 52 дахь удаагаа болж буй олон улсын аялал жуулчлалын “СМТ” үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй улсаас 1621 компани, байгууллагууд оролцож байгаа нь түүхэн дээд амжилт болж байна. Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнг нийт 300 мянга гаруй аялагчид үзэж сонирхох юм. Энэхүү үзэсгэлэнгийн багцад хамаарах дараагийн олон улсын “Reisen” үзэсгэлэн Хамбург хотод 2 дугаар сарын 8-12-нд болох ба түүнд манай улс мөн “Түнш орон”-оор оролцоно.
Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ