ITM 2017 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн

ITM 2017 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн

“АЙ ТИ ЭМ-2017” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЙЛАН МЭДЭЭ

 

Монголын Аялал Жуулчлалын Холбоо 2017 оны 3 дугаар сарын 31-ээс 4-р сарын 2-ны өдрүүдэд “Ай Ти Эм-2017 буюу “International Travel Mart-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 18 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазууд өөрийн аймгийн аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлалтай болоод байна. Үзэсгэлэнд 21 аймаг  нэгдсэн зохион байгуулалттайгаар, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, музей зэрэг 250 аж ахуйн нэгж, байгууллага, ОХУ, БНХАУ-ын 10 гаруй байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцов. Мөн үзэсгэлэнд Монгол улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК, Хүннү Эйр болон Туркиш Эйрлайнс авиа компаниуд оролцсон.

           Үзэсгэлэн 3-н өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр нийтэд хаалттай болж зөвхөн оролцогчид болон урилга, мандаттай мэргэжлийнхэн, хэвлэл мэдээллийн ажилтнууд нийлсэн 1000 гаруй, сүүлийн 2 өдөр нийтэд нээлттэй болж давхардсан тоогоор 8000 гаруй хүн үзэж сонирхсон байна.

ITM-2017 Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, МАЖХолбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, үзэсгэлэнгийн албан ёсны түнш Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар хүндэтгэлийн тууз хайчилснаар үзэсгэлэнгийн үйл ажиллагаа албан ёсоор 2017 оны 3 дугаарын 31-ны 11.00 цагт эхэлсэн.

Хүндэт зочдоор Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, БНСУ-ын элчин сайд У Сун, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Иван Игнатов, Япон улсын элчин сайдын зөвлөх Кикүчи Менорү, АНУ-ын элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд болон МАЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, холбооны зүтгэлтэнүүд оролцлоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд урилгаар ирсэн хүндэт зочид нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхохоос гадна ардын урлагийн тоглолт сонирхож, үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан, халуун яриа өрнүүллээ.

Эхний болон хоёр дахь өдрийн арга хэмжээний нээлтийг түнш Ховд аймгийн Жангар хамтлагийн урлагийн тоглолтоор эхлүүлж, 60 гаруй уран бүтээлчид оролцсон томоохон арга хэмжээ болсон юм.

Мөн оролцогч байгууллага болон үзэсгэлэнд талбай авч орж чадаагүй байгууллагын танилцуулгыг дэлгэцээр үзүүлж, олон нийтэд хүргэлээ.

Энэ жилийн хурлын танхимд болсон арга хэмжээг уулзалт хэлэлцүүлэг, шинэ бүтээгдэхүүний танилцуулга хэлбрээр явуулсан бөгөөд дараах сэдвээр явагдсан юм. Үүнд:

-        Гааль ба аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагаа

-        Хил орчмийн аймаг орон нутгийн аялал жуулчлалын мэргэжилтэн, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн дунд “Хил орчмын аялал жуулчлал”

-        ОУ-ын стандартад нийцсэн даатгалын үйлчилгээг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх нь

-        Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн англи хэлний мэдлэг, ур чадварын бенчмаркинг тогтоох боломж

-        Жуулчны баазын үйлчилгээний менежмент

-        Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд ОУ-ын гэрээ хэлцэл хийх зөвлөмж сэдэвт хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулсанаас гадна,

-        Бүс нутгийн брэнд хөгжүүлэх боломж

-        Гайхамшигт говийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга

-        Монголын нүүдэлчдийн нэг өдөр

-        Баянхонгор аялал жуулчлалын шинэ зах зээл

-        Хээрийн аяллын тогооч нарыг бэлтгэх гэх мэт сэдвүүдээр танилцуулгуудыг тавьлаа.

Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр “Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж”-ийн үйл ажиллагаа явагдаж тус арга хэмжээнд 34 байгууллагын 11 төрлийн 271 ажлын байранд ажилтан авахаар зарлаж, аялал жуулчлалын чиглэлээр ажил хайгч 400 гаруй хүн хүрэлцэн, ажлын байрны талаар ярилцлага зохион байгуулав.

Үзэсгэлэнд зориулсан хүлээн авалт Мираж ресторанд болж уг хүлээн авалтанд үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд, бие төлөөлөгч нар,  БОАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын орлогч Ц.Энхтүвшин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын төлөөлөл, гадны орноос оролцогч зочид зэрэг аялал жуулчлалын салбарт хамтран ажилладаг бүх газрын төлөөлөл нийт 300 хүнийг урьж оролцууллаа.

 Хүлээн авалтын үеэр үзэсгэлэнгийн шилдэг оролцогчийг шалгаруулж, 2017 оны үзэсгэлэнгийн шилдэг оролцогч байгууллагаар Нью Жуулчин ХХК-ны стенд шалгарлаа. Өвөрмөц тохижилттой оролцогч байгууллагаар Өмнөговь аймгийн аялал жуулчлалын холбоо, санаачлагатай оролцогч байгууллагаар Номадс Хоспиталити ХХК-иуд тус тус шалгарсан болно.

Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудыг нэгтгэсэн Гала хүлээн авалтын үеэр МАЖХ-ны дээд одон болох АЛТАН ЛУУЖИН одонг салбартаа тууштай, он удаан жил ажилласан Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид аялал жуулчлал холбоо”-ны тэргүүн Ш.Батсугар, Натур тур компаний захирал Э.Туул нарт гардуулсан.

Энэ жилийн үзэсгэлэнгийн түншээр Ховд аймаг амжилттай ажиллаж, аймаг орон нутгаа сурталчлан оролцсон бол 2018 оны түнш аймгаар Завхан аймаг сонгогдлоо. 2018 оны түнш аймгийн шилжин явах тугийг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханд гардууллаа.